Шинэ гэрээний ардах Эрдэнэс Тавантолгойн сорилт

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

17 жил яригдаж, мөн хугацаагаар гацсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийн хил холбох бүтээн байгуулалт тавдугаар сард албан ёсоор эхлэв. Энэ бол жирийн нэг дэд бүтцийн ажил биш юм. Хоёр хөршийн улс төр, эдийн засгийн тохиролцооны үр дүн. Хамгийн чухал нь энэ замаар Монгол Улс нүүрсний экспортоо тогтвортой хийх суурь нөхцөл тавигдана. Тиймээс түүхэн хэмээн тодотгож буй хил холбох төмөр замын бүтээн байгуулалт эхэлснийг “Майнинг Инсайт” тэргүүн нүүртээ тэмдэглэн үлдээлээ. Гэхдээ төмөр замын сүр дуулиант нээлтийн ард зурагдсан чухал гэрээнүүд хамгийн чимээ анир багатай өнгөрөв. Тэдгээрээс төмөр замын төлбөрийг төлөх, цаашлаад Монголын нүүрсний салбарын ирээдүйд гүнзгий нөлөөлөх хоёр гэрээг “Майнинг Инсайт” энэ дугаартаа онцолж байна. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын төрийн өмчит “Чайна Энержи” компанийн хооронд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 30 тэрбум ам.долларын урт хугацааны гэрээ, уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны гэрээ нь шууд утгаараа асарт зурагдсан ч гэлээ онцгой чухал гэрээнүүд юм. Улс төр, уул уурхайнхны хүрээнд жил тойрон агуулга нь яригдсан, ийм урт хугацаа, өндөр үнийн дүн бүхий гэрээ зурагдах мөчдөө анхаарлын төвөөс ангид байсан нь сонин. “Чалко”-гийн гэрээнээс хойшхи хамгийн том уул уурхайн хэлцлийг “пиар”-т онцгой хүч, анхаарал тавьж ирсэн Засгийн газар ийм үл ойлгогдох “даруухнаар” хийсэн нь ч бас хачирхмаар. Энэ нь ердийн хэрэг үү, эсвэл анхааралд өртөхөөс зайлсхийсэн “бодлоготой” алхам уу гэх асуулт зүй ёсоор тавигдаж байна. Үүний цаадах хамгийн гол асуулт нь чимээгүй зурагдсан гэрээний цаад агуулга юм. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн том нүүрсний компанийн ирээдүйг тодорхойлох хэмжээний энэ гэрээ бодитой ашгаа өгөх үү, эсвэл өмнөх “Чалко”-гийн гэрээний алдааг дахин давтах эрсдэлтэй юү гэдэг асуулт яг одоо хариултгүй байна. 

“Чайна Энержи”-тэй хийсэн 30 тэрбумын гэрээ Монголын экспортын орлогыг багагүй хугацаанд тогтворжуулах, төмөр замын ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх стратегийн шийдвэр хэдий ч гэрээний агуулга хангалттай тайлбарлагдсангүй. Гэрээний үнийг анх яригдаж байснаас өөрчлөн, “анхны үнэ+улирлын индекс” нөхцөлөөр тооцохоор тохирсон нь “Эрдэнэс Тавантолгой” (ЭТТ)-г хэдэн жил өөд нар харуулаагүй алдарт “Чалко” гийн гэрээтэй адил нөхцөл юм. Яг энэ замаар ЭТТ нэгэнтээ явсан, явахдаа алдсан сургамжтай. “Чалко”-гийн гэрээгээр нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээс 30-50 хувь хямдаар нийлүүлж асан түүх давтагдах вий гэх болгоомжлол гэрээ байгуулахаас өмнө жил тойрч яригдсан. Тэгвэл өдгөө гэрээний агуулга ил болоогүй, энэ талаар эрх бүхий албан тушаалтнууд мэдээлэл өгөхгүй байгаа нь “Чалко”-гийн гэрээний сүүдрээс ангижирч чадалгүй, мөн л “ашиггүй байж мэдэх” нөхцөлтэй гэрээ байгуулсан юм биш биз гэх хардлагыг даамжруулж байна. Ил болсон зарим нөхцөлөөс харахад, нүүрсний ангилал, гэрээт операторын зохицуулалт, тээврийн үнийг нүүрсний үнэтэй уялдуулан индексжүүлсэн зэргээрээ “Чалко”-гийн гэрээний дэргэд харьцангуй баланстай мэт. Гэхдээ энэ бүхэн ЭТТ-д цаашлаад Монгол Улсад ашигтай эсэхийг дүгнэхэд мэдээлэл дутмаг байна. Нөгөө талаар гэрээний анхны суурь үнийг 59 ам.доллар гэж мэдээлснээс харвал ЭТТ-н хувьд нүүрсээ биржээр, хил нөхцөлөөр илүү өндөр үнээр борлуулах боломжоо алдаж байна. 

Цаашлаад уурхайн ам нөхцөлөөр, хамгийн доод үнээр экспортлох энэхүү “шинэ тогтолцоо” хөгжиж ядан яваа Монголын уул уурхайн биржийн механизмыг хязгаарлах эрсдэлтэй ч байж мэднэ. Гэрээний агуулга нээлттэй биш байгаа тул өнөөхөндөө зөвхөн олдсон мэдээллийн хүрээнд хардлага, таамаглалын зааг дээр ийнхүү бичиж байгаа нь мэдээллийн хомсдолынх юм. Энэ нь шинээр байгуулсан гэрээний нөхцөлүүдийг нээлттэй, ил тод болгох шаардлагатайг харуулж байна. Учир нь энэ гэрээ бол зөвхөн төмөр зам байгуулахын төлөө хийж буй “нүүрсний наймаа” биш. Энэ бол Монголын нүүрсний хамгийн том компани “Эрдэнэс Тавантолгой”, дагаад Монголын нүүрсний салбарын ирээдүйд гэрэл, сүүдэр нь шууд тусах том тохиролцоо юм. “Чайна Энержи”-гийн энэ гэрээгээр Тавантолгойн дараагийн том сорилт эхэлж байна. Зөвхөн хил холбох төмөр замын нээлт бус, түүний цаана зурагдсан гэрээнүүдийн нөлөө, бодит үнэнд анхаараасай хэмээн С.Болд-Эрдэнийн ““Чалко”-гийн сүүдэрт байгуулсан “Чайна Энержи”-гийн гэрээ” нийтлэл, Гашуунсухайт-Ганцмодын 0 цэгээс Э.Оджаргалын хийсэн сурвалжлагыг Уншигч таны анхааралд өргөн барьж байна.