С.БОЛД-ЭРДЭНЭ
“Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад 16 жил болж байна. Хүний амьдралд урт хэдий ч уул уурхайн төслийн хувьд, улсын хувьд богинохон уг хугацаанд Монгол Улс дэлхийд тэргүүлэх шилдэг технологи бүхий уурхайн том цогцолбортой болжээ. Ердөө саяхныг хүртэл Оюу толгой төсөл гэж ярьж бичиж байсан бол одоо Оюу толгойн цогц бизнес гэж ярьж эхэлж байна. Энэ бол цаасан дээр байсан төлөвлөгөө, тооцоо бодит амьдрал дээр биелэлээ олж, ирээдүй цагийг төсөөллөөр ярьдаг тэр цаг ард хоцорсныг зарлаж байгаа хэрэг. Үүнээс хойш дахин гэнээ, гэсэн, баригдана... гэдэг үгийг лав Оюу толгой дээр хэрэглэхгүй.
Оюу толгойд 1300 метрийн гүнд хэдийнэ 200 гаруй км туннел баригдаж, уг туннелд хэдэн зуун уурхайчид ажиллаж, өдөрт 30 гаруй мянган тонн хүдэр олборлож байна. Ойрын 3-4 жилд гүний уурхайгаас өдөрт 95 мянган тонн хүдэр олборлож, тээвэрлэж, баяжуулах дэд бүтцийг энэ онд Оюу толгойчууд барьж дуусгаснаа зарлаж байна. 1300 метрийн гүнээс газрын гадарга руу хүдэр тээвэрлэх 8 км урт дэвшилтэт туузан дамжуургын системийг 7 жилийн турш барьснаар хоёр сарын өмнө ашиглалтад оруулав. Тэрхүү хүдрийг баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг мөн 3 жилийн турш бүтээн байгуулж, ашиглалтад оруулаад байна. Гүний уурхайн олборлолт эхэлсэн нь бизнесийн, эдийн засгийн олон талын үр өгөөжтэй гэдгийг олон баримтаар хэлж болох ч ганцханыг дурдая. Энэ оны эхний хагас жилд ил уурхайгаас олборлосон хүдрийн дундаж агуулга 0.44 хувь байгаа бол гүний уурхайн хүдрийн агуулга 2.09 хувь байна. Энэ бол гүний уурхайгаас 4 дахин их зэс олборлоно оо гэсэн үг. Энэ бүхэн бол Оюу толгойг дэлхийд эхний 5-д орох том хэмжээний зэсийн цогц бизнес болоход шаардлагатай бүхий л бэлтгэлийг хангаж дууссан гэсэн үг. Хамгийн чухал нь энэ бүх дэд бүтцийн ажлыг уурхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулалгүйгээр зэрэг хийж чадсан нь менежмент, инженерингийн хувьд том амжилт байв. Майнинг Инсайт сэтгүүл Оюу толгойн бүтээн байгуулалтыг, нэвтрүүлж буй шинэ технологиудыг энэ удаагийн дугаартаа онцолж байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд Монголын болон дэлхийн томоохон уурхайнуудад ноцтой осол гарч, уурхайчдын амь нас эндсэн тохиолдол хэд хэд гарав.
Уурхайн үйлдвэрлэл гэдэг хамгийн түрүүнд аюулгүй ажиллагааг эрхэмлэдэг, уурхайчны амь насыг аюулгүй байхад чиглэх учиртай. Оюу толгойн уурхайд CAS систем тэргүүтэй хэд хэдэн сүүлийн үеийн шинэ технологи нэвтрүүлж буй нь аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн. Дээрх шинэ технологиудын талаар манай сэтгүүлчдийн сурвалжилгыг энэ дугаараас уншиж болно. 16 жил өнгөрч буй Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний талаарх маргаан шүүмжлэл өнгөрсөн хугацаанд хангалттай өрнөсөн. Энэ цаг үед ч байсаар л байгаа. Ирээдүйд 10, бүр 50 жилийн дараа ч байсаар байх биз. Энэ бол эмзэглэж хүлээж авах зүйл огтоос биш. Гагцхүү гэрээний хэрэгжилт хэр бодитой байна вэ гэдэг нэн чухал. Хөрөнгө оруулалтын гэрээний хамгийн чухал заалтуудын нэг нь лав хангалттай биелэж байгааг “Оюу толгой” компанийн Хөрөнгийн удирдлага хариуцсан Ерөнхий менежер Э.Анхбаярын ярилцлагаас уншина уу.
Анх нийт ажилчдын 90 хувь нь монгол ажилтнууд гэж байсан бол өдгөө 97.6 хувьд хүрээд байна. 16 жилийн хугацаанд Оюу толгой руу чиглэсэн гадаад мэргэжилтнүүдийн урсгал Оюу толгойгоос дэлхийг чиглэсэн монгол мэргэжилтнүүдийн урсгал болж хувирсныг Э.Анхбаяр онцолж байна. Үүнээс гадна Оюу толгойн бүтээн байгуулалтад оролцсон үндэсний компаниуд өнгөрсөн хугацаанд хуримтлуулж бий болгосон чадавх, туршлага дээрээ тулгуурлан дэлхийн бусад уул уурхайн төслүүдэд оролцохоор идэвхийлэн буйг “М Си Эс Проперти” компанийн Барилга хариуцсан захирал Г.Эрдэнэбаатарын ярианаас уншиж болно. Цаашлаад “Оюу толгой” компани 2010 оноос хойш 13.1 их наяд төгрөгийн татвар төлж, 36 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээг Монголын компаниудаас худалдан авсан гээд нөгөө л Хөрөнгө оруулалтын гэрээний үр дүн хэрэгжилтийг бодитоор үнэлж дүгнэж болох хангалттай баримт, жишээ бий болжээ. Одоо бид дахин гэнээ, гэсэн ... гэдэг таамаг, төсөөллийн үгийг Оюу толгой дээр лав хэрэглэхээргүй болж байна. Учир нь Оюу толгой дэлхийд тэргүүлэх зэсийн үйлдвэрлэгч болохын тулд тогтвортой үйлдвэрлэл нь хэдийн эхэлчхээд байна.