Уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал, ур чадварын хөгжлийг хэлэлцэх форум болно

-Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрөөр салбарын бодлого, боловсрол, хүний нөөцийн шинэ шийдлүүдийг хэлэлцэнэ-

Олон улсын уурхайчин эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Бидний мэргэжил, манлайлал, ирээдүй” форумыг 2026 оны зургаадугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Форумыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны төр хувийн хэвшлийн түншлэл developpp.de хөтөлбөрийн хүрээнд Transwest Mongolia, Sandvik Mongolia, MSM Групп-ын хамтарсан санхүүжилтээр GIZ-ийн хэрэгжүүлж буй “Хүнд машин механизмын салбарт жендэрийн мэдрэмжтэй хосмог сургалтыг нэвтрүүлснээр эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төсөл,  Майнинг Инсайт сэтгүүл, Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ болон Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд төр, хувийн хэвшил, боловсролын байгууллага, олон улсын хөгжлийн байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөллийг нэг дор цуглуулах онцлогтой юм.

Монголын уул уурхайн салбар эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэвээр байгаа хэдий ч техникийн болон инженерийн мэргэжлээр ажиллах боловсон хүчний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Ийм нөхцөлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь зөвхөн жендэрийн асуудал бус, харин салбарын хөдөлмөрийн зах зээл, бүтээмж, ур чадварын нөөцийг өргөжүүлэх стратегийн ач холбогдолтой асуудал болж байна.

Өнөөдөр хүнд машин механизмын оператор, инженер, геологич, уурхайчин, компанийн удирдах албан тушаалд амжилттай ажиллаж буй олон эмэгтэй бий. Гэвч эдгээр сайн жишээ бодлого, боловсролын тогтолцоо, хүний нөөцийн шийдэл болж бүрэн нутагшиж чадаагүй хэвээр байна.

Тиймээс энэ удаагийн форумын гол зорилго нь сайн туршлагыг зөвхөн танилцуулах бус, бодлогын түвшинд хэрэгжих боломжтой шийдэл болгон хэлэлцэхэд оршиж байна.

Форумаар,  

  1. Эрдэс баялгийн салбар дахь жендэрийн эрх тэгш байдлыг бэхжүүлэх боломж;
  2. Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хосмог сургалтын загвар;
  3. Охидын STEM боловсрол болон техникийн мэргэжлийн сонголтыг дэмжих арга зам;
  4. Уул уурхайн компаниудын хүний нөөцийн бодлого, ажлын байрны орчны шинэчлэл;
  5. Дадлагажуулалт, ажил эрхлэлт, карьер хөгжлийн сайн туршлага;
  6. Мэргэжлийн боловсрол, сургалт болон уул уурхайн салбарын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцэнэ.

Арга хэмжээний үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эмэгтэй оператор, “Бадрах Энержи” ХХК-ийн удирдах албан тушаалтан, залуу инженерүүд өөрсдийн мэргэжлийн замнал, туршлагаа хуваалцахын зэрэгцээ “Трансвест” ХХК, “Оюу толгой” ХХК зэрэг байгууллагууд хүний нөөцийн хөгжил, ажлын байрны орчны сайн туршлагаа танилцуулна.

Мөн Өмнөговь Политехник коллеж болон Налайх Политехник коллежид хосмог сургалтын хөтөлбөрөөр суралцаж, уул уурхайн компаниудад дадлагажин ажиллаж буй оюутнууд сургалт, үйлдвэрлэлийн орчинд эзэмшсэн мэдлэг, ур чадвар, ажлын байртай холбогдох бодит туршлагаасаа хуваалцаж, техникийн болон мэргэжлийн боловсролын шинэ загварын үр дүнг танилцуулах юм.