Хонгилын үзүүр дэх гэрэл ба геологи хайгуулын үе шат

И.ХАЛИУНАА

Геологич, судлаач

Уурхайн амьдралын мөчлөгийг бид бүгд мэднэ. Геологийн зураглал – хайгуул, өрөмдлөг– үнэлгээ/нөөцийн тооцоолол, ТЭЗҮ – бүтээн байгуулалт – олборлолт – хаалт. Энэ дундаас хамгийн өндөр эрсдэлтэй нь юу вэ гэж асуувал хариулт тодорхой бөгөөд бүгдийн амнаас гарах үг... Геологи хайгуулын үе шат. Учир нь хайгуул бол харанхуй өрөөнд лаа барьж алхахтай адил, алхам тутамд шинэ илрэл, хувирал, эрдэс, элементийн хуримтлал илэрч ашигт малтмалын үүц орд газар тогтоогдож, уурхай болон өргөжиж ч магадгүй. Эсвэл зөөлөн салхинд лаа унтраад, бүгд харанхуй хэвээр үлдэж ч мэднэ. Өнөөдөр дэлхийн өнгөт металлын хайгуулын төсөв 2023 онд 12.76 тэрбум ам.долларт хүрсэн ч үндсэн эхэн үеийн хайгуул буюу “grassroots” хайгуулын эзлэх хувь түүхэндээ хамгийн бага түвшиндээ орсон нь сонирхолтой.¹ ² Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарынхан шинэ нээлт хийхээсээ илүү хуучин тогтоогдсон илрэл, орд, уурхай тойрсон эрсдэл багатай газар өрөмдөхийг илүүд үзэх болжээ. Эрсдэл гэдэг зөвхөн геологийн таамаглал биш. Хөрөнгө босгох хүндрэл, сүүлийн үед амтай болгон шуурах болсон нийгмийн зөвшөөрөл, хууль эрх зүйн саад, байгаль орчны шаардлага зэрэг нь геологи хайгуулын анхны алхмаас л хамтдаа дагалдаж, заримдаа том “хадан хясаа” болон тулгардаг саад тотгор болж хувирсан. ³ ⁴

ХАЙГУУЛ ЯАГААД ЭРСДЭЛТЭЙ ВЭ?

Ашигт малтмалын орд гэдэг “намайг илрүүлж, орд болгож уурхайлаад улсаа тэжээгээч” гээд гадарга дээр гараа дэлгээд геологичдыг угтдаг цаг нэгэнт 30 жилийн тэртээ үлджээ. Учир юу гэвэл сүүлийн жилүүдэд геологи хайгуулын чиг хандлага гадаргуугийн орд газраас гүний ордууд руу шилжиж байна. Энэ нь сүүлийн нэг зууны турш дэлхийн уул уурхайн салбарт илрүүлсэн ордууд ихэнх нь гадаргууд ойр ордууд байхаас гадна ихэвчлэн ил уурхайгаар олборлох боломжтой байсан нь хөрөнгө оруулагчдад таатай байв. Үүндээ дассан хөрөнгө оруулагчдад илүү гүн рүү хийх хайгуулд илүү их хөрөнгө оруулалт хийх нь ихээхэн эрсдэлтэй санагдах болжээ. Сүүлийн 10 жилийн турш ордын нээлтийн тоо хэмжээ цөөрч, хайгуулын зардал өсөж буй нь нэг таалаараа үүнтэй холбоотой. Жишээлбэл, 2022 онд дэлхийн хайгуулын төсөв 13.6 тэрбум ам.долларт хүрч Ковидын дараах сэргэлтийн оргил үедээ хүрсэн ч 2023 онд энэ тоо 3 хувиар, 2024 онд 12.7 тэрбум ам.доллар болж буурснаас цаашид ч илүү буурах хандлагатай байгааг харж болно. Голлох шалтгаанууд нь, 


