bolderdene@mininginsight.mn
- Асарт зурагдсан 30 тэрбум ам.долларын гэрээ -
Тавдугаар сарын Монголын уул уурхайн салбарын онцлох үйл явдал бол “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Чайна Энержи” групп хооронд байгуулсан түүхэн гэрээ байв. 20 жил, түүнээс ч урт хугацааны, бас багадаа 30 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээ гэхээр түүхэн гэрээ гэхээс өөрөөр хэлэх аргагүй. Тавдугаар сарын 14-нд Хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын нээлтийн үеэр “Эрдэнэс Тавантолгой компани БНХАУ-ын “Чайна Энержи” групптэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ, Уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны ерөнхий гэрээнд "Эрдэнэс Тавантолгой" ХК ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, “Чайна Энержи Интернэшл Девелопмент” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ву Чуан нар гарын үсэг зурсан. Дээрх хоёр гэрээ бол хил холболтын төмөр замыг барьж байгуулах гэрээний “төлбөр” гэхэд болно. Хятадын талын гурван гэрээг хамтад нь байгуулж байж л хил холболтын төмөр замыг барьж, холбох болно гэсэн ганцхан шаардлагыг биелүүлэв. Багагүй хугацаанд, бүр тодруулбал сүүлийн нэг жилийн хугацаанд улс төр, бизнесийн анхаарлын төвд байсан уг гэрээний гарын үсэг зурах ёслол харин даруухан, чимээ аниргүй болж өнгөрөв. Гэрээг зурах арга хэмжээ төмөр замын бүтээн байгуулалтын дуулианд дарагдаад өнгөрөв үү, эсвэл сүр бадруулсан ёслол хийж, түмэнд түгээхээс зайлсхийв үү гэдэг сонирхолтой. Гэрээний агуулга, мөнгөн дүн, эдийн засгийн ач холбогдлыг нь бодвол Оюутолгойн гэрээ, “Орано Майнинг”-ийн гэрээ шиг сүр дуулиантай ёслол хийж болох байв. Ядаж 13 жилийн өмнөх “Чалко”-гийн гэрээ шиг даруухан ёслол ч хийсэнгүй. Энэ нь Засгийн газар зөвхөн хил холболтын төмөр замд илүү ач холбогдол өгч харин “Эрдэнэс Тавантолгой”-н гэрээнүүдийг ярихаас ямар нэг байдлаар зайлсхийж буйн илрэл гэлтэй. Гэрээ байгуулсан өрөөнд өлгөөтэй анонс нь хүртэл гунигтай. Хэн, хэнтэй гэрээ байгуулаад байгаа нь мэдэгдэхгүй, зориуд нуусан мэт санагдуулах. Дээрх хоёр гэрээнээс хамгийн анхаарал татах ёстой гэрээ бол Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ юм. Учир нь дээрх гэрээг нүүрсний үнэ огцом унаж байгаа үед хийлээ. Тэгэхдээ үнийг анх ярилцаж байснаас өөрчилж, “Чалко”-гийн гэрээний үнийн аргачлалаар тооцохоор болсон нь уг гэрээний үр дагавар “Чалко”-гийн өмнөх гэрээ шиг сөрөг үр дагавар дагуулах эрсдэлтэй юм.
Дээрх графикаас нүүрсний экспортын үнэ ямар байх үед “Чалко” болон “Чайна Энержи”-тэй гэрээ байгуулсныг тодорхой харж болно. Монгол Улсын коксжих нүүрсний экспорт 2004 оноос эхэлсэн түүхтэй. Улмаар 2011 онд нүүрсний экспортын дундаж үнэ 106.7 ам.доллар болж хамгийн өндөр цэгтээ хүрч байхад “Эрдэнэс Тавантолгой” компанийн экспорт эхэлсэн байдаг.
