Ерөнхий сайд Г.Занданшатарын шийдвэрээр Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсан. Тус төвийн анхны үйл ажиллагаа Монгол дахь Америкийн худалдааны танхимтай хамтран өнгөрсөн 7 хоногт зохион байгуулсан байна. Харин энэ удаад уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын орчин, тулгамдаж буй асуудлыг шийдэх, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогын санал, шийдэлтэй танилцах зорилго бүхий “Уул уурхайн салбарын 7 хоног” үйл ажиллагааг өнөөдөр (2026.01.26) эхлүүллээ.
Үйл ажиллагааг нээж ЭЗХ-ийн дэд сайд С.Даваасүрэн үг хэлсэн. Тэрбээр “2022-2024 онд уул уурхайн салбарын орлого 70 тэрбум орчим ам.долларт хүрсэн. Үүнийг зүйрлүүлж хэлбэл 2005-2015 оны Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээ юм. Бүхэлдээ уул уурхайн салбарт түшиглэсэн улс гэдэг нь эндээс харагддаг. Эдийн засгийн өсөлтийг төрөлжүүлэх, тэр дундаа уул уурхайн салбарыг түшиглэсэн аж үйлдвэржилтийг бий болгох, бусад бизнесийн орчныг төрөлжүүлэх хэрэгтэй байна. Ийм зорилгоор Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулагдсан” гэдгийг онцоллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Дэлхий нийтийн анхаарлын төвд орсон чухал ашигт малтмалын тухай зохицуулалтыг анх удаа манай улс хуулиндаа тусгасан. Салбарын бодлого хуучин нэг л бодлого барьдаг байсан. Гэтэл уул уурхай түүхий эд болгон тусгайлсан бодлого явуулж байж амжилтад хүрдэг. Өнөөдрийн манай эдийн засаг, манай салбар ганц нүүрсэнд тогтсон эдийн засагтай байна. 850 тэрбум ам.долларын жилийн эргэлттэй ийм салбарт манайх том тоглогчдын нэг боловч харамсалтай нь ганц түүхий эдээс хамааралтай болчихсон. Энэ түүхий эд унахад эдийн засаг дагаад унаж байна. Тиймээс хоёр дахь, гурав дахь хөдөлгүүрийг бий болгох ёстой. Өөрөөр хэлбэл салбарын дотоод бодлогыг төрөлжүүлэх бодлогыг оруулж ирнэ. Зэсийн салбарыг хоёр дахь чиглэл гэж харж байна. Газрын ховор элемент, ховор металлыг дараагийн салбар гэж харж байна. Зэсийн 450 тэрбум ам.долларын дэлхийн зах зээл улам бүр өсөж байна. Ийм хүрээний том өөрчлөлтийг бид хийнэ.
АМНАТ-ийг орон нутагт тодорхой хувийг шууд олгодог зохицуулалт руу орно. Ховд аймагт, Дорнод аймагт юу болж байгааг харж байна. Уул уурхайн салбарт жилээс жилд орон нутгийн эсэргүүцэл нэмэгдэж байна. Бид үүнийг хүртээмжээр зохицуулна. Түүнээс цагдаа явуулж, торгож, шийтгэснээр асуудлыг шийдэхгүй. АМНАТ-өөр бараг хагас их наяд төгрөг улсад төвлөрч байгаа. Үүний дийлэнхийг Өмнөговь аймаг, тэр дундаа Цогтцэций, Ханбогд гэсэн сум бүрдүүлдэг. Цогтцэций сумын сургууль нураад уначихсан байгаа. Тэр нутгийн ард иргэд уурлах нь зөв. Яагаад гэвэл улсын төсвийн 10 хувийг бараг дангаараа бүрдүүлж байгаа. Гэтэл Архангай аймаг уул уурхайгүй аймаг гэж зарлачхаад бараг ижилхэн хөрөнгө оруулалт аваад, зам тавьж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг бариад байвал шударга уу. Салбар бол үгүй гэж үзэж байна.
Дэлхий бүхий л улс орнууд суурь судалгааг улсын төсвөөр хийдэг. Газрын хэвлийд ямар нөөц, хөрөнгө байгааг харж байдаг. Нөөцийн хэмжээгээр хөрөнгө оруулалт татах суурь бий болдог. Манай эдийн засаг 1990 оноос өмнөх эрэл, хайгуулын судалгааны үр дүн дээр амьдарч байна. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт бүгд энд багтана. Түүнээс хойш нээгдсэн хамгийн том орд Оюутолгой байна. Үүнээс цааш том орд нээгдэхгүй. Яагаад гэвэл байгалийн баялгийн үндсэрхэг үзэл рүү орчихлоо” гэв.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Бидний зах зээл 3.5 сая хүн амтай, иймээс эдийн засгийг тэлэх, бодлогын өөрчлөлт явуулах хэрэгтэй нь харагдаж байгаа. Үүний тулд хөрөнгө оруулалт шаардлагатай, эсвэл гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох хэрэгтэй байна. Бид Евразийн эдийн засгийн холбоотой гэрээ хийсэн. Дотоод эдийн засгийг тэлэх гол хөшүүрэг бол хөрөнгө оруулалт, тэр дундаа уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт. Уул уурхай салбарт хөрөнгө оруулалт зогсонги байгаа нь бидэнд хөрөнгө оруулагчид итгэл алдсан. Бодлого, улс төр тогтвортгүй, бизнесийн орчинд ойлгомжгүй байдал үүссэн. Иймд Засгийн газрын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” гэсэн уриа энд явж байгаа. Бид алдагдсан илтгэлээ олж авах хэрэгтэй. Тэгж байж улс оронд эдийн засгийн сэргэлт ирнэ. Үүний тулд эрс реформ хийх зайлшгүй шаардлагатай” гэдгийг тодотголоо.
Илтгэл тавигчдын зүгээс гадаадын хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулахад 20-30 хувиар буурсан. Буурсан шалтгаан нь уул уурхай, Оюутолгой болон бусад хөрөнгө оруулалт нөлөөлсөн. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурч байгаа нь хайгуулын лицензтэй шууд холбоотой гэдгийг хэлж байлаа. Мөн мөнгөний ханш тогтвортой байх нь хөрөнгө оруулагч олдох магадлалыг нэмэгдүүлдэг байна.
Нэгдүгээр сарын 26-30-нд үргэлжлэх "Уул уурхайн салбарын 7 хоног" үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцана уу.























