- Шатахууны үнэ өсөх, үнэ шинэчлэх нөхцөл байдал бодитой үүссэн -
Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цаг үеийн асуудлуудын талаар Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл (2026.03.24) хийлээ.
Тэрээр "Энэ зөрчил мөргөлдөөний байдалд Монгол Улсад учирч болзошгүй эрсдэлийг сөрөх хариу арга хэмжээний талаар танилцуулъя. Олон улсын эдийн засагт гарч буй гол өөрчлөлтүүд, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал болон Үндэсний сөрөн тэсвэрлэх арга хэмжээний хүрээнд ямар арга хэмжээ авах вэ гэсэн мэдээллүүдийг хүргэнэ.
Дэлхийн эдийн засаг нь далай далайн эргийн бүс нутаг дээр тогтож буй. Дэлхийн хүн амын 80 хувь далайн эргээс 100км-ийн хүрээнд амьдарч байна. Дэлхийн эдийн засгийн аж үйлдвэрлэл далайн эргээс 100км-ийн хүрээнд явагдаж байна. Дэлхийн худалдааны 80 гаруй хувь далайгаар дамжиж байна. Европт үүссэн нөхцөл байдал буюу Орос, Украйны мөргөлдөөн. Тэгвэл өнөөдөр Гибралтар, Суэцийн суваг, Улаан тэнгис, Персийн булан гээд энэ бүс нутагт буюу Ойрх Дорнодод өрнөөд байгаа мөргөлдөөнт үйл явдал болж байна. Мөн Малаккийн, Зондын, Тайванийн хоолой дагасан дэлхийн эдийн засаг, худалдааны маш томоохон энэ бүсэд бас хямрал, зөрчилдөөнт нөхцөл байдлууд хурцдаж байна.
Олон улсын эдийн засагт юу болж байна вэ? Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг шатахуун, хийн танкеруудын хөдөлгөөн үндсэндээ зогссон. Ингэснээр дэлхийн нийлүүлэлтийн маш том хомсдол үүсэж байгаа. Мөргөлдөөний өмнө 60 ам.доллар үнэтэй байсан газрын тосны үнэ өнөөдөр 112 ам.доллар хүрсэн. Байгалийн хийн үнэ 2 дахин өсөөд байна. Дэлхийн эдийн засгийн хэмжээнд томоохон доргилтыг үүсгэж эхэллээ.
Ойрх Дорнодтой холбоотой асуудлуудыг бид гуравдугаар сарын 1-нээс хойш анхааралтай ажиглаж байна. Дэлхийн эдийн засаг дахь нөлөөлөл, үүнээс үүсэх үр дагавар Монгол Улсад хэрхэн нөлөөлөх вэ гэдэг судалгаануудыг тасралтгүй хийж байна. Санаа зовсон гол асуудал бол энэ эрчим хүчний дэд бүтцүүдэд харилцан цохилт хийж байгаа байдал юм. Эдгээр үйл явдал улам идэвхжиж, эрчимжээд эхэллээ. Энэ нь дэлхийн түүхэнд нефтийн зах зээлд анх удаа хамгийн том нийлүүлэлтийн шок үүсэж байна. Үнийн өсөлт, уналт биш нийлүүлэлт дутагдаж эхэлж байна. Боловсруулах үйлдвэрүүд гэмтэл авсан. Дахин сэргэхэд 4- 5 жилийн хугацаа шаардах. Дэлхийн зах зээлд шатахууны бодит гачигдал үүсэж эхэлж байна. Энэ бол бидний одоо онцгой анхаарах зүйл.
Өнөөдөр энх тайван тогтлоо гэж үзэхэд зах зээл тогтворжиж, нийлүүлэлт жигдрэхэд багадаа 4 сар. Дунд хугацаандаа шатахуунтай холбоотой эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өндөр байх нь тодорхой болж байна. Хэрэв мөргөлдөөн улам гүнзгийрэх юм бол шатахуунтай холбоотой эдийн засагт үзүүлэх нөлөөлөл 2026 оны туршид үргэлжилж болзошгүй. Энэ тохиолдолд Монгол Улсын эдийн засагт, төсөв санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц эрсдэл учрах төлөв үүсэж байна гэж бид үзэж байна. Иймд энэ нөлөөллийг бууруулах, үндэснийхээ эдийн засгийг болон зах зээлээ хамгаалах бодлогыг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Маргааш (2026.03.25) Засгийн газрын хуралдаан дээр холбогдох хууль эрх зүй болон бодлогын арга хэмжээний саналыг оруулахаар бэлтгэж байна.
