"Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил" өндөр түвшний уулзалт Эрдэнэт хотод (2025.09.10) болсон билээ. Уг уулзалтыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ санаачлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дэмжин, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Канадын Уул Уурхайн Ассоциаци хамтран зохион байгуулсан юм. Энэхүү өндөр түвшний уулзалт дээр Монгол Улсын зэсийн салбарыг тодорхойлж буй гол үйлдвэрлэгчийн нэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэгдэж байгаа Цагаансуварга төслийг хэрэгжүүлэгч Монголын Алт" (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир нар илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлийг онцлон “Майнинг Инсайт” сэтгүүл уншигчдадаа хүргэж байна. "Монголын Алт" (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширын илтгэлтэй танилцана уу.
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫН ДООГУУР ОРЖ “ЭРХ ЗҮЙН ЧАДАМЖГҮЙ” БОЛСОН БАЙНА
Эрхэм хүндэт уурхайчид аа,
Эрхэм хүндэт зочид оо,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Өнөөдрийн илтгэл маань “МАК компанийн тогтвортой хөгжлийн бодлого, чиглэл” гэсэн сэдэв байгаа. МАК компани 1993 онд байгуулагдсан. Анх геологи хайгуул, уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр эхэлж байсан бол өдгөө долоон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Нэг үгээр хэлбэл МАК бол монголын уул уурхайн салбарын өнгөрсөн 30 жилийн “толь” гэж хэлж болно. Миний бие Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уулын инженер маркщейдер мэргэжлээр төгсөж, энэ салбарт 40 гаруй жил, уул уурхайн чиглэлээр үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг МАК компанийг байгуулаад 30 гаруй жил удирдан ажиллаж байна. Тийм болохоор Тогтвортой хөгжил, түүний бодлого чиглэл “энэ салбарт маань байсан уу? байна уу?” гэдгийг эргэцүүлэн, энэ үүднээс өнгөрсөн түүх ярих нь зүйтэй гэж үзлээ.
МАК-ийн үйл ажиллагаа алтны үйлдвэрлэлээс анх эхэлж, бид алтны үндсэн ордыг ашиглах хамгийн анхны “Бумбат” үйлдвэрийг 1997 онд байгуулан, уусгалтын аргаар алт авах CIP технологийг монголд анх нэвтрүүлж байлаа. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч агсан П.Очирбатын санаачлагаар төрөөс “Алт” хөтөлбөр хэрэгжиж байсан ба монголын уул уурхай нь алтны салбар, алтны үйлдвэрлэл дээр төвлөрч байсан гэж хэлж болно. Гэхдээ дэлхийн зах зээл дээр алтны үнэ одоогийнхтой харьцуулахад хавьгүй доогуур, унци алт 250-270 орчим ам.доллар байсан юм. Үндэсний болон гадны хөрөнгө оруулагчид монголын эрдэс баялагын салбарыг идэвхитэй сонирхож, дэлхийн томоохон уул уурхайн компаниуд Монголд ирж, зарим нэг нь геологи хайгуул, уул уурхайн ашиглалтад хөрөнгө оруулж байсан цаг үе. Магадгүй энэ он жилүүдийг монголын уул уурхайн салбар цаашид “тогтвортой хөгжих гарааны цаг үе” байсан ч гэж хэлж болно. Харамсалтай нь зарим нэг поп улс төрчдийн “хараа” энэ үеэс уул уурхайн салбар дээр “тусаж”, “онилж” хууль эрх зүйн орчныг доройтуулсан хуулиуд гарч эхэлсэн.
