Улс төр ба уул уурхай

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

ariun@mininginsight.mn

Монголын улс төр, нийгмийн амьдралд ер бусын их дуулиан шуугиан, эргэлт өөрчлөлтөөр дүүрэн нэгэн сар өнгөрөн одож байна. Геополитикийн зөрчил, худалдааны дайн түүхий эдийн үнийг өрдсөөр буйн “ачаар” энэ сард манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш туйлын таатай байв. Алтны үнэ хамгийн дээд түвшиндээ хүрч, экспортын хоёр дахь том орлогын эх үүсвэр болох зэс ч өсөлттэй байлаа. Үүн дээр нэмэгдээд нүүрсний экспорт оргилдоо хүрч, түүхэн дээд үзүүлэлтээ шинэчлэв. Гэвч зах зээл таатай, эдийн засгийн үзүүлэлт эерэг байлаа гээд улс төр амар жимэр байсангүй. 

Монгол Улс түүхэндээ анх удаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёроо нэг өдөр зэрэг огцруулсан онцгой үйл явдлыг туулав. Түүнээс 5 хоногийн дараа Үндсэн хуулийн их суудлын хуралдаан Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын чуулганы тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлээ. Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, харин улс төрийн маргааны нөгөө талд байсан УИХ-ын дарга асныг нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан АТГ-аас яллагдагчаар татаад байна. Эдгээр зөрчил, маргааны төвд уул уурхай нэг зангилаа нь болж буйтай холбоотойгоор цаашид ч энэ салбарт ихээхэн өөрчлөлт, хөл хөдөлгөөн өрнөх төлөвтэй. 

Засгийн газар тэсэж тогтож үлдмэгц Ерөнхий сайд Г.Занданшатар “Баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай тэмцэнэ” хэмээн мэдэгдэж, энэ үгээ бодит алхмуудаар баталгаажуулж эхэллээ. Нэн тэргүүнд Ерөнхий сайдын онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилов. Нүүрсний хулгайн асуудлаар хийсэн сонсголыг ахалж, цаашлаад аравдугаар сарын их улстөржилтийн эхийг тавьж, УИХ-ын даргыг нүүрсний хулгайн хэрэгт буруутгаж буйгаа ил тод зарласан УИХ-ын гишүүн Н.Энхбаярыг сайдаар томилохдоо нүүрсний хулгайг илрүүлэх, хариуцлага тооцох чиглэлд онцгой үүрэг өгсөн. Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, Нүүрсний хулгайг илрүүлж, хариуцлага тооцох албан даалгавар гаргах зэргээр шийдвэрүүдийг ар араас нь угсруулан зогсолтгүй гаргасаар байна. Мөн Цагаан сараас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгоно гэж мэдэгдлээ. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”-д олон улсын аудит хийх, 2010 оноос хойш хийгдсэн нүүрс худалдах, худалдан авах бүх гэрээг ил болгохыг үүрэг болгов. Түүнчлэн иргэдээс мэдээлэл хүлээн авах “Баялгийн шударга ёсны суваг” нээх, хэвлэл мэдээллийн “Баялгийн шударга ёсны медиа сан” болон Олон нийтийн хяналтын зөвлөл байгуулах ажлууд хэрэгжих боллоо. Эдгээр нь нэг талаас төрийн өмчит уул уурхайн компаниудын засаглалыг сайжруулах, тэр дундаа “Эрдэнэс” нэрт компаниудад цэвэрлэгээ хийж, хариуцлага тооцон, цэгцлэх шинэ эхлэл болж өрнөхөөр байна. 

Тэгвэл хувийн хэвшлийнхэнд хамаарах чиглэлд стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг ил болгохын сацуу хугацаа дууссан гэрээнүүдийг дахин нягталж, алдагдсан боломжийг үнэлэн, төрийн эзэмшлийн хувь тогтоох эсэхийг дүгнэх агуулга Ерөнхий сайдын албан даалгаварт бий. Тогтвортой байдлын гэрээ нь дуусгавар болсон Төмөртэйн Овооны цайрын орд, Нарийнсухайтын нүүрсний орд, Бороогийн алтны үндсэн ордууд үүнд хамаарах бололтой. Үүнээс өмнө, наймдугаар сард Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулж, стратегийн 16 орд тус бүрд БЭТ томилохоор шийдвэрлэсэн. Дараа сард нь стратегийн орд эзэмшигч компаниудын удирдлагыг дуудаж уулзан, баримтлах үндсэн гурван зарчмаа танилцуулсан. Нэгдүгээрт, стратегийн ордуудын төрийн эзэмшлийг нарийвчлан тогтоож, түүнийг тусгай АМНАТ-өөр орлуулах. Хоёрт, уул уурхайн компаниудын төлж буй татваруудыг бүгдийг нэгтгэн, “Баялгийн татвар”-ын нэгдсэн тогтолцоонд оруулах. Гуравт, Ирээдүй өв сангийн хуримтлалыг 3 хувийн өгөөжтэйгээр хадгална гэхээсээ орон сууцны нийлүүлэлтийг хөнгөлөлттэй зээлээр дэмжих санхүүжилтийн эх үүсвэр болгож, агаарын бохирдол, түлш зэрэг өнөөгийн хүндрэлтэй асуудлыг шийдэх агуулгатай байв. “50+1 хувийн Баялгийн татвар” гэсэн зарчмаар стратегийн орд эзэмшигч хувийн хэвшлийн компаниудтай хэлэлцээр хийж, шийдлийг оноос өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтын ахалсан Ажлын хэсэгт даалгасан. Татваруудыг багцлан, Баялгийн татварын нэгдсэн тогтолцоонд оруулах санаагаа Ерөнхий сайд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн стратегийн орд газруудын дийлэнх үр өгөөжийг ард түмэн хүртэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлэх, нөгөө талаар ард иргэдэд баялгийн 51 хувийг хүртэж байгааг тодорхой харуулах боломжтой механизм болно хэмээн тайлбарласан. 

Аравдугаар сарын улс төрд дарагдан, анхаарлын гадна үлдээд байсан энэ асуудал цаг хугацааны хувьд өнөө маргаашдаа биш ч гэлээ цаашид өрнөх нь тодорхой байна. Түүнчлэн энэ сард Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээ эхэллээ. Долоон жил тутамд нэг удаа хөндөх эрхтэй, ХоГ нд өөрчлөлт оруулах боломжтой энэхүү хэлэлцээрээр хөндөгдөх асуудлууд, түүнийг амжилттай болгох нөхцөлийг “Засгийн газар ба “Рио Тинто”: Ээлжит “тулаан”-ы өмнө” нийтлэлдээ онцоллоо.