Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Уншигч та Mining Insight сэтгүүлийн хавтасны гарчгаас энэ дугаарын гол сэдвийн агуулгыг төсөөлсөн биз ээ. 2025 оны хоёрдугаар сар Монголын уул уурхайд дуулиан шуугиантай үйл явдлаар эхэллээ. Энэ нь Засгийн газрын хуралдаануудаас удаа дараалан гарч буй стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох шийдвэрүүдтэй холбоотой.
Хоёрдугаар сарын эхний долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар (2025.02.06) Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) өөр УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг томилсон тухай мэдээлэл гарав. Уг асуудлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуцаж байсан бөгөөд шинэ БЭТ яг ямар эрх, үүрэгтэй нь ойлгомжгүй. Дараахан нь Монгол Улсын Ерөнхий сайдын 32 тоот захирамжаар (2025.02.17) Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулав. Уг ажлын хэсэг Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудал, энэ талаар УИХ, Засгийн газрын өмнө гаргасан шийдвэрт дүн шинжилгээ хийж, холбогдох санал дүгнэлт боловсруулж, танилцуулах үүрэг хүлээжээ. Хоёр өдрийн дараах Засгийн газрын хуралдааны дараа (2025.02.19) Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээлэл хийж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, стратегийн ордууд, түүнийг эзэмшиж буй аж ахуйн нэгжүүд дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын 2016 оны тогтоолоор баталгаажуулсан 16 стратегийн орд, нэмэлтээр нөөц нь тогтоогдсон 50 орчим ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтооно хэмээн мэдэгдэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ес хоногийн дотор ажлаа амжуулж, Ухаахудаг ордыг хувийн хэвшилд олгосон Засгийн газрын шийдвэрт дүн шинжилгээ хийсэн Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын ээлжит хуралдаанд (2025.02.26) танилцуулав. Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Ухаахудаг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод авах 2007 оны УИХ-ын тогтоол биелээгүй, өдийг хүртэл зөрчигдөж явсан байна гэсэн дүгнэлтийг Засгийн газарт танилцуулж, шалгах ёстой нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж буйгаа хэвлэлийн хурлаар зарлав. Ерөөс хоёрдугаар сарын турш Засгийн газар хуралдах бүртээ стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг ярьж, тэр бүртээ ямар нэг шийдвэр гаргаж буйг дээрх тоймоос анзаараа бизээ. Завсар нь БЭТ бас хэвлэлийн хурал (2025.02.20) зарлан, сүртэй сүртэй хов ярьж, дүвчигнээд амжив. Энэ бүхний дараа Mining Insight сэтгүүл хоёрдугаар сарын дугаартаа 2025 оны турш үргэлжилж таарах уг үйл явцын мөрөөр, стратегийн ордын хууль эрхзүйн орчинг бий болгон хуульчилсан 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүний араас 2007 онд гарсан УИХ-ын алдарт 27 дугаар тогтоол, түүнд дурдсан ордуудын заримтай хийсэн Засгийн газрын хэлэлцээрүүд, тэдгээрийг тойрч өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, баримтыг тодруулахыг зорьсон цогц мэдээллийг нийтэллээ. Түүний зэрэгцээ өрнөж буй үйл явц бол стратегийн хэмээн тодорхойлсон хэдхэн орд уурхайн асуудал биш. Монголын уул уурхайн салбарын ирээдүйн хөгжилтэй холбоотой юм. Тиймээс эхний хэлэлцээрийг хийх “Энержи Ресурс”, МАК компаниуд, тэдний тэргүүнд буй Ж.Оджаргал, Б.Нямтайшир захирал нараас их зүйл шалтгаална. Стратегийн ордуудад ямар зарчим тогтохыг энэхүү хэлэлцээрүүдийн үр дүн харуулна. Үүнийг С.Болд Эрдэнийн бичсэн “Стратегийн ордуудын хувь заяаг Б.Нямтайшир, Ж.Оджаргал нарын хэлэлцээрээс хамаарна” нийтлэл дэх “Ирэх жилүүдэд илүү чухал алт, зэсийн том төслүүдээ амжилттай хөдөлгөхийн сацуу, тэр нь Монголын уул уурхайн нэрийн өмнөөс шинэ төслүүдэд гарц нээсэн, салбарын ирээдүйг харсан сонголт байж,
Засгийн газартай хэлэлцээсэй гэсэн итгэл найдварыг уул уурхайн салбарынхан тэр чигтээ өвөрлөн, хүлээж байна” гэснийг давтан эшлэхийг хүслээ. Яг одоо Монголын уул уурхайнхан үгээ цэнэж, дуугаа хураажээ. Мэдээлэл зөвхөн ганц л урсгалаар, Засгийн газраас, Ерөнхий сайд хийгээд, сайд нарын мэдэгдлээр хөвөрч байна. Олон талын байр суурь, үзэл бодол, нийгмийн эрүүл саруул хэлэлцүүлэг мэтгэлцээн огт өрнөхгүй байна.