Тухайлбал:
• 2006 онд батлагдсан алт зэсэнд ногдуулсан 68 хувийн татварын тухай хууль,
• 2006 онд Ашигт малтмалын тухай хуулинд орсон “стратегийн ач холбогдолтой орд”-ын талаархи заалт”
• 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан “Урт нэртэй хууль”
Мөн тухайн үед эрх мэдлийн оргилд хүрсэн төрийн өндөр дээд албан тушаалтан уул уурхайн компаниудыг өөрийн эрхшээл, нөлөөлөлд оруулах оролдлогыг хяналт, шалгалт, хууль хүчний байгууллагын тусламжтайгаар гүйцэлдүүлэх оролдлого идэвхижиж байсан. Үүнтэй зэрэгцэн 2006 онд МАК компани алтны шороон болон үндсэн ордын үйлдвэрлэлээ зогсоож, энэ салбараас гарч явсан. “Ард түмэнд таалагдах”, “төрийнх л байвал ард түмэнд өгөөж болон очино” гэсэн нийгмийн сэтгэл зүйд нөлөөлсөн улс төрчдийн попрол, төр, хувийн хэвшил гэсэн ялгавартай хандлага нь уул уурхайн салбарын “уналт”, “хөгжлийг гацаах эхлэл” болж, “хөрөнгө оруулагчид гарч явах”, “дотоодын зарим нэг аж ахуйн нэгжүүд үүд хаалгаа барих”, “бодлого, чиглэлээ өөрчлөхөд” хүргэсэн гэж би дүгнэдэг.
МАК компани 2000 оноос эхлэн өөрсдийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тав таван жилээр боловсруулж, тэр хүрээндээ жил жилийнхээ ажлаа төлөвлөж ирсэн. Уул уурхайн салбарыг чиглэсэн, түүний хөгжлийг сааруулсан дээрхи он жилүүдээс эхлэн “улс төржилт нь арай бага”, “ард түмний эсэргүүцэл тэмцлийн талбар болохооргүй”, тогтвортой хөгжлийг хангачих, аль болох эрсдэл багатай тэр салбаруудад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаагаа чиглүүлэхээор Үндсэн чиглэлдээ өөрчлөлт оруулсан юм. Энэ салбарууд бол: барилгын материалын үйлдвэрлэл, эрчим хүч, аялал жуулчлал, авиа компани, хөдөө аж ахуй, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл. Барилгын материалын үйлдвэрлэлд түгээмэл тархацтай голдуу түүхий эд ашигладаг, нөгөө талаас түүгээр хийсэн бүтээгдэхүүний чанар зах зээлд нэр хүндтэйгээс гадна валютын урсгалыг хааж, ажлын байр бий болгож байгаа болохоор олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд харьцангуй улс төрийн нөлөөлөл бага байдаг.
МАК компанийн цемент, евроблок, хаалга цонх, агааржуулалтын хоолой зэрэг барилгын материалын үйлдвэрүүдийн Евростандартын өндөр чанартай бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн таашаалыг бүрэн хангадаг бөгөөд ХБНГУ, Австри, Итали, Турк, Финланд, Дани, Испани зэрэг Европын орнуудын дэлхийд танигдсан брэндийн технологи, бүрэн болон хагас автомат тоног төхөөрөмжүүд суурилагдсан байдгаараа онцлогтой. Тухайлбал хуурай аргын технологи бүхий цементийн үйлдвэрт гэхэд “Робот лаборатори” ажиллаж, түүхий эдийн хольц болон чанарын хяналтыг хором бүр өндөр нарийвчлалтай хийдэг тул чанар, стандартын алдаагүй, евро стандартын шаардлага хангасан цементээр дотоодын зах зээлийг хангах нөхцлийг бүрдүүлсэн Азидаа хоёрдогч үйлдвэр юм.
Уул уурхайн салбар дахь улс төржилтийн горыг амсаж байгаа сонгодог жишээ бол Цагаансуваргын зэс-молибдений төсөл гэдгийг Та бүхэн мэдэх байхаа. Тухайн үеийн нэгэн Ерөнхий сайдын попролтоос үүдээд Европын Сэргээн Босголт хөгжлийн банкны 450 сая ам. долларын санхүүжилт зогсоход хүрч, улмаар төслийн хүрээнд олгогдсон байсан 200 гаруй сая ам. долларыг МАК эргэн төлөхөд хүрсэн. Банкны өмнө хүлээсэн үүрэг, эх орон, компанийн нэр хүндийн үүднээс эргэн төлөлтөө бүрэн барагдуулж дуусгасан билээ. Зарим нэг улс төрчдийн Цагаансуваргыг тойрсон поп үйлдэл өнөөг хүртэл нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөн, ард түмний нэрийг барьсан тодорхой хэсгийг турхирсан хэвээрээ байна. Тус ордын төрийн эзэмшлийн хувь оролцооны асуудал Монгол Улсын Их Хурлаар шийдвэрлэгдэж, хууль зөрчөөгүйг нь Үндсэн хуулийн цэц дүгнэж, Засгийн Газартай Хөрөнгө оруулалтын Гэрээгээр баталгаажсан хэдий ч манайд хууль засагладаггүйн тод жишээ болон 10 гаруй жил улс төржсөөр л байна.
Цагаансуваргын орд нь нөөцийн хувьд Эрдэнэтээс 5 дахин, Оюутолгойгоос 27 дахин бага, жижиг орд хэдий ч хүдрийн ил уурхай, баяжуулах үйлдвэрийн бүхий л процесс, технологийн шат дамжлагууд нь ижилхэн. Энэ ордыг Монголын үндэсний компани барьж байгуулан, эдийн засгийн эргэлтэд оруулах нь цаашид уул уурхайн салбарт монголчууд бид өөрсдөө бүтээж, байгуулж, ашиглаж чаддаг юм шүү гэсэн “жишигийг тогтоох” үндсэн агуулгатай билээ.
Нэгэнт Цагаансуваргыг ярьсаных уул уурхайн салбарын “тогтвортой хөгжилд” нөлөөлж буй нэгэн хүчин зүйл болох Ашигт малтмалын тухай хуулинд байгаа Стратегийн ач холбогдолтой ордын тодорхойлолт, түүнээс үүдэн гарсан бусад хууль тогтоомжийн талаар, засаж сайжруулах арга замын талаар ярих ёстой гэж бодож байна. Ашигт малтмалын тухай хууль бүхэлдээ бол бас тийм ч муу хууль биш ээ. Гагцхүү түүний зарим нэгэн зүйл заалт, тухайлбал тус хуулийн 4.1.12-д "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд" гэж үндэсний аюулгүй байдал, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа буюу үйлдвэрлэх боломжтой ордыг гэж заасан байдаг. Гэтэл “.., дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 5%-аас дээш хэмжээний..,” гэж тогтоосноор хэдэн оны дотоодын нийт бүтээгдэхүүн болох, мөн хэдэн оны ашигт малтмалын олборлолт, борлуулалт, зах зээлийн ямар үнийг баримталж харьцуулах талаар маргаан гарах бөгөөд үүнийг шийдвэрлэх нь бэрхшээлтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь эдийн засгийн өсөлт, бууралтаас хамаарч тогтвортой бус байдаг учраас уг шалгуураар ордыг “стратегийн ач холбогдол бүхий” гэдэгт хамруулах, эсвэл хасах байдал бий болдог. Тухайлбал, цар тахлын нөлөөгөөр Монголын төдийгүй дэлхийн дийлэнх улс орны ДНБ-ий хэмжээ буурсан. Үүнээс шалтгаалаад өмнө нь “стратегийн” гэх тодорхойлолтод ороогүй ордууд “стратегийн” болох магадлал бий болсон. Мөн металлын зах зээл дэх үнийн өөрчлөлтийг дагаж стратегийн ордод хамаарах эсэх нь хэлбэлзэж, энэ заалтаас шалтгаалан тогтворгүй байдал бий болох нөхцөл байдал үүсдэг. Үнэ өсөхөд жижиг ордуудыг ч стратегид хамруулах, эсвэл үнэ буурах циклийн үед том ордуудыг стратегиас гаргах шаардлага, нөхцөл, тохиолдол хуульд нээлттэй байх зэрэг олон асуудал бий.
