Засгийн газрын “стратегийн ач холбогдолтой бодлого”

С.Болд-Эрдэнэ

Монголын уул уурхайн салбарт өрнөж буй үйл явдал хийгээд дэлхийн ашигт малтмалын салбарыг цочроож буй үйл явдлуудыг зэрэгцүүлэн харвал стратегийн ач хол богдолтой бодлогууд хүчтэй хэрэгжиж байгаа мэт. Украин улс ашигт малтмалын нөөцөөр баян улс аж. Тэр дундаа критикал минералын ашиглагдаагүй нөөц арвинтай. УкраинОХУын дайныг улс төр, эдийн засаг, геополитик гээд олон талаас нь тайлбарлаж ирсэн ч ашигт малтмалын салбартай холбож төдийлөн ач холбогдол өгч байсангүй. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Украинд өгсөн тусламжийнхаа хариуд тус улсын критикал минералыг АНУ ашиглах гэрээ байгуулах талаар шаардсаныг барууны шинжээчид олон өнцгөөс тайлбарлаж байна. Д.Трампын мэдэгдлийн дараа Европын холбооны Ерөнхийлөгч Урсулу Фон Дер Ляйен Украины Ерөнхийлөгчтэй уулзаж, үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ мэдэгдсэн. АНУ, Европын холбоо, Украины дунд ашиг сонирхлын олон огтлолцол байгаагийн нэг нь критикал минералын нөөц, түүний ашиглалт болж байