Майнинг Инсайт сэтгүүл Саудын Арабаас мэдээлж байна.
Тав дахь удаагийн Ирээдүйн эрдэс форумын эхний өдөр (2026.01.14) Рияд хотод амжилттай болж өндөрлөлөө. Форумд ашигт малтмалын өртгийн сүлжээний бүх шатны сайд нар, салбарын удирдагчид, оролцогч талуудыг хамарсан 20 мянга гаруй хүн оролцлоо. Нээлтийн өдөр стратегийн чиглэлтэй, харилцан ярианд суурилсан 60 орчим хуралдаан зохион байгуулагдаж, ашигт малтмалын салбарын ирээдүйг тодорхойлох, салбарын тэргүүлэх зорилтуудыг уялдуулах дэлхийн хэмжээний тэргүүлэх платформ гэдгийг Ирээдүйн эрдэс форум дахин баталлаа.
Ирээдүйн эрдэс форумыг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Эрхэмсэг ноён Бандар бин Ибрахим Аль-Хорайеф Саудын Араб ашигт малтмалын салбарын бодлогыг урагшлуулах, Хаант улсыг дэлхийн хэмжээнд шинээр тодрон гарч буй эрдэс баялгийн төв болгох амлалтыг дахин илэрхийлсэн. Тэрбээр уг форум нь зөвхөн яриа хэлэлцээний талбар байхаас хальж, бодит үйл ажиллагаа, бодлогод нөлөөлөх түвшинд хүрснийг онцлон тэмдэглэж, 2026 оны уриа болох “Даян дэлхийн шинэ үйл хэргийн эхлэл” сэдэвтэй бүрэн нийцэж буйг онцолсон юм.
Тэрбээр үргэлжлүүлэн 100 гаруй улс, 59 олон улсын байгууллагын төлөөллийг хамарсан Сайд нарын дугуй ширээний уулзалтын үр дүн нь Чадавх бэхжүүлэх Шилдэг төвүүдийг хөгжүүлэх, хариуцлагатай уул уурхайн стандартуудыг бэхжүүлэх, Дэлхийн банк группын шинэ ашигт малтмалын стратегитай уялдуулах чиглэлд бодит ахиц гарсныг харуулсан бөгөөд яриа хэлэлцээнээс бодит хэрэгжилт рүү шилжих шилжилт явагдаж буйг нэмж дурдлаа.
Тав дахь удаагийн форумд Хөрөнгө оруулалтын сайд Эрхэмсэг ноён Халид бин Абдулазиз Аль-Фалих оролцож, ирэх арван жилд өсөн нэмэгдэх ашигт малтмалын эрэлтийг хангахын тулд дэлхийн уул уурхайн салбарт ойролцоогоор 5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг онцоллоо. Тэрбээр Саудын Араб уул уурхайг эдийн засгийн гол тулгуур салбар болгож чадсан нь итгэж болохуйц, тодорхой алсын хараа, ил тод геологийн мэдээлэл, түүнчлэн төмөр зам, боомт, аж үйлдвэрийн хотууд зэрэг чухал дэд бүтцэд төрөөс дэмжлэгтэй хөрөнгө оруулалт хийсний үр дүн болохыг нэмж хэллээ.
Тэрбээр мөн, Саудын Араб өөрийгөө дэлхийн ашигт малтмалын төв болгон байршуулж байгааг онцлон тэмдэглэж, урт хугацааны хөрөнгө оруулалтын мөчлөгтэй, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, геополитикийн хурцадмал байдал нэмэгдсэн энэ үед салбарт хөрөнгө татахад тогтвортой байдал, тодорхой орчин нэн чухал гэдгийг онцолсон юм.
Хөрөнгө оруулалтын сайд Халид бин Абдулазиз Аль-Фалих, ашигт малтмалыг эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдлын чухал ач холбогдолтой салбар гэж үзэх хандлага нэмэгдэж байгаа нь тогтвортой улс орнуудтай стратегийн түншлэл байгуулах шинэ боломжуудыг нээж байгааг дурдсан бөгөөд орчин үеийн уул уурхай нь зөвхөн олборлолтоор хязгаарлагдахгүй, харин тогтвортой хөгжилд хүрэх зам болж байгааг онцоллоо.
Форумын үеэр Хаант улсын ашигт малтмалын өртгийн сүлжээнд боломжуудыг дэмжих зорилготой хоёр шинэ хувийн сан байгуулагдсаныг зарлаж, хөрөнгө оруулагчдын итгэл, салбарын төлөвшлийг дахин баталгаажууллаа. Эдгээр санаачилгад уул уурхайн төслүүд болон дунд хэмжээний бизнесүүдийг дэмжих стратегийн түншлэлүүд багтаж байна.
Эхний өдөр Саудын Аж үйлдвэрийн хотууд ба Технологийн бүсүүдийн газартай хамтран хэрэгжүүлэх томоохон дэд бүтцийн санаачилгыг эхлүүллээ. Үүний эхний төсөл нь Жабал Сайид бүсийн хөгжлийг дэмжих, уул уурхайн төслүүдийн хэрэгжилтийг хурдасгах зорилготой 75 км урт цэвэршүүлсэн ус дамжуулах хоолой барих ажил юм. Судалгаа, технологийн чиглэлээр үндэсний байгууллагууд хайгуул, боловсруулалт, дижитал болгох үйл явцыг дэмжих олон улсын стратегийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурлаа.
Мөн хэд хэдэн дагалдах арга хэмжээ зохион байгуулагдсаны дотор 57 улсын 1800 гаруй оролцогчийг хамарсан “Ирээдүйн эрдсийн пионерууд” дэлхийн инновацын уралдааны анхны ялагчдыг шалгаруулж, шагнал гардуулах ёслол онцлох үйл явдал байлаа.
