ТҮҮХ ӨГҮҮЛСЭН ГУРВАН ЖИШЭЭ

Өрөмдсөн бүхэн орд болдоггүй, хөрөнгө оруулсан бүхэн ашиг олдоггүй нь геологи, хайгуулын салбарын бичигдээгүй хууль. Гэхдээ дээрх бүх эрсдэлийг үл ажран олон жил, олон зуун сая долларыг зарцуулсны эцэст өдгөө олон тэрбум долларын үнэ цэнтэй том орд болсон тохиолдол олон биш ч бий. Нөгөө талдаа тэр их цаг хугацаа, хөрөнгө мөнгийг зарцуулж нээсэн орд байлаа ч ашиглаж чадахгүй, үр өгөөжийг нь хүртэж чадахгүй тохиолдол дутахгүй олон. Энэ хоёрын дундуур хууран мэхлэх, эсвэл бүр бидний хэлдгээр худал мэдээлэлд итгэж “цөм шатсан” жишээ ч хэдэн арваар тогтохгүй байдаг. Геологи хайгуулын салбарын олон өнгө төрхөөс онцлох сонирхолтой жишээнүүдийг хуваалцая. 

1.    Оюу толгой – Өндөр өртөгтэй ч үнэ цэн бүтээсэн

Монголын өмнөд говьд байрлах Оюу толгой бол “эрсдэл амжилт болж хувирсан” хамгийн тод жишээ. 2001 онд анхны өрөмдлөг эхэлж, 2003 он гэхэд өрмийн 18 машин тасралтгүй ажиллаж байсан нь тухайн үед дэлхийн хамгийн том хайгуулын нэг болж байлаа.⁷ “Айвенхоу Майнз” компанийн тайлангуудаас хара хад 2008 онд хайгуулын зардал 250.6 сая ам.доллар, 2009 онд 177.1 сая ам.доллар (үүнээс 130.9 сая нь Монголд), 2010 онд дахин 218.6 сая ам.доллар зарцуулжээ⁸. 

Нэг үгээр бол хайгуулын шатанд л тэрбум гаруй доллар “шатсан” гэсэн үг. Гэхдээ энэ “шаталт” үнэ цэн болж хувирч, өнөөдөр Oюу толгой нь дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг, жилд 450 мянган тонн зэс үйлдвэрлэх чадвартай болсон.⁷ Зүйрлэвэл, Оюу толгойн хайгуул бол шөнөжин галласны эцэст өглөөг гэр бүлээсгэн угтдаг зуух шиг түлш түлээ их зарцуулсан ч Монголын эдийн засгийг гэрэлтүүлэх галын дөл асаасан хэрэг.

2.    Bre-X– Хуурамч алт ба хэт үнэтэй дампуурал

1990-ээд оны дунд үед Канадын Bre-X Minerals компани Индонезийн Калимантанд асар том алтны орд илрүүлсэн гэж зарлаж, зах зээлийн үнэлгээ нь 6 тэрбум канад долларт хүрсэн. Гэвч 1997 онд Freeport-McMoRan компанийн хяналтын өрөмдлөгөөр алтаар “давсалсан” буюу зориуд алт нэмж хийсэн гэдэг нь илчлэгдэж, бүхэл бүтэн компанийн үнэ цэн ТЭГ болов.⁹ ¹⁰ 

Гэрэл зураг: 1997 он, Борнео дахь Bre-X багийнхан, зүүнээс баруун тийш: талбайн менежер Жером Альто, Тэргүүн дэд ерөнхийлөгч Жон Фелдерхоф, хайгуулын менежер Майкл де Гузман болон геологич Чесар Пуспос. Энэ зурагнаас хэдхэн сарын дараа Де Гузман 1997 онд нисдэг тэрэгнээс ослын улмаас нас барсан. Зураг: Northern Miner / Postmedia Archives.