Ер нь бол дэлхий нийтийн жишигт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэх ойлголт Монголоос өөр оронд байхгүй. Харин дэлхийн уул уурхайн салбарт “Стратегийн болон Критикал ашигт малтмал” буюу сүүлийн үеийн нэршлээр “чухал ашигт малтмал” гэсэн ойлголт байдаг. Стратегийн ач холбогдолтой ашигт малтмал гэдгийг олон улсад мөрдөж буй жишиг, шалгуураар тодорхойлж, томьёолох нь дэлхий дахины хөгжил, улс гүрнүүдийн үзэл баримтлал, чиг хандлагатай уялдсан шийдвэр болох билээ. Иймд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэх ойлголтыг “стратегийн ач холбогдолтой ашигт малтмал” гэдгээр нэршил, агуулгыг өөрчлөх шаардлагатай.
Энд бас нэг хөндөх асуудал бол: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж гарсан Ашигт малтмалын тухай хуульд орсон 2024 оны нэмэлт, өөрчлөлт. Энэ асуудал сүүлийн үед нийгмийг талцуулж, зарим нэг улс төрийн хүчин, улстөрчдийн популизмын “бай” болж байгаа нь Монгол Улсын эдийн засаг, гадаадын хөрөнгө оруулалтад нөлөөлөх, эдийн засгийн дархлаа сулруулах эрсдэлтэй гэж би хардаг. Үндсэн хуульд заасан, нийт ард түмэнд өгөөж нь очих ёстой Баялагийн сан ганцхан л байх ёстой. Энэ сан нь олон нийтийн өмнө нээлттэй, шударга хувиарлалттай, маш сайн менежменттэй, шилэн, олон улсын сайн туршлага дээр үндэслэсэн байх ёстой. Аливаа улс төрийн намын сонгуулийн зардал, төсвийн цоорхой, алдагдлыг нөхдөг хэрэгсүүр, сонгуульд ялсан намын дарга-Ерөнхий сайдын захиран зарцуулах эрх мэдлийн хүрээнд байж болохгүй.
Нөгөөтэйгүүр газрын хөрсөн дор байгаа баялагийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хайгуулаас эхлээд бүтээн байгуулалт хүртэлх зарсан хөрөнгө, бүтээсэн бүхнийг улс “үнэ төлбөргүй нийгэмчлэх, дайчлан авах, хураах” талаар хуульд орсон өөрчлөлтөө засаж залруулахын тулд Үндсэн хуулиа зөрчсөн энэхүү хуулийг бүхэлд нь цуцлах ёстой. Энд хүрэлцэн ирсэн сайд дарга нарын анхааралд оруулах бас нэг асуудал бол: Уул уурхайн салбарын эрх зүйн үндсэн баримт бичиг болох Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт нь Засгийн Газрын тогтоолын доогуур орж “эрх зүйн чадамжгүй” болсон. Мөн хуулиасаа илүү “хүчин чадалтай” тоо томшгүй олон журам үйлчилж байна. Ганцхан жишээ дурдъя. Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.3-т АМНАТ-ыг гэрээний үнээр тооцохоор заасан боловч хуулийн заалтаас давсан Засгийн газрын тогтоолоор баталсан журам үйлчилж байна. Яг энэ асуудлын хүрээнд сүүлийн 15 жилийн хугацаанд Засгийн Газрын гаргасан тогтоол, шийдвэр 8 удаа (дунджаар 2 жилд 1 удаа) өөрчлөгдсөн. Тухайлбал нүүрсний жишиг үнийг зарлахдаа тээврийн зардал, НӨАТ, гаалийн хураамж, талбайн зардал, импортын татвар, ариутгалын төлбөр зэрэг зардлууд багтаасан бодит бус, олборлогчоос хамааралгүй зардлууд орсон дүнгээс авдаг. АМНАТ тооцох жишиг үнэ нь гэрээний үнээс 2-2.7 дахин өндөр байгаа бөгөөд 11-14%-ийг АМНАТ-д төлж байна. Зах зээлээс шалтгаалан нүүрсний үнэ 40 хувиар унасан, уулын ажлын нөхцөл хүндэрсэн, өртөг нэмэгдсэн энэ цаг үед ч АМНАТ тооцох жишиг үнэ буурсангүй. Одоо эрчим хүчний нэг тонн нүүрс тутамд 5-10 ам.