УИХ-ын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.05.26) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.
Уг хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2014 оноос хойш буюу сүүлийн 12 жилийн турш Улсын Их Хурал, Засгийн газрын түвшинд багагүй ярьсан бөгөөд Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга, Улсын Их Хурлаас баталсан тогтоолуудын хүрээнд богино хугацаанд нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулсныг Г.Дамдинням сайд тодотгоод хуулийн төслөөр 40 гаруй хувийн өөрчлөлт оруулж буйг дурджээ.
Монгол Улсын уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа эрчимжихийн хэрээр түүнийг даган бий болж байгаа шинэ тутам харилцааг 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахад хүндрэлтэй болж байгаа тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх, ашигт малтмалын баяжуулах үйл ажиллагааны зохицуулалт, геологи, уул уурхайн салбар дахь орон нутгийн оролцоог оновчтой болгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Орон нутгийн нэгдсэн хөгжлийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх агуулгын хүрээнд төслийг боловсруулсан байна. \



















