Гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт вольфрам буюу гянтболдын үнэ 32 хувиар өсөж, түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Хятадын экспортын хязгаарлалт болон олон улс дахь зэр зэвсгийн эрэлт нэмэгдэж буй нь үнийг огцом нэмэгдэхэд нөлөөлж байна.
2025 оны сүүлээр Хятадын зарим түүхий эдийн экспорт тэг болж буурч, олборлолтын квотыг хязгаарласан. АНУ-тай худалдааны маргааны улмаас Бээжин өнгөрсөн жилийн хоёрдугаар сард гянтболдын зарим бүтээгдэхүүнийг экспортын хяналтын жагсаалтад нэмсэн. Тэгвэл саяхан АНУ нь 12 тэрбум ам.долларын чухал ашигт малтмалын нөөц бүрдүүлж, үүнд гянтболд тэргүүлж буй аж. Гэсэн хэдий ч Хятадаас бусад оронд энэ төрлийн металлын шинэ уурхайнууд 5-8 жилийн дараа нээгдэх төлөвтэй. 2028 он хүртэл нийлүүлэлтийн хомсдол 17 хувиар эрэлтийг давна гэж BMO таамаглаж байна.
“XXI зууны дайнд асар их металл ашигладгийг Ойрх Дорнодын мөргөлдөөн тод харууллаа” гэж BMO-ийн шинжээчид онцолжээ.
2025 оны эхнээс хойш өнөөг хүртэл гянтболдын үнэ 557 хувиар өсжээ. Гянтболд нь зэвсэг, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гол металлын нэг. Хятад гянтболдын хамгийн том нөөцтэй улс бөгөөд АНУ-ын Геологийн албаны мэдээллээр дэлхийн нийт үйлдвэрлэлийн 79 хувийг эзэлж байна.





