долларын алдагдал хүлээж байна. Нүүрсний АМНАТ тооцох жишиг үнийн энэхүү буруу тогтолцооноос шалтгаалан өндөр үнэтэй, чанартай нүүрсээ сорчлон олборлох, нөгөөтэйгүүр, бохирдол бүхий нөөцийг хаях нөхцөл байдал руу түлхэж, ихээхэн хэмжээний хуримтлал бүхий нүүрсний овоолго үүсээд байна. Энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 35-ийн “.., ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах, сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасантай зөрчилдөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хуулиас давсан журмын үйлчлэл нь хуулиа зөрчихөд хүргэж байна. Хараахан албажаагүй ч саяхнаас борлуулах нүүрснийхээ 25 хувийг биржээр зарж, түүгээр жишиг үнээ тогтоох тухай журам гарсан гэсэн. Зах зээл дээр нүүрсний эрэлт ихтэй үед биржээр зарах боломжтой болохоос өнөөдрийнх шиг өөрсдөө гуйж, очиж нүүрсээ борлуулж байгаа үед энэ механизм үйлчлэхгүй.
Эцэст нь хэлэхэд, ер нь бол аливаа төсөв мөнгө, татвар хураамж, бизнесийн орчны өөрчлөлт орох хууль болгоныг дагаж Ашиг малтмалын тухай хуульд маань өөрчлөлт ордог гэвэл нэг их хилсдэхгүй. Нийтдээ 40 гаруй удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалтыг өөрчилж шинэчилсэн гэсэн тоо баримт байдаг. Сүүлдээ өөрчлөлтөнд орсон “хууль хоорондын” давхардал, хийдэл, зөрчлөө ч олохын аргагүй болсон. Цагийн урсгал бүрт өөрчлөгддөг ийм хуультай байхад “Тогтвортой хөгжил” ярих боломж байх уу? Уул уурхайн салбарын маань бодит дүр зургийн “нэгээхэн хэсэг” нь ийм байгаа. Цаана нь Тогтвортой хөгжилд хүчтэй нөлөө үзүүлдэг татварын орчин, дэд бүтэц, хүний нөөц, байгаль орчин, орон нутгийн харилцаа хандлага гээд олон асуудал бий. Би үгийнхээ эхэнд МАК бол уул монголын уурхайн салбарын толь, түүний тусгал гэж хэлсэн болохоор энэ бүхнийг ярьж байгаа юм шүү.
Одоо МАК компанийн тогтвортой хөгжлийн бодлого чиглэлийнхээ асуудлыг дэлгэрүүлж ярья.
Компанийн хувьд хоёр жилийн өмнө өнгөрсөн 30 жилийн үйл ажиллагаагаа дүгнэж, дараагийн 30 жилийн зорилтоо тодорхойлсон. Ирэх 30 жил бол хиймэл оюун ухаан, ногоон технологи дээр суурилсан ногоон хөгжил, ногоон эдийн засгийн бүтцийг байгуулах зорилт байгаа.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Устөрөгчийн үйлдвэрлэл, дагалдах бүтээгдэхүүний гүн боловсруулалт” төслийн хүрээнд жилд 250 мянган тонн метанол үйлдвэрлэх, улмаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ашиглах үййлдвэрийн зураг төслий ажлыг эхлүүлээд байна. Мөн дэлхийн 60 гаруй орны туршлагыг судлан Монгол Улсын Устөрөгчийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулан салбарын сайдад хүргүүлээд байгаа ба Засгийн Газрын хуралдаанаар оруулан УИХ-д өргөн барьж, энэ намрын чуулганаар хэлэлцүүлэн батлаж өгөхийг дашрамд хэлмээр байна.
