Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Манай улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал үе үе сэргэдэг хуучин танил дүр зургаа дахин давтахаас өөр сонголтгүйд хүргэж байна. Тэр нь хямралын үед “алт”-аа эргэн хардаг зуршил. “Алт” хөтөлбөрүүд хэрэгжсэн түүхийг харвал эдийн засаг хүндрэх бүрд алтыг аврал хэмээн үзэж, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн байдаг. Тэр бүрд алтны үйлдвэрлэл улсынхаа хямарч хүндэрсэн эдийн засгийг тэтгэх “амь тариа” болсоор ирэв. Манай улс түүхэндээ гурван удаагийн алт хөтөлбөр хэрэгжүүлсэн ба “Алт-3” аян хэрэгжвэл дөрөв дэх удаагийн кампанит ажил болох юм. Он гарсаар нүүрсний үнэ тасралтгүй унасаар нүүрсэнд хэт өндөр найдлага тавьсан төсвийн орлого тасрах нь тодорхой болмогц Засгийн газраас “Алт-3” аян хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Гэвч дөрөвдүгээр сарын 30-нд “Алт олборлолтыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 211 дүгээр тогтоол гарснаар “Алт-3” аян хэсэгтээ хойш тавигдсан нь тодорхой болов. “Алт-3” хойшлогдсон нь яамд хооронд бодлогын зөрчил гарч, хэл амаа ололцоогүйтэй холбоотой. Тодруулбал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас нөөц ихтэй алтны үндсэн ордууд бүхий тодорхой газар нутгийг улсын тусгай хамгаалалтаас чөлөөлөх, “Урт нэртэй” хуулийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосноор хуулиар хориглогдсон алтны нөөцүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах болон алт үйлдвэрлэгчдэд татвар, санхүүгийн таатай нөхцөл олгох тухай санаачилгууд оруулсан нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Сангийн яамны эсэргүүцэлтэй тулгарч, дэмжлэг авч чадаагүйнх юм. Гэвч “Алт-3” аян хэрэгжинэ гэсэн хүлээлт зах зээлд үүссэнээр үр дүнд нь энэ оны эхний хагас жилд Монголбанканд тушаагдсан алтны хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин бага болж буураад байна.
Алтны үнэ энэ онд гурван ч удаа түүхэн дээд амжилтаа шинэчилж, унц нь $3,332 хүрлээ. 2025 оны эцэс гэхэд $3,700 давах магадлалтай гэсэн тооцооллыг олон улсын шинжээчид дэвшүүлж байна. Зах зээлийн ийм таатай үед алт олборлогчид алтаа тушаахгүй харзнаж буй нь алтны үнэ цаашид улам өсөх хүлээлт, түүнчлэн “Алт-3” аян хэрэгжиж эхэлснээр татвар, санхүүгийн таатай нөхцөл, дэмжлэг бий болно гэх найдвар тээж буйтай холбоотой. Тэгвэл Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдмагцаа л “Алт-3” аян хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж, шинэ засаг бүрдсэнээс 8 хоногийн дараа Засгийн газрын хуралдаанаар “Алт-3” аяныг өрнүүлэх талаар авч хэлэлцсэн. Хоолойд тулсан асуудал тул хэзээ мөдгүй УИХ-д оруулж таарна. Эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарах, валютын орлого олж, төгрөгийн уналтыг тогтоон барихын тулд энэ Засгийн газарт харамсалтай нь “Алт 3” аянаас өөр сонголт, бодит гарц үгүй байна. Тиймээс “Алт-3” аян хэрэгжих нь тодорхой, харин яаж вэ гэдэг нь илүү анхаарал татах агуулга юм. Гэхдээ “Алт-3” аян үндсэн концепцоороо хэрэгжих эсэх нь Засгийн газраас бус УИХ-ын шийдвэрээс хамаарна. Тодруулбал, ашиглалтыг нь хуулиар хориглосон, байгалийн болон түүх соёлын өвийн хамгаалалтад орсон алтны томоохон нөөц бүхий үндсэн ордуудын хувь заяаг эргэж харах зайлшгүй шаардлага бий болж байна. УИХ-аас өмнө нь гаргасан хориг шийдвэрүүдээ эргэн харж, шинэ нөхцөлд тохируулан бодлогын шинэчлэл хийх сорилт тулгарч байна. Хэрэв хууль тогтоогчид энэ талаар бодлогын түвшинд эр зориг гаргаж чадахгүй бол “Алт-3” аян зөвхөн нэр төдий, богино настай популист кампанит ажил болон замхарч мэднэ. Нөгөө талаар “Алт-3” нь хөрөнгө оруулалт, татвар, санхүүгийн дэмжлэгээр зогсохгүй, хууль бус олборлолтыг хумих, хуулийн цоорхойгоор зөрчил үүсгэдэг нөхцөлүүдийг засах бодлогын шинэ механизмыг давхар агуулах шаардлагатай. Учир нь хуулиар ашигт малтмал олборлохыг хориглосон газруудад өнөөдөр хууль бус олборлолт хамгийн идэвхтэй өрнөж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Ган-Очир ярилцлагадаа “хуулийн хүрээнд ашиглах боломжгүй гэгдэж буй алтны нөөц үнэндээ хууль бус олборлогчдын мэдэлд шилжсэн” гэсэн нь ноцтой анхааруулга. Энэ нь хуулийн хамгаалалт нэрийн дор хууль бус олборлолтыг дэмжсэн мэт гаж тогтолцоо бий болсны бодит илэрхийлэл юм. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн “Алт” хөтөлбөрүүд уул уурхайн салбарын бодлогын алдаанаас суралцах, гажуудлыг засах олон чухал сургамж үлдээжээ. Гэсэн ч нүүрсний орлого өсөх үед алтны үйлдвэрлэл, түүнийг дагасан бодлого ор тас мартагддаг нь дахин давтагдаж болохгүй алдаа юм. Тиймээс Mining Insight сэтгүүл алтны үйлдвэрлэлд үе үе зарладаг аян биш, харин бодлогын тогтвортой орчин бүрдүүлэх шаардлагатайг хөндөж байна. “Алт-3” нь олборлолтыг нэмэгдүүлээд зогсохгүй хуримтлагдсан асуудлуудыг засаж залруулах, салбарын хандлагыг эргэн харах “түүхэн боломж” юм. Энэ бүхэн, түүний цаадах бодлого, сорилт, шийдлүүдийг шинэ дугаартаа дэлгэрүүлэн хүргэж байна. Тусгай секцийн агуулгыг бэлтгэхэд мэдээ, мэдээллээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласан Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн албанд Mining Insight сэтгүүлийн редакцийн зүгээс гүн талархал илэрхийлье.