Монгол Улсын эдийн засаг, худалдааны гол хувийг өмнөд хөрш эзэлдэг. Тэгэхээр БНХАУ-ын эдийн засаг дахь бүс нутгийн нөлөөг бид тогтмол судалж байна. Шатахуун бол суурь үнэ өсөх, үнийн дарамт нэмэгдэх, инфляцад нөлөөлөх зэрэг ерөнхий төлөвүүд үүсээд эхэллээ. БНХАУ нь газрын тосны импортын 48 хувийг, метанолын 70 хувийг Ойрх Дорнодын бүсээс авч байгаа. Метанол бол барилгын материал, хуванцар материалын гол түүхий эд тул манай улсад онцгой хамааралтай. Манай улсын барилгын материалын томоохон орцуудыг урд хөршөөс нийлүүлж байна. Хятадын байгалийн хийн импортын 18 хувь, нефть коксын импортын 23 хувь, хуванцрын (гялгар уут, цахилгаан, кабель, дамжуулах хоолой, усны хоолой г.м) импортын 30 хувь Ойрх Дорнодын бүс нутгаас хамаарч байгаа. Бидний онцгой анхаарах зүйл бол бордоо юм. Бордооны гол түүхий эд хүхрийн импортын 45 хувийг мөн л энэ бүс нутгаас авч байна. Ийм гол үзүүлэлтүүдийн хамаарлаас үнийн өсөлт манай улсад импортоор дамжин дотоодын хэрэглээ, инфляцад нөлөөлөх хүчин зүйлийг судалж байна.
Шатахууны үнийн тухайд, үндсэндээ манай гол нийлүүлэгч ОХУ-ын шатахууны үнэ тогтвортой байна. Хэдийгээр дайн, мөргөлдөөний нөхцөл байдалд байгаа ч тус улсын дотоодын үйлдвэрлэл тогтвортой, дэлхийн зах зээлд нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлсэн. Монгол Улсад нийлүүлэлт дээр ямар нэгэн хүндрэл гарахгүй. Яагаад гэвэл манай хилийн бүсэд хамгийн ойр Нефть боловсруулах томоохон үйлдвэрүүд бий. Тэдгээрээс тасралтгүй шатахууны хангалтыг тогтвортой хийнэ. ОХУ-та шатахуун дээр 2 гэрээ хийгээд явдаг. Нэг нь, хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 шатахуун дээр тогтворжуулалтын үнэ авч байгаа. Дизель түлш дээр Сингапурын биржийн үнийг харж авдаг. Гуравдугаар сарын байдлаар Сингапурын бирж дээр үнэ өндөр өсөлттэй байна. Энэ яах вэ гэвэл шатахууны үнэ өсөх, үнийг шинэчлэх нөхцөл байдал үүсэж явж байна. Гэхдээ үнийн өсөлт 3 сар тогтвортой байсан үед 2 тал гэрээнд өөрчлөлт оруулдаг. Тэгэхээр долоодугаар сарын 1 гэхэд хэрэв үнэ өндөр байвал хоёр тал гэрээн дээр үнийн асуудлаар хэлцэлд орно. Бидний гол анхаарах нь дизель түлшний үнэ юм. Дизель түлш дээр тогтворжуулалтын гэрээ хийгээгүй.
Газрын тосны үнэ 110 ам.доллар хүрэхэд манай хил үнэ 12.7 хувь өсөх, энэ нь шатахуунаар дамжаад 0.7 хувийн инфляцын нөлөө үзүүлнэ гэсэн тооцоо гарч байна. Шатахууны үнэ 20 хувиар өсөх нөхцөлд манай эдийн засагт 1 хувийн инфляцын нөлөө өснө. Манай эдийн засагт буй томоохон эрсдэл энэ байна. Тэгэхээр аль болох үнийн өсөлт, инфляцтай холбоотой иргэдийн орлогыг хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, аюулгүй стратегийн нөөцийг бэлэн байдлыг дээшлүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Инфляцтай холбоотой хувилбаруудыг тооцож байна.
• Шатахууны суурь үнэ 110 ам.доллароос нэмэгдэж өссөн нөхцөлд манай эдийн засагт 13.8 хувийн инфляцын нөлөөлөл орж ирнэ.
• Шатахууны үнэ 130 ам.доллар болсон үед манай инфляц 17.1 хувь болно.
Үүн дээр одоо УИХ зохицуулалтын томоохон арга хэмжээ, Засгийн газар бодлогын арга хэмжээнүүд авах зайлшгүй шаардлага үүсэж байгаа юм. Энэ бол бид нарын хамгийн том эрсдэл.
Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцэл дээр бид нар валютын зардал нэмэгдэнэ. Хэрэв Хятад, Оросын дотоодын зах зээлд шатахуунтай холбоотой үнийн өсөлт нь манай импортоор дамжиж нөлөөлөл орж ирэх эрсдэлүүд бодитой бий болж байгаа.
2026 он гараад Засгийн газар шатахууны нөөцийг бүрдүүлэх арга хэмжээг авсан. Нэгдүгээр сард 27,000 тонн нөөцтэй байсан бол өнөөдөр 87,000 тонн, дизель 79,000 тонн байсан бол 111,000 тонн үндсэн нөөц байна. Харьцангуй аюулгүйн нөөцийг бэлдэж чадсан. Гэхдээ шатахууны үнэ нэг дахин өсчихсөн байдаг.
Одоогоор манай эдийн засгийн өсөлт 6.8 хувь, гадаад валютын албан нөөц 7 тэрбум ам.доллар, эхний улиралд нүүрс, уул уурхайн бусад түүхий эдийн экспорт маш сайн байгаа. Хямралтай холбоотой Монгол Улсын олон улсын зах зээлд гаргасан бондуудын өгөөж өсөж байгаа нь сайн зүйл биш. Өнөөгийн хямралтай холбоотой үнийн өсөлт тодорхой хугацаанд дараа нөлөөлж эхэлнэ. Бид эрсдэлийг дандаа муу хувилбар дээр тооцно.
Засгийн газар зохион байгуулалтын ажлуудыг хийгээд явж байна. Нэгд, стратегийн нөөц. Барааны ямар нэгэн нийлүүлэлтийн доголдол гаргахгүй байх. Бараа хүрэлцээтэй байх нь одоо гол зүйл. Үүнд шатахууны нөөцийг өндөр түвшинд барих, шатахууны үнийн өсөлтийг хэлбэлзэлгүйгээр үе шаттайгаар хийх шаардлагатай. Хүнсээ хангах дээр онцгой анхаарна. Хаврын тариалалтын үр бордоо, техникийн бэлэн байдал, шаардлагатай дэмжлэг санхүүжилтийн асуудалд онцгой анхаарна. Эмийн нөөцийг зохих түвшинд бүрдүүлнэ. Хөдөө аж ахуйн гол экспорт мах тул мал аж ахуйн вакцин үйлдвэрлэл, малын вакцинжуулалт, экспортын чиглэлд бодлогын арга хэмжээ авна. Бордоо, тэсрэх бодисын нөөцөө бүрдүүлнэ. Экспортод учирч байгаа аливаа саад тотгорыг арилгах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Далайн бүс тойрсон худалдааны хориг, тариф, олон хязгаарлалтын эрсдэлтэй байдал нэмэгдэж буй энэ цаг үед Евроазийн зах зээлтэй хийсэн манай улсын гэрээ бидний давуу тал болно. Монгол Улс 367 нэр төрлийн, дийлэнх нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг 180 сая хүнтэй энэ зах зээл гаргах гэрээ байгуулсан. Үүний бэлтгэл ажлыг онцгой анхаарч, бүх яамд чиглэлээрээ ажиллана. Хорио цээр, мал эмнэлэг, ургамал хамгаалал, стандарт хэмжил зүй, лабораторийн харилцан зөвшөөрөл гээд 40 гаруй олон талт техникийн зохицуулалт хийж байж явдаг ажил.
Агаарын тээврийн шинэ коридоруудыг нээнэ. Агаарын орон зайгаа бид нар улам сайжруулж жуулчин хүлээн авах бэлтгэлээ сайн хийж энэ бололцоог бүрэн ашиглах ёстой. Одоо олон улсад агаарын компаниуд хамгийн мэдрэг байна. Дэлхийн 30 сая жуулчинтай очдог Ойрх Дорнодын бүс нутаг дахь мөргөлдөөнтэй холбоотой агаарын тээврийн компаниуд нислэгээ хумьсан. Зардлууд эрс өссөн, шатахууны үнэ өндөр болсон. Үүнтэй холбоотой хувьцаануудын ханш унаж байна. Тэр эрсдэлтэй бүсэд очихоо зогсоож буй 30 сая жуулчин дээр Монгол Улс аялал жуулчлалын бодлогоо эрчимжүүлж, бэлтгэл ажлаа базааж чадвал аялал жуулчлалд томоохон өсөлт гарах нөхцөл байдал үүсэх магадлал бас бий болж байна.
Монгол Улсын транзит дамжин өнгөрөх давуу тал болно, ач холбогдол нь нэмэгдэнэ. Ялангуяа хоёр хөршийг, Европ Азийг холбох манай эрчим хүчний, төмөр замын, хийн хоолой зэрэг олон ажил урагшлах таатай нөхцөл бүрдэх боломж өндөр байна.
