Ирээдүйн эрдэс

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

Ирээдүйн эрдэс” нэртэй анхны дугаараа “Майнинг Инсайт” 2021 оны арванхоёрдугаар сард гаргаж байв. “Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний шилжилт, ногоон сэргэлтийн төлөөх хүчин чармайлтууд, технологи хиймэл оюуны хөгжил, түүхий эдийн шинэ эрэлт, чухал ашигт малтмал, тэдгээрийн авчрах хувьсал өөрчлөлтийн талаарх сэдвүүд “Майнинг Инсайт”-ын нүүр хуудаснаа үргэлжийн чухал байр суурьтай байна. Ийм хувьсал, өөрчлөлт бүрийн гэрч нь байж, ярилцах хуудсаа ямагт нээлттэй байлгана” хэмээн дөрвөн жилийн тэртээ тэргүүн өгүүлэлдээ бид зорилго, агуулгаа тодорхойлж байлаа. Анхны тэр л зорилгынхоо дагуу, бид уншигчдынхаа уул уурхайн талаарх мэдээллийг үргэлж сэргэг, шинэлэг байлгахын тулд олон улсын хурал чуулгануудтай хэвлэл мэдээллийн түншлэлээ өргөжүүлсээр, мэдээллийн солилцоог тэлсээр ирлээ. 

Уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээний индэр PDAC-ийг 2022 онд сурвалжлах үеэрээ “Майнинг Инсайт” Зохион байгуулах хороотой мэдээллийн түншлэл эхлүүлснээс хойш жил бүр хамтран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Европ дахь уул уурхайн салбарын гол арга хэмжээ Raw Materials Summit, Европын Холбоо болон Австрали улсад зохиогддог Digitalization in Mining хурал, World Resources Forum буюу Дэлхийн нөөцийн чуулган, Select Global Events байгууллагаас зохион явуулдаг хамгийн том арга хэмжээний нэг The Magnetics show ны албан ёсны мэдээллийн түншээр ажиллаж байна. Эдгээр түншлэлийн хүрээнд хилийн чанад дахь уул уурхай, хөрөнгө оруулалт, критикал түүхий эдийн чиглэлийн гол хурлуудын онцлох мэдээллийг Монголын уул уурхайн сал барынханд хүргэх ажлыг манай багийн хан хичээнгүйлэн гүйцэтгэсээр ирэв. 

2025 он гарсаар манай сэтгүүл Саудын Араб улсад зохиогддог “Ирээдүйн түүхий эд” форум болон Индонезийн “Критикал түүхий эдийн чуулга уулзалт” тай түншлэл эхлүүлсэн шинэ мэдээгээр эхний дугаараа эхлүүлж байна. Бид мэдээллийн түншлэлээ ийнхүү Ойрхи Дорнод, Зүүн Өмнөд Ази руу тэлж байгаадаа баяртай байна. 2025 оны зургаадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Жакартад болох чуулган Зүүн Өмнөд Азийн уул уурхайн салбарын асуудлаар 60 гаруй орны 2000 гаруй мэргэжилтнийг хамарч хуралдах ба “Никель ба Кобальт”, “Хөнгөн цагаан”, “Цагаан тугалга”, “Нүүрс” гэсэн тусгай хурлуудаас бид сурвалжлан мэдээлэх болно. Харин “Future Minerals Forum”-ын хувьд 2022 оны нэгдүгээр сард Саудын Араб улс анх ирээдүйн эрдэс түүхий эдийн ханган нийлүүлэлтийг хэрхэн тогтвортой, хариуцлагатайгаар авч явах асуудалд шийдэл хайсан хурлыг зохион байгуулж, Монголоос цор ганц уул уурхайн мэргэжилтэн оролцож байсан юм. Тэгвэл дөрөв дэх удаагийн форумыг сурвалжлах боломжийг зохион байгуулагчид “Майнинг Инсайт” сэтгүүлд олгосноор “Future Minerals Forum 2025”-ыг манай сэтгүүлч сурвалжлаад ирлээ. Уг хурлыг биднээс гадна Монголын сэтгүүлчдийн өргөн бүрэлдэхүүн сурвалжилсан. “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд найман редакц “Future Minerals Forum” ыг сурвалжлан, шинэ үйл явдлаар туршлагаа баяжуулсан юм. Хөтөлбөрийг Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна. Future Minerals Forum-ыг сурвалжлахад “Рио Тинто Монголиа” компани мөн дэмжин ажилласан. Уул уурхайн хувьд маш сонирхолтой цаг үе, дэлхийд бид амьдарч байна. Дэлхийн эрчим хүчний шинэ газрын зураг зурагдаж байгаа шиг уул уурхайн газрын зураг ч цоо шинээр зурагдаж байна. Энэ зургийг хэрхэн зурах, улс орнууд хаана, хэрхэн байршихаа нухацтай ярилцаж байна. 

Өнөөдрийн уул уурхай ирээдүйн, ирэх 20-30 жилийн дэлхийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй нөхцөл үүсэж, Засгийн газрууд, томоохон компаниуд, хөрөнгө оруулагчид энэхүү сорилтыг хэрхэн даван туулах талаар ухаан бодлоо уралдуулж байна. Уул уурхайн хувьд өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хэрхэн хангах вэ гэдэг асуудал өмнө хэзээ ч ингэж тулгамдаж байсангүй. Бас энэ асуудлаар хэзээ ч ийм олуулаа, ийм өргөн хүрээнд гарц гаргалгаа хайж байгаагүй байх. Саудын Арабын Рияд хотноо 18 мянгуулаа цуглаад, гарц шийдлээ ярилцлаа. Энэ талаар “Майнинг Инсайт” газар дээрээс нь сурвалжилсан тусгай секцээ өргөн барьж байна. Ирээдүйг тодорхойлох чиг хандлагын талаарх олон хүний дуу хоолой, байр суурийг хүргэхийг хичээлээ. Ирэх жилийн нэгдүгээр сард өнөө яригдсан бүхэн хэрхэн хэрэгжсэнийг “Future Minerals Forum”-аас хийх тусгай сурвалжлагаараа хөндөхдөө бид таатай байх болно. Бас Монголын уул уурхайгаас илүү олон хүн зорьж очин уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татах, Саудын Арабын туршлагаас суралцаж, дэлхий нийтийн хандлагыг тольдоосон хэмээн хүснэ.