ЭТТ мөн оныхоо долоодугаар сард “Чалко” той урт хугацааны гэрээ байгуулсан. Гэрээний анхны үнэ нь 70 ам.доллар буюу тухайн оны экспортын дундаж үнээс даруй 30 гаруй хувиар бага үнээр тохирсон. Түүнээс хойш Монголын нүүрсний экспортын үнэ 2021 он хүртэл 100 ам.доллароос бага байсан бол ЭТТ-н экспортын дундаж үнэ 2022 он хүртэл 70 ам.доллароос дээшлээгүй байна. 2016 онд улсын дундаж үнэ 37.7 ам.доллар, ЭТТ-н дундаж үнэ 28.1 ам.доллар, “Чалко”-гийн үнэ 28 ам.доллар болж доод цэгтээ хүрч байв. Харин 2022 онд улсын экспортын дундаж үнэ 202 ам.доллар болж оргил цэгтээ хүрсэн бол ЭТТ-н экспортын дундаж үнэ 2024 онд 102 ам.доллар болж дээд цэгтээ хүрчээ. ЭТТ-н үнэ ийн огцом өсөхөд нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр борлуулдаг болсон нь хамгийн том нөлөө үзүүлсэн хэрэг. Улсын экспортын дундаж үнэ 2022 оноос хойш буурсаар байгаа бөгөөд энэ оны эхний 4 сарын дундаж үнэ 77 ам.доллар болсон байна. Ийн экспортын үнэ ихээхэн буурсан үед урт хугацааны гэрээ байгуулж, үнийг индексжүүлэх байдлаар, мөн уурхайн ам нөхцөлөөр тохирсон нь цаашид нүүрсний үнэ өсөхгүй төдийгүй илүү буурвал ЭТТ-н борлуулалтад ихээхэн сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
“ЧАЛКО”-ГИЙН ГЭРЭЭНЭЭС ЯМАР ЯЛГААТАЙ ВЭ?
2011 оны долоодугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компани Хятадын “Чалко трейдинг” компанитай урт хугацааны нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээ нь 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авч, түүнийгээ нүүрсээр нийлүүлэх үндсэн нөхцөлтэй. Гэрээг 2022 онд 5 жилээр сунгасан. Гэрээгээр авсан урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларыг хүүгийн хамт төлөхийн тулд 25 орчим сая тонн нүүрс нийлүүлсэн бөгөөд 2017 онд бүрэн барагдуулсан байдаг. “Чалко” гийн гэрээ нь үндсэндээ урьдчилгаа төлбөрийн гэрээ гэдгээрээ онцлог. Харин “Чайна Энержи”-гийн гэрээ нь ямар нэг урьдчилгаа төлбөрийг зохицуулахгүй, уурхайн хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа, борлуулалтын гэрээ юм.
“Эрдэнэс Тавантолгой” нь “Чайна Энержи”-гийн охин компанийн барих хил холболтын төмөр замын санхүүжилт болох 900 гаруй тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр төлнө. “Эрдэнэс Тавантолгой” компанийн “Чайна Энержи” тэй байгуулсан хоёр гэрээий талаарх мэдээлэл одоо ч хаалттай хэвээр байна. Урьд яригдаж байсан нөхцөлүүд хэрхэн өөрчлөгдсөн, УИХ болон олон нийтээс гарч байсан шүүмжлэлүүдийг хэрхэн тусгасан талаар зарим мэдээллийг уншигчидтайгаа хуваалцъя.
ГЭРЭЭНИЙ ҮНЭ
Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээгээр компани хооронд тохирч чадахгүй байсан хамгийн чухал асуудал нь үнэ.
“Эрдэнэс Тавантолгой” компаниас Монгол Улсын хуулийн дагуу Биржийн үнээр нийлүүлэхийг хүссэн ч “Чайна Энержи” компаниас 14 жилийн өмнө байгуулж, одоо ч хүчин төгөлдөр байгаа “Чалко” гийн гэрээний үнийн нөхцөлөөр байгуулахыг тулгасан байдаг.
Үүний ард олон өнгө аяс тодорч буй. Тухайлбал өнгөрсөн оны УИХ-ын сонгуулийн өмнө ЭТТ-н үнийн санал дээр талууд бараг тохирсон байсан ч сонгуулийн дараа Хятадын талаас гэнэт болзлоо өөрчилсөн байдаг. Хятадын төрийн өмчит нэг компани ЭТТ-той маш ашигтай үнийн нөхцөлөөр урт хугацааны гэрээ байгуулсан байхад дараагийн төрийн өмчит компани түүнээс дордуулсан нөхцлөөр гэрээлж болохгүй гэдэг “чиг” гэнэт иржээ. Ингээд аргагүйн эрхэнд Монголын тал “Чайна Энержи”-гийн үнийн саналыг хүлээн авсан байдаг. Уг нь гэрээг “Чалко”-гийн гэрээг 2027 онд дуусгавар болсны дараа хийе гэдэг санаачилга ч гарч байсан удаатай. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулахгүйгээр хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт үнийг тодорхой тусгаж өгчээ. "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т “... хоёр талын хооронд өмнө нь байгуулж байсан нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээний жишиг зэргийг харгалзаж, ... хамгийн сүүлд баталгаажсан үнэ анхны үнэ /FCA- нүүрс нийлүүлэх цэг нь Тавантолгойн уурхайн талбай/ болгохоор тохиролцсон бөгөөд дараагийн үнийг талуудын харилцан зөвшилцсөн механизм буюу “анхны үнэ + хамтран сонгож авсан улирлын индекийн тохируулга”-аас гаргана...” хэмээн заасан байдаг. УИХ, Засгийн газар баталсан Олон улсын гэрээгээр тохирсон үнэ учир энэхүү үнэд дотоодын хуулийн хориг, хязгаарлалт, цаашлаад компанийн бодлого нөлөөлөхгүй юм. 2015-2016 он шиг үнийн бууралтаас үүдэж ЭТТ ямар нэг байдлаар хохирвол шүүмжлэх эрх УИХ, Засгийн газарт лав үлдсэнгүй. Гэрээний анхны суурь үнэ 59 ам.доллар гэж нээлтийн ёслолын үеэр албаныхан мэдээлсэн байна. Одоогоор “Эрдэнэс Тавантолгой”компанитай урт хугацааны гэрээ байгуулсан компаниудын дээд үнэ дээрх үнэ учир энэ үнээр тохирч, цаашид индексжүүлсэн байдлаар тооцож явах аж. Ингэснээр ЭТТ-н зүгээс нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр борлуулах буюу илүү өндөр үнээр борлуулах боломжоо алдсан гэсэн үг. Гэхдээ үнэ унахаас үүдэлтэй алдагдал хүлээхээс сэргийлж чадсан нэг зүйл нь борлуулалтын үнэ ЭТТ-н олборлолтын өртгөөс доош орохгүй байхаар тохирсон байна. Энэхүү заалт ялангуяа эрчим хүчний нүүрсэнд ихээхэн хамааралтай юм.
Эрчим хүчний нүүрс. Дээрх хоёр гэрээний хамгийн их анхаарал татаж байсан асуудал бол нүүрсний ангилал. 2030 он хүртэл жил бүр борлуулах 5 сая тонн нүүрс, түүнээс цааш шинэ уурхайгаас олборлож борлуулах жил бүрийн 20 сая тонн нүүрс буюу нийт 220 сая тонн нүүрс нь бүгд коксжих нүүрс байх уу, эсвэл бүх төрлийн нүүрс байх уу гэдэг нь хамгийн чухал асуудал байсан. УИХ-аар хэлэлцэж байх үед ч нүүрсийг сорчилж буюу дан коксжих нүүрс олборлож, нийлүүлэх нь буруу гэдэг шүүмжлэл хүчтэй байсан. “Чалко”-гийн гэрээнд зөвхөн хатуу коксжих нүүрс гэж заасан байдаг нь ордыг сорчлон олборлож байна гэдэг шүүмжлэлийг дагуулж байсан. “Чайна Энержи”-гийн гэрээнд жилийн борлуулах нүүрсний 30 хувийг эрчим хүчний нүүрс, үлдсэнийг нь коксжих нүүрс байхаар тусгасан байна. Коксжих нүүрс гэдэгт хагас коксжих буюу 1/3 коксжих нүүрс ч багтана гэсэн үг. Уг заалтыг оруулж чадсанаар “Эрдэнэс Тавантолгой” ордоо сорчлохгүй ашиглах боломжоо хадгалж үлдэж чадсанаас гадна урт хугацаанд эрчим хүчний нүүрсний тогтвортой худалдан авагчтай болж буй давуу талыг авч чадсан гэсэн үг юм.
