Хил залгаа ГХЭ-ийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судална

“Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр (2025.09.23) Төрийн ордонд эхэллээ. Сонсголын нээлтийн илтгэлийг АҮЭБЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр хүргэлээ. 

Дэлхийн газрын ховор элементийн (ГХЭ) нийт нөөцийн 40 хувь нь Хятад улсад тогтоогдсон бөгөөд дэлхийн нийт нийлүүлэлтийн 70 орчим хувь, нийт үйлдвэрлэлийн 60 орчим хувийг дангаараа хангаж, хэрэглэдэг. 

Хятадын ГХЭ-ийн төслүүдийн 83 хувийг хөнгөн, 17 хувийн хүнд ислийн үйлдвэрлэл эзэлж байна. Үүнээс нийт хөнгөн ГХЭ-ийн ислийн үйлдвэрлэлийн 68.3 хувийг ӨМӨЗО, 28.7 хувийг Сычуань, 3 хувийг Шандуньд явагдаж байна. Харин нийт хүнд ГХЭ-ийн ислийн 50.3 хувийг Жянши, 14 хувийг Гуанси, 12.3 хувийг Гуанжоу, 12.2 хувийг Фужянь, 11.2 хувийг Хунань, 1.1 хувийг Юньань үйлдвэрлэж байна. 

ОХУ газрын ховор элементэд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. 

Тус улс 2021 онд 2700 тонн газрын ховор элементийн исэл үйлдвэрлэсэн бол 2030 он гэхэд үйлдвэрлэлээр Хятадын дараа буюу хоёрдугаарт орох томоохон зорилго тавин ажиллаж байна. 

Орос нутгийнхаа хойд хэсэгт байрлах Томторын ГХЭ-ийн орд газрыг ашиглахад 45 тэрбум рублийн хөрөнгө оруулалтыг Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэр гаргасан байна. 

Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогод газрын ховор элементийн талаар,

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого 
Зорилт 4.2 Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлж, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоно. 
1. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, боловсруулалтын түвшин нэмэгдсэн байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр
3.3.1.7 Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг бодлогоор дэмжинэ. 
гэж тус тус заасан байдаг. 

Манай улсад газрын ховор элементийн Лугийн гол, Хотгор, Мушгиа, Халзан бүрэгтэй, Цагаан чулуут, Улаан дэл гэсэн зургаан ордод B+C зэргээр хүдрийн хэмжээ 1 тэрбум тонн байна. Харин Re2O3 буюу ислийн хэмжээ B+C зэргээр 3.1 сая тонн, монацит 274.55 байна. 

Цаашид газрын ховор элемент, өндөр технологийн түүхий эдийн чиглэлээр дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах үүднээс хайгуулын ажлыг эрчимжүүлж, ашиглагдаж буй ордуудын баяжмалын хаягдлыг шинжлэх, хил залгаа ГХЭ-ийн ордуудын үргэлжлэлийг Монгол Улсад судална. 

Дээрх зургаан ордод технологийн шийдэл, хөрөнгө оруулалт эцэслэн шийдэгдээгүй болохоор тодорхой хэмжээгээр төрийн бодлого шаардлагатай, олон улсаас туршлага судална. 

Эхний ээлжинд БНСУ-Монгол Улсын хамтарсан ховор металлын судалгааны төвийг байгуулах ажлыг 2023 онд эхлүүлсэн. Өнөөдөр Улаанбаатар хотод дэд бүтцийг шийдвэрлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд суурь судалгааг идэвхжүүлэх, боловсон хүчнийг бодлогоор бэлдэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнээс тоног төхөөрөмж, байрны асуудлыг шийдсэн. Ирэх 11 дүгээр сард ашиглалтад орох мэдээлэлтэй байна.