Цаашид төслийн II ба III үе шатанд 304 мянган тонн устөрөгч үйлдвэрлэн экспортод гаргах, том хэмжээний хөрөнгө оруулалт бүхий нүүрс-хими гэх шинэ аж үйлдвэрийн салбарын үндсийг тавих юм. Эрчим хүчний зарцуулалт өндөр, найдвартай ажиллагаа чухал энэ төслийн хүрээнд 300 мВт цахилгаан станц баригдах юм. Ер нь бол эрчим хүчний эх үүсвэргүйгээс шалтгаалаад уул уурхай төдийгүй аж үйлдвэр монголд хөгжихгүй байгааг хэн хүнгүй мэднэ. МАК компани нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр нийлбэр дүнгээр 50 мВт чадалтай 90 мВт/цаг бүхий хураагуур бүхий станцыг өөрсдийн үйлдвэрүүдийн дэргэд байгуулж, хэрэглээндээ ашиглаж байна. Хүлэмжийн хийн ялгаралтыг багасгах, хүний нөөцийн хомсдлоос гарах, өртөг зардлаа бууруулах үүднээс уул уурхайн машин, тоног төхөөрөмжүүдийг цахилгаанжуулах, операторгүй, хиймэл оюун ухаанд суурилсан уурхай байгуулах чиглэлд хөгжлийн бодлогоо тодорхойлон ажиллаж байна.
Монгол Улсын байгалийн үзэсгэлэнт болон түүхэн газруудыг түшиглэсэн өндөр зэрэглэлийн аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах, гадны жуулчдад хямд үнэ бүхий агаарын тээврээр үйлчлэх замаар монголд ирэх урсгалыг татах, ашиг орлогоо нэг нь нөгөөгөөсөө нөхдөг байх, говь, хангай, тал хээр гэсэн аялалтын маршрутын сүлжээг бий болгох үүднээс аялал жуулчлал-агаарын тээврийг хамтад нь хөгжүүлж байна. Өнгөрсөн он жилүүдэд тохиосон цар тахлын нөхцөл байдлын үед улс орнууд хамгийн түрүүн хилээ хаах арга хэмжээ авч байсныг бид бүхэн санаж байгаа. Үүнээс сургамж авч хүн амын хүнсний хангамжийг дотроосоо бүрэн шийдвэрлэдэг болох Ерөнхийлөгчийн санаачлага, төрийн бодлогын хүрээнд орчин үеийн өндөр технологид суурилсан агуулах, зоорийн аж ахуй, сайн чанарын сорт бүхий үрээр тариалсан газар тариалан, түүгээр үйлдвэрлэсэн гурил, гурилан бүтээгдэхүүн, органик хүнсний ногоо, жимсний аж ахуйг хөгжүүлэх чиглэлд МАК компанийн үйл ажиллагаа чиглэгдэж байна.
Үүгээр миний илтгэл өндөрлөж байна.
Монголын уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн үйл явцад саад болж буй хүчин зүйлсийг төр засагтайгаа хамтран шийдвэрлэж, хөгжилд хүрэх оновчтой арга замаа зөв тодорхойлж, сайтар төлөвлөн, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг эрх зүйн хүрээнд нь бүрдүүлж, манай салбарыг ойлгож, дэмжих олон нийтийн эерэг хандлагыг нэмэгдүүлснээр уул уурхайн салбар тогтвортой хөгжиж, улс орны хөгжлийн хурдасгуур болно гэж МАК групп үздэг.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
1 Сэтгэгдэл