Тэд уг “давслалт”-ыг хийхдээ 1994 онд төслийн ахлах геологич Майкл де Гузман өөрийн хуримын бөгжийг эвдэн нунтагласан өрөмдлөгийн дээжид хольж шинжилгээнд илгээн энэ алдарт луйварыг эхлүүлж улмаар 2 жил хагасын турш 61 мянган ам.доллар зарцуулан нутгийн иргэдээс алт худалдан авч өрөмдлөгийн дээжинд нунтаглаж хийн шинжилгээнд илгээсэн байна. Энэ бол хайгуулын түүхэн дэх хамгийн “үнэтэй” бүтэлгүйтэл. Шууд зардал нь Оюу толгой шиг өндөр байгаагүй ч энэ хууран мэхлэлт 1997 онд алдарт хууран мэхлэгчдийн хамт татуулсан зураг, луйвар нь илэрсний дараахан болсон төслийн хайгуулыг хариуцсан менежер, ахлах геологич Майкл де Гузманы нисдэг тэрэгний осол, компанийн дампуурлаар төгсгөл болсон ч хөрөнгө оруулагчдын алдагдсан хөрөнгө, зах зээлийн итгэл, нэр хүндийн сүйрэл нь хэдэн тэрбумаар хэмжигдэн уул уурхайн салбарын түүхэнд хар мөр үлдээсэн юм. Bre-X хэргийн дараа Канад улс NI 43-101 стандартыг хэрэгжүүлж, хайгуулын үр дүнг мэргэжлийн геологич баталгаажуулах, дээж авах, лабораторийн чанарын хяналтыг хатуу журамласан. Өнөөдөр уул уурхайн салбарынхан тэр тусмаа геологичид “өндөр агуулгатай алтны илрэл” сонсоод шууд баярлахын оронд “Заавар талбайд очиж шалгах, цооногийн байршил багажаар хэмжсэн, яг баттай эсэх, QA/QC шалгасан уу, өрөмдөж үзсэн үү, яг чөмгөн дээжийг нь шалгасан уу?” гэж асуудаг болсон нь Bre-X-ийн үлдээсэн сургамж билээ.

3.    Pebble, Аляска – Геологийн хувьд асар том ч, уурхайлж чадахгүй орд

АНУ-ын Аляскад орших Pebble орд бол геологийн хувьд гайхалтай зэс, алт, молибдений асар их нөөцтэй порфирийн систем. Гэвч өнөөдрийг хүртэл олборлолт эхлээгүй. Хөрөнгө оруулагчид 20 гаруй жилийн хугацаанд 1 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө хайгуул, судалгаанд зарцуулжээ.¹¹ Гэвч 2023 онд АНУ ын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) тус төслийг Цэвэр усны тухай хуулийн 404(c) заалтаар хориглосон. Шалтгаан нь уурхайн хаягдал нь дэлхийн хамгийн том зэрлэг загасны бүс болох Бристол Бэйд заналхийлнэ гэсэн дүгнэлт. Ингэснээр Pebble бол “алттай авдар байгаа ч түлхүүрийг нь төр болон түмэн олон хурааж авсан” түүх болж байна.

ГУРВАН ТҮҮХЭЭС БИД ЮУ СУРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

1. Орд нээлтийн амжилт нь зөвхөн чадварлаг геологичид бус, гурван гэрэл ногоон байх ёстой: 

» Геологийн потенциал-бодит дата 

» Эдийн засаг-хөрөнгө оруулалт 

» Нийгмийн зөвшөөрөл, хууль эрх зүй 

Дэлхийд алтны олборлолтоороо хоёрдугаарт эрэмбэлэгддэг алдарт Barrick Gold компанийн Ашигт малтмалын геологичдын холбооны (The Society of Economic Geologists) 2023 оны хурлын үеэр тавьсан илтгэлийн гол санаандаа “хайгуулын шатанд ашиглагдах инновациуд геологийн суурь ойлголт, мэдлэг ур чадварт суурилсан байх ёстой ба орд нээлтийн тоо буурах нь мөнгө, хөрөнгөний асуудал биш харин хүн хүч, стратегийн асуудал” хэмээн онцолж үйлдвэрлэлд илүү олон хайгуулын геологичид болон урт хугацааны тогтвортой стратеги хэрэгтэй” гэж дурьдсан.

