Орон нутгийн гэрээ байгуулахад эрх бүхий албан тушаалтнуудын оролцоо өндөр байна

- АМГТГ-ын гэрээнээс 225, орон нутгаас ирүүлсэн гэрээнээс 474 нь цахим санд байршаагүй -

НҮБХХ-ийн Интегра санаачилгын “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Орон нутгийн гэрээний ил тод байдлын гэрээний ил тод байдлыг сайжруулах нь”  хэлэлцүүлэг (2026.03.27) боллоо. Энэхүү арга хэмжээгээр захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн хооронд байгуулсан орон нутгийн гэрээнүүдэд хийсэн дүн шинжилгээний үр дүн, мөн Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон нутгийн захиргааны байгууллагын хооронд  байгуулах “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-ийн шинэчилсэн загварын төслийг тус тус танилцуулав. Тус ажлыг “Монгол Канадын гүүр” ТББ-ын зөвлөх баг, шинжээчид хамтран гүйцэтгэжээ.

Арга хэмжээнд ЗГХЭГ, АҮЭБЯ, ХЗДХЯ, Сангийн яам,БОУАӨЯ, ХББОСЯ, АМГТГ, ТЕГ, ГЗБГЗЗЕГ, МҮХАҮТ, МУУҮА, ОҮИТБС-ын Ажлын алба, Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдөөс  гадна орон нутгаас Төв, Дундговь, Дорноговь, Булган, Баянхонгор, Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, ИТХ-ын төлөөлөл, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нийт 50 төлөөлөгч оролцлоо. 

Авлигатай тэмцэх газраас “Орон нутгийн гэрээний ил тод байдлыг хангах, хариуцлагыг сайжруулах нь” төслийг НҮБХХ –ийн Интегра санаачилгын “Эрдэс баялгийн салбарт шударга байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд (2025.08.01) хэрэгжүүлж, энэ оны гуравдугаар сараас үргэлжлүүлж байна. Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээнүүдийн агуулгад иж бүрэн дүн шинжилгээ хийхэд www.iltofdgeree.mn цахим санд байршсан гэрээнүүдээс гадна 2020-2025 онд байгуулсан гэрээнүүд, гэрээний биелэлтийн тухайн жилийн тайлангуудыг “Монгол Канадын гүүр” ТББ-ын хүсэлтийн дагуу АМГТГ, бүх аймаг, сумын Засаг дарга нар, ИТХ-ын дарга нарт 2021-2025 онд байгуулсан гэрээ, тайлан хүлээж авсан актыг тухай албан бичиг хүргүүлж, АМГТГ-аас 2022-2024 онд байгуулсан 242 гэрээ, акт, 16 аймгийн 71 сумаас 2027-2025 онд байгуулагдсан 575 гэрээг авч зөвлөх багт хүргүүлжээ. 

АМГТГ-аас хүлээн авсан 242 гэрээ (2022 оны 111, 2023 оны 103, 2024 оны 28) болон гэрээ дүгнэсэн акт, орон нутгаас ирүүлсэн 575 нийт 817 гэрээг  ангилж,  www.iltofdgeree.mn цахим санд байршсан гэрээнүүдтэй тулган, цахим санд байршаагүй гэрээг нөхөн оруулахаар болсон байна. Тухайлбал АМГТГ-аас ирүүлсэн гэрээнээс 225, орон нутгаас ирүүлсэн гэрээнээс 474 нь цахим санд байршаагүй аж.  

Төв, Дундговь, Сэлэнгэ аймаг хамгийн их гэрээ байгуулсан буюу нийт гэрээний 45.9 хувийг эзэлж байна. 

Гэрээнүүдийн нийтлэг алдаа, дутагдлыг судалгаагаар шинжилжээ. Тухайлбал, гэрээний нэрийн хувьд харилцан адилгүй. Дийлэнх нь (106 гэрээ) “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, тухай нийгмийн хариуцлагын гэрээ” гэсэн нэртэй байна. Нэг гэрээг нэг аймгийн 2 сумтай байгуулсан, нэг гэрээг 2 өөр компанитай байгуулсан тохиолдол байна. Түүнчлэн, нийт 242 гэрээний 107-г ямар нэгэн албан тушаалтан батлаагүй  зэрэг Гэрээний нэр, бүтэц, хэлбэр, эрх зүйн шинж чанар маш их ялгаатай. Нэгдсэн стандартгүй. Гэрээ болон баримт бичгийг хольж ашиглах, нэг гэрээг өөр өөр гэрээг дүгнэсэн актаар орлуулах зэрэг эмх замбараагүй байдалтай байна.  

Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Гэрээний загвар”-ы дагуу гэрээг нийслэл, аймаг, сум, дүүргийн засаг дарга нар байгуулах ёстой хэдий ч бодит байдал дээр эрх бүхий албан тушаалтнуудын оролцоо өндөр байгааг судалгаагаар дүгнэжээ. 

Нийт 242 гэрээний 43.8 хувийг Гэрээний загварт нэрлэгдээгүй албан тушаалтнууд байгуулсан байна. Мөн 107 гэрээг батлаагүй, харин батлагдсан 135 гэрээг байгуулсан Засаг дарга гэрээг өөрөө баталсан нь  хөндлөнгийн хяналтгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх өндөр эрсдэлтэйг дүгнэлтэд дурджээ. 

Тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ОНХС-д хэдий хэмжээний хөрөнгийг ямар зориулалтаар төвлөрүүлснийг 180 актаас зөвхөн 15-д бүдэг бадаг дурдсан, ажлын байрны хэдэн хувьд орон нутгийн иргэдийг ажиллуулсан талаарх мэдээлэл огт тодорхойгүй, зөвхөн “хуурай тоо” бичсэн нь ажлын байр нэмэгдүүлэх зорилтын бодит нөлөөг үнэлэх боломжгүй байна. 

Эдгээр нь цухас дурдсан нийтлэг дүн шинжилгээнүүд юм.

Нэгтгэн дүгнэлтээр, хэлбэрийн хувьд гэрээний загварыг тодорхой хэмжээгээр дагаж буй ч эрх зүйн үндэс, мэдээллийн ил тод байдал, тайлагнал, хяналт шинжилгээ, хариуцлагын тогтолцоо системийн түвшинд сул, эмх цэгцгүй байна. Үүний үр дагаварт авлига, ашиг сонирхлын зөрчил гарах, байгалийн нөөцөөс бий болох өгөөжийг шударга бус, үр ашиггүй хуваарилах эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сангийн ашиглалтыг албажуулах, зөрчилд хариуцлага тооцох, хэрэгжилтийг хянах тогтолцоог бэхжүүлэх, “нийгмийн хариуцлага” нэр дор явагдаж буй авлигын шинжтэй үйл ажиллагааг хязгаарлах чиглэлээр цогц бодлого хэрэгжүүлэх, хууль эрх зүйн шинэчлэл хэрэгтэй гэж дүгнэжээ. 

Гэрээний ил тод, нээлттэй байдлыг хангах нь иргэдийн мэдээлэл авах эрхтэй салшгүй холбоотой юм. Хандив тусламжийн  асуудлыг тодорхой зохицуулж, гэрээний хэрэгжилтэд тавих хяналтын тогтолцоог бий болгосноор нийгмийн хариуцлага, хамтын ажиллагаа нэрийн дор авлигын шинжтэй, хууль бус үйл ажиллагаа явагдахаас урьдчилан сэргийлэх авч холбогдолтой. Энэ талаарх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гэрээний загварыг шинэчлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргасан байна.