Гэрээт оператор. “Чайна Энержи” компани Бортолгой, Ончхараатын ордын ашиглалт, борлуулалт, тээвэрлэлтийг бүхэлд нь хариуцах сонирхолтой байсан. Тэгвэл ЭТТ компани уурхайн хяналт, борлуулалтын бодлогоо алдах, цаашлаад компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан юм. Хэлэлцээрийн явцад Бортолгой, Ончхараат ордын хайгуул, ТЭЗҮ гээд бүх “бичиг цаасны” ажлыг ЭТТ хариуцахаар болсон байна. Мөн дээрх ордуудад хуулийн дагуу гэрээт операторын сонгон шалгаруулалт зарлах аж. “Чайна Энержи”-гийн охин компани гэрээт оператороор ажиллах бөгөөд ЭТТ-н бусад гэрээт оператор компаниудтай адилхан нөхцөлд ажиллах юм байна. Мөн гэрээт операторын үнэ нь ч дотоодын гэрээт операторуудын үнэтэй өрсөлдөх түвшинд байх юм. “Чайна Энержи” гэрээт операторын төлбөрөө юаниар тохирохыг хүссэн ч эцэстээ төгрөгөөр тооцохоор болсон байна. Харин нүүрс борлуулалтыг ЭТТ хариуцах бөгөөд төлбөрийг ам.доллараар хийхээр тохирчээ. Ингэснээр “Чалко” шиг дуртай үедээ олборлож, борлуулж, үнэ унаж, дургүйгээ хүрэхээр олборлолтоо зогсоох гэх мэт олон давуу эрх эдлэх боломжгүй болж байгаа аж. Товчхондоо бол ЭТТ-н хоёр уурхайг хятадуудад өгөх гэж байна гэсэн олон нийтийн шүүмжлэлээс зайлсхийж чадсан гэхэд болно.
Нүүрс тээвэр. Нүүрсийг ам нөхцөлөөр борлуулснаар тээврийг Хятадын компаниуд бүрэн эзэлж, Монголын тээврийн компаниуд шахагдаж, ажилгүй болно гэсэн болгоомжлол байсан. Харин “Тавантолгой төмөр зам” компани “Чайна Энержи”-тэй 16 жилийн хугацаатай гэрээ байгуулснаар Тавантолгойгоос Ганшуунсухайт боомтын нүүрс ачиж буулгах терминал хүртэл төмөр замаар тээвэрлэхээр болсон байна. Энэ хугацаанд нийт 2.5 тэрбум ам.долларын ашгийг тээврээс олно хэмээн “Тавантолгой төмөр зам” компанийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун мэдэгдсэн. Тээврийн үнэ нь нүүрсний үнэтэй уялдаж, индексжүүлсэн байдлаар тооцох аж. Нүүрсний үнэ унавал хямдарч, үнэ өсвөл дагаж өснө гэсэн үг. Ингэснээр уурхайн ам нөхцөл, хил нөхцөлийн ялгаа бараг байхгүй болсон гэхэд болно. Жил бүрийн 20 сая тонн нүүрсний экспортын тээврийн зардал, ашиг Монголд үлдэж байгаа давуу тал юм. Ийнхүү ирэх 20 жил ЭТТ-н цаашлаад Монголын нүүрсний салбарын өнгө, төрхийг тодорхойлохуйц том гэрээг байгууллаа. Гэрээний, басхүү гэрээний гүйцэтгэлийн ил тод байдлыг хангах нь наанадаж компанийнхаа удирдлагуудыг хуулийн байгуулагад дуудагдахгүй байх, цаашлаад Засгийн газарт тогтвортой байдалд чухал гэдгийг өнөөдрийн түүх харуулж буйг эргэн сануулъя.
Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар, 2025 №05 (042)