2. Өртөг өндөр байх тусам эрсдэл томорно. 

Оюу толгой дээр өндөр зардал үнэ цэн бүтээсэн бол Bre-X дээр хөрөнгө оруулагчдын тэрбумууд усны уур мэт замхарч алга болсон. 

3. Өнөөгийн чиг хандлага: 

Компаниуд шинэ орд хайхаас илүү хуучин тогтоогдсон илрэл, орд, уурхайн эргэн тойронд хайгуул хийхийг илүүд үзэж байна. Энэ нь богино хугацаанд эрсдэл бууруулж болох ч хэтэрхий урт хугацаанд дэлхийн “tier-1” тогтоогдсон ордуудад тулгуурласнаар шинэ нээлтүүд цаашид ч буурах аюул бий.¹ ²

4. Зөвшөөрлийн эрсдэл бол хайгуулын эрсдэл. 

OECD-ийн онцолсончлон, зөвшөөрөл авах хугацаа уртсаж, нийгмийн хүлээлт нэмэгдэж байгаа энэ үед зөвхөн хайгуулчдын өрөм биш, “нийгмийн лиценз” ч хамт өрөмдөж эхлэх шаардлагатай.³ ⁶

Эцэст нь буюу EOH… Геологийн хайгуул бол уурхайн амьдралын хамгийн эрсдэлтэй бөгөөд чухал үе шат. Хайгуул хийгдэхгүй бол уурхай битгий хэл орд ч үгүй. Энэ бол харанхуйд гэрэл хайж алхах аялал бөгөөд заримдаа алтан хаалга нээгдэнэ, заримдаа хаалга хуурамч зураг байсан нь илэрнэ, заримдаа хаалга байгаад ч цоожтой, түлхүүрийг төр, түмэн олон нь нийлж аваад хол шидчихсэн ч байж болно. Өнөөдөр дэлхий дахинд шинэ металлын хэрэгцээ улам нэмэгдэж, тогтоогдсон ордуудын нөөц дуусаж буй энэ үед хайгуул бол зайлшгүй тоглох ёстой тоглоом. Харин тоглоомын дүрэм нь тодорхой бөгөөд шударга байдал, шинжлэх ухааны баталгаатай геологичдын арга барил, нийгэмтэй нийцтэй хамтын ажиллагааны нийлмэл цогц байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, хайгуулын ажил, түүнд шаард лагатай хөрөнгө оруулалт бол “сум шиг мөнгө” бөгөөд нэгэнт тавьсан бол буцаж ирэхгүй. Харин зөв чиглэлд тавьж чадвал тэр сум улс орны хөгжил, дэлхийн эрчим хүчний ирээдүйг онох хүчтэй.

REFERENCE 

  1. S&P Global Market Intelligence (2024). World Exploration Trends 2024. 
  2. S&P Global (2024). Global Exploration Budget Trends 2023–24.
  3. OECD (2024). Critical Minerals and Permitting Challenges. 
  4. EY (2025). Top 10 Risks and Opportunities in Mining and Metals. 
  5. Financial Times (2024). Global Miners Cut Exploration Budgets. 
  6. Schodde, R. (2023). Discovery Trends and the Cost of Exploration. 
  7. Ivanhoe Mines (2003–2010). Oyu Tolgoi Drilling Records. 
  8. Turquoise Hill Resources (2008–2010). Annual Financial Statements.
  9. CBC (1997). The Bre-X Scandal. 
  10. National Instrument 43-101 (1998). Canadian Securities Regulators. 
  11. Reuters (2024). Northern Dynasty Sues EPA over Pebble Veto.

Майнинг Инсайт сэтгүүл, наймдугаар сар 2025, №08, (045)