Гурвантэс суманд 1500 айлын орон сууц байгуулах бүтээн байгуулалт эхэллээ.
МАК компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд шинэ суурьшлын бүс байгуулах ажлаа эхлүүлэн шав тавих ёслол үйлдлээ. Компанийн зүгээс бүс нутагт хөдөлмөр эрхэлж буй ажилтнуудыг гэр бүлийн хамтаар ая тухтай орчинд амьдруулах, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах, орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү төслийг эхлүүлж байгаа юм.
Гурвантэс суманд хэрэгжих шинэ сууршилын бүс нь 1,500 айлын багтаамжтай орон сууцны хотхон, цэцэрлэг, спортын төв, нэгдсэн эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв, ногоон байгууламж, инеженрийн дэд бүтцийг цогцоор нь шийдсэн орчин үеийн жишиг суурьшлын бүс болох юм.
Шинэ суурьшлын бүс байгуулагдсанаар бүс нутгийн ажилтнуудын амьдрах орчин, гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн баталгаа сайжрах нөхцөл бүрдэх юм. Мөн Гурвантэс сумын багш, эмч, төрийн албан хаагчдыг дэмжиж, үйлчилгээний хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн бизнесийн эргэлтийг нэмэгдүүлснээр сумын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж үзэж байна.
Тус ёслолын үйл ажиллагаа нээж “Монголын Алт (МАК)” ХХК-ийн Ерөнхийлөгч Н.Цэлмүүн үг хэлсэн. Тэрбээр “Зуны тэргүүн сарын бэлгэт сайн өдрийн мэнд хүргэе. Өмнөговь аймаг болон Гурвантэс сумын удирдлагууд, нутгийн ард иргэд, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхнийг хүрэлцэн ирсэнд баярлалаа.
“Монголын Алт (МАК)” ХХК “Гурвантэс шинэ суурьшлын бүс” төслийнхөө бүтээн байгуулалтын шавыг тавихаар Хөшөө хайрхныхаа бэлд та бүхнийг хуран цуглуулаад байна.
Энэхүү төсөл нь МАК компани ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Гурвантэс сум, Өмнөговь аймаг, Нарийнсухайтын бүс нутгийн урт хугацааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болох юм. Төслийн хүрээнд 1,500 айлын орон сууц, эмнэлэг, цэцэрлэг, спортын төв, үйлчилгээний төв болон ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийг цогцоор нь төлөвлөсөн, орчин үеийн жишиг суурьшлын бүс байгуулахаар төлөвлөөд байна.
Шинэ суурьшлын бүс нь Нарийнсухайтын уурхайн бүсэд ажиллаж буй ажилтнуудын амьдрах орчин, гэр бүлийн тогтвортой байдал, нийгмийн баталгааг сайжруулж, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Мөн Гурвантэс суманд ажиллаж буй багш, эмч, төрийн албан хаагчдыг дэмжиж, хүн амын төвлөрөл, үйлчилгээний хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн дэд бүтцийг сайжруулснаар худалдаа үйлчилгээ, тээвэр, ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээ зэрэг орон нутгийн бизнесийн эргэлт нэмэгдэж, сумын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм.
Аливаа томоохон бүтээн байгуулалт нэг байгууллагын хүчээр хэрэгждэггүй, төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагаа хамгийн чухал байдаг. Тиймээс энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Өмнөговь аймаг, Гурвантэс сумын удирдлага, орон нутгийн иргэд, Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн оролцоо онцгой чухал юм.
Бидний эхлүүлж буй энэхүү бүтээн байгуулалтад Нарийнсухайтын бүлэг ордод хамтран ажиллаж буй бусад аж ахуйн нэгжүүд мөн идэвхтэй оролцож, төслийг улам өргөжүүлэн хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр Гурвантэс сум зөвхөн уул уурхайн үйл ажиллагааны бүс бус, ажиллаж, амьдрах таатай орчин бүрдсэн шинэ суурьшлын төв болон хөгжих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
Ингээд энэхүү бүтээн байгуулалтад оролцож буй нийт хамт олон, түнш байгууллагууд, орон нутгийн удирдлага, иргэд та бүхэндээ талархал илэрхийлэн, ажлын амжилтыг хүсэн ерөөе!
МАК компанийн хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 320 хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд, залуучуудын соёлын төв, төрийн албан хаагчдад зориулсан 12 айлын орон сууц зэргийг байгуулсан бөгөөд нийт 43.5 тэрбум төгрөгийн нийгмийн хариуцлагын төсөл хэрэгжүүлжээ.
Тус суурьшлын бүсийн шав тавих ёслолд оролцсон “Монголын Алт (МАК)” ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир хэлэхдээ, “Мак Групп хэдэн мянган ажилчидтай, ялангуяа Гурвантэс суманд одоогоор 2,000 гаруй ажиллагсад бий. Цаашид Гурвантэс суманд бүтээн байгуулалтын ажил нэлээд хийгдэнэ. Тэгснээр ажиллагсдын тоо нэмэгдэнэ. Тиймээс ажиллагсдынхаа ая тухтай, амьдрах орчныг сайжруулах, гэр бүлтэйгээ, нийгмийн асуудлыг шийдсэн байдлаар суурьшлын бүс байгуулъя гэж Бодлогын зөвлөл, удирдлагын зүгээс шийдсэн. Анхных нь өнөөдөр Гурвантэс суманд шавыг тавьж байна. Төсөл гурван жилийн хугацаанд хэрэгжинэ. Нийт 55 сая ам.долларын хөрөнгө оруулалт ойролцоогоор орно гэж тооцоолж байна.
Гурвантэс суманд Монгол Улсын БНХАУ руу экспортолдог нийт нүүрсний 40 хувийг бүрдүүлдэг бүс нутаг. 8-9 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Мак Групп нийт 50 МВт-ын нарны сэргээгдэх эрчим хүч, 145 МВт.цагийн хуримтлууртай, энэ жил чадвал 30 МВт-ын цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн нүүрсийг баяжуулах том чадлын үйлдвэрийг байгуулна, нисэх онгоцны буудал, зурвас хийгдэнэ. Монгол Улс тэсрэх бодисын үйлдвэр дутагдалтай байдаг. Уул уурхайн тогтвортой үйл ажиллагаа явуулахад хязгаарлагдмал. Тэр үүднээс уурхайгаа түшиж тэсрэх бодисын үйлдвэр байгуулахаар шийдсэн. Энэ жил барилгын ажил эхлэх байх.
Ийм байдлаас үүдэн ажиллагсдын тоо нэмэгдэнэ. Тиймээс Монголынхоо суурин сум, суурин газруудыг түшиж суурьшлын бүсүүдийг байгуулна. Зөвхөн энд байгуулахаас гадна МАК өөрийнхөө үйл ажиллагаа явуулдаг аймаг, сумдад дараа дараагийн суурьшлын бүсийг эхэлнэ. Энд тухайлж яривал Сайншанд суманд Цагаансуваргын үйлдвэрийн суурьшлын бүс баригдана. МАК-ийн цементийн үйлдвэр, барилгын материалын үйлдвэрийг түшиглэсэн Дорноговийн Даланжаргалан суманд суурьшлын бүс баригдана. Налайхын урд барилгын материалын олон цогцолбор бий. Түүний суурьшлын бүс Зуунмодыг түшиглэж байгуулахаар газар олголтыг шийдчхээд байна.
Компанийнхаа нийгмийн хариуцлагын хүрээнд Гурвантэс суманд нийт 43 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Үүнд 300 гаруй хүүхдийн сургууль, 120 хүүхдийн дотуур байр, хүүхэд, залуучуудын төвийг барьж, ашиглалтад оруулсан. Мөн БНХАУ-аас эрчим хүч импортлох шугам байгуулж, байнгын эрчим хүчтэй болсон. Гэхдээ БНХАУ-аас импортолдог эрчим хүчний үнэ тариф өндөр байдаг. Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооноос бага эрчим хүчний бага тариф тогтоодог учраас бид нийт 3.6 тэрбум төгрөгийн эрчим хүчний тарифын зөрүүг төлсөн байна. Тэгэхээр эрчим хүчийг импортолсноор Гурвантэс, Сэрвэй, Ноён гэсэн гурван сумыг эрчим хүчээр хангаж байна. Түрүүн хэлсэнчлэн импортын эрчим хүчээс илүү өөрсдөө эрчим хүчний үүсгүүрийг байгуулснаар орон нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ. Энд бид 1,500 айлын орон сууц, орчин үеийн шаардлагад нийцсэн цогцолбор байгуулснаар, үйлчилгээ, эмнэлэг, сургууль, их хүн амтай суурьшил бий болж байна. Энд Монголд жишиг болох суурьшлын бүс бий болно гэдгийг баттай хэлж байна.
Нарийнсухайтын уурхайн бүлэг ордод 8-9 аж ахуйн нэгж олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Мак Групп нүүрс экспортынхоо хувьд Тавантолгойн дараа ордог хоёрдогч том экспортлогч. Энийг дагаж ажлын байр, нүүрсний нэмүү өртөг шингээсэн боловсруулалт, нүүрсэнд түшиглэсэн станц байна. Өнгөрсөн жил улсад төлсөн татвар, хураамжаар анх удаа Мак Групп Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой, Оюутолгойн дараа дөрөвт орсон. Энэ нь группийн хэмжээнд улс орныхоо эдийн засаг, нийгмийн асуудалд дорвитой хувь нэмэр оруулж байгаа компани гэсэн үзүүлэлт болж байна” гэв.
Түүнчлэн МАК компани нь Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён, Сэврэй сумдын иргэд, аж ахуйн нэгжүүдийг 24 цагийн тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд БНХАУ-аас авч буй эрчим хүчний төлбөрт нийт 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа юм.
“Гурвантэс шинэ суурьшлын бүс” төслийн нээлтэд оролцсон Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат “Өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг МАК компани Гурвантэс сумын ерөнхий төлөвлөгөөний дагуу шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Энэ бол Өмнөговь аймгийн Гурвантэс сум удахгүй хотын статустай болох ажилд хамгийн чухал хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалт байх болно. Гурвантэс сум, аймгийн ЗДТГ-ын гурвалсан гэрээний үр дүнд 50 эмч, багш, төрийн алба хаагчдад зориулсан орон сууцыг барихаар тохиролцож, гэрээндээ тусгасан. Мөн шинэ суурьшлын бүсэд эмнэлэг, сургууль, спорт цогцолбор,, музей, таун хаус, хувийн хаус, нийтийн орон сууц гэх мэт олон сайхан бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.
МАК компани бол Монголд барилгын материалын үйлдвэрлэлээр тэргүүлэгч үйлдвэрлэгч, уул уурхайн экспортыг Шивээхүрэнгийн боомтоор гаргадаг, Гурвантэс сумын төсөв, Өмнөговь аймгийн төсвийг бүрдүүлэхэд улс, аймгийн төсөв, улс орны татварт жинтэй хувь нэмэр оруулдаг компани юм. МАК-ийн хамт олон, бизнест өндөр амжилт хүсье. Гурвантэс сум болон Өмнөговь аймгийнхаа хөнжил дэвшилд оролцож, хамтран ажиллаж байгаад туйлын баяртай байна. Гурвантэс сумын ард иргэд хамгийн аятай, тухтай, таатай орчин нөхцөлд ажиллаж, амьдрах боломжоор хангагдах, уул уурхайн бусад компани дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллаж байгаад баяртай байна. Гурвантэс сумын удирдлагууд, төрийн алба хаагчдад ажлын өндөр амжилт хүсье.
Мөн аймаг, орон нутгийн төсвөөр Гурвантэс сумыг Өмнөговь аймгийн төв Даланзадгад хоттой холбох засмал замын ажлыг шат дараатай хийж байна. Энэ жил Гурвантэс талаас 10 км, Сэврэй хайрхны урд талд Зүүн гол, Дунд голын давсны артелийн цаана зам барьсан. Энэ замыг хоёр талаас нь угтуулж тавихаар аймгийн ИТХ-аар шийдвэрлэж, Өмнөговь аймгийн ЗДТГ-аас гэрээ хийж байна. Удахгүй Гурвантэс сум аймгийн төвтэй холбогдож, улсынхаа нийслэл рүү засмал замаар явдаг болно. Мөн Шивээхүрэн боомт руу засмал замаар хүрч, боомтын төмөр замын холболтын ажлууд хийгдсэнээр импортын боомт болох ажлууд яригдаж байна.
Гашуунсухайтын боомтыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар лабораторийн барилгыг ашиглалтад оруулж, шинжилгээ авах багаж, тоног төхөөрөмж, тэнд ажиллах хүчийг Засгийн газар, Гаалийн ерөнхий газартай хамтран шийдвэрлэсэн. Түүний үр дүнд Гашуунсухайтын боомтоор барилгын материал, арматурын төмөр орж ирдэг болсон. Хуучин Замын-Үүдээр оруулж, Улаанбаатараас авдаг байсан. Одоо Өмнөговь аймаг, Даланзадгад Гашуунсухайт боомтоор барилгын материал, хүнсний бүтээгдэхүүн, арилжаа наймаа нээлттэй хийх боломжийг бүрдүүлнэ. Мөн Шивээхүрэн боомтод хүнсний лаборатори, уул уурхайн бүтээгдэхүүнийг шинжлэх лабораторитой болсноор импортын бараа бүтээгдэхүүн боломжтой болно.
Шивээхүрэнгийн төмөр зам 300 метрээс өөд өөдөөсөө харж, ямар нэг өндөржилтийн зөрүүгүй бэлэн болсон. Зүүн хилийн үйл ажиллагаа урагштай явбал баруун хилийн төмөр замыг холбох ажил явна. Экспортын тоо хэмжээ эрс өснө. Буцаж импортын бараа орж ирэх боломж хангагдана. Энэ хоёр боомт бол зөвхөн экспортын боомт биш, экспорт-импортын боомт болгохоор ажиллаж байна.
Гурвантэс сум удахгүй хотын статустай болж, хүн амьдрах таатай орчин нөхцөл бүрдсэн, олон улсын, дотоодын нисэх онгоцны буудал, засмал замтай, экспорт-импортын боомттой, ажлын байртай бүс нутаг болно.
Мөн Шивээхүрэн боомтын наана байрладаг Морин заг суурьшлын бүсийг тосгоны статустай болгох хүсэлтийг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн. Ингэснээр төрийн албаны анхан шатны нэгж үүсэж, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, цагдаа, онцгой байдал, гааль, татвар зэргийг газар дээрээ үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ. Морин загт гэхэд 10 мянга гаруй хүн ажиллаж амьдардаг боловч багийн статусгүй байдаг. Тиймээс тосгоны статустай болгоно. Мөн Цагаанхадны Хайрхан багийг тосгоны статустай болгохоор ажиллаж байна. Тэгснээр Өмнөговь аймгийн нэг сум томоохон суурин газар хоёроор нэмэгдэх гэж байна” гэв.




