Цагаандэл боомтыг яаралтай нээж, тус боомтыг чиглэсэн Концессын замын ажлыг түргэтгэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь манай эрчим хүчний нүүрсний экспортыг гаргах том төв болох бодлого байна. Гадаад дахь эрчим хүчний хямралтай холбоотойгоор нүүрсний зах зээлд таатай нөхцөл байдал үүсэж байгаа тул энэ боломжид дээд зэргээр дайчлах хэрэгтэй.
Төв коридоруудыг чиглэсэн дэд бүтцийг онцгой чухал гэж үзэж дамжин өнгөрөх транзит тээвэр, худалдааны идэвхжүүлэлт, дэд бүтцүүддээ анхаарч хөрөнгө оруулалтуудыг чиглүүлнэ.
Өнөөдөр Монгол Улсын хөгжил бол 1990-ээд оноос өмнө суурилагдсан аж үйлдвэрлэл, эрчим хүчний, дэд бүтцийнх юм. Сүүлийн 35 жил хийсэн хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүх чадавхаа 2025 онд үндсэндээ бид бүрэн ашиглаад дуусчихлаа. 2025 онд Монголын түүхэнд хамгийн их буюу төмөр зам 48 сая тонн ачаа эргэлт хийсэн. “Эрдэнэт” үйлдвэр түүхэндээ хамгийн их олборлолт, боловсруулалт, экспорт хийлээ. Нүүрсний салбар түүхэндээ хамгийн өндөр 95 сая тонн олборлож, 90 сая тонныг экспортоллоо. Ажиллах хүчний оролцоо 63 хувь хүрч 1990 оноос хойших өндөр ажиллах хүчнээр дотооддоо ажилласан. Нэг хүнд ноогдох орлого ДНБ 7200 ам.долларт хүрсэн. Монгол Улс 90 их наядын эдийн засагтай болж дэлхийн дундаж хөгжилтэй орон боллоо.
Алт цэвэршүүлэх, зэс хайлах, ган боловсруулах үйлдвэрийн энэ том төслүүдээ идэвхжүүлэх бодлогын зохион байгуулалттай арга хэмжээнүүд авна.
Ураны хайгуул, олборлолтын ажлууд манай улсад эхэлж байна. Үүнийг улам өргөтгөх нь том хөрөнгө оруулалт татах таатай цаг үе юм.
Манай зүүн бүсэд газрын тосны маргаан үүсэж хөрөнгө оруулалт саарчихсан байгаа. Үүнийг яаралтай шийдэж зүүн бүс дэх газрын тосны хөрөнгө оруулалт, олборлолтыг нэмэх боломж үүсэж байна. Газрын тос нийлүүлэлт хүндэрч байгаа энэ үед бид бэлэн газрын тосоо ашиглаж чадахгүй татварын маргаан үүсгэчихсэн ийм хариуцлагагүй байж болохгүй.
Далайн тээвэрт гарсан эрсдэлтэй холбоотойгоор хуурай газраар хий дамжуулах хоолойн ач холбогдол өндөр болж байна. Монгол Улсын газар нутгаар дамжин өнгөрөхөөр яригдаж байгаа хийн хоолойн төсөл бол 8.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай. 2031 он гэхэд ашиглалтад орох, 30 жилийн хугацаанд тогтвортой ажиллах том төсөл нааштай хөдөлгөөнд орж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил ид өрнөж байна. Бүтээн байгуулалтын явц 37.4 хувтай байна. Энэтхэгийн Засгийн газрын санхүүжилттэй төсөл. Тус улсын далайн чанадад хөрөнгө оруулж буй хамгийн том төсөл нь энэ. Монгол Улс одоо шатахууны бие даасан байдлаа хангахгүй бол манай хамгийн эмзэг цэг бол шатахуун юм. Иймд дотооддоо Газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай барьж байгуулах нь манай Засгийн газрын тэргүүлэх зорилт. УИХ-д маргааш танилцуулж тусгай хууль оруулна.
Одоо олон улсын нөхцөл байдлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хямралаар төсөв санхүүгийн эрсдэлтэй байдал үүсэж болзошгүй энэ үед бид энэ хуулийн төслөө өргөн барьж хэлэлцүүлнэ. Гол нь төсвийн зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийнэ. Төсвийн захирагч хоорондын мөнгийг ашиглана. Зарим урсгал зардлыг хязгаарлаж яаралтай дэмжих салбарууд руугаа оруулна гэсэн үг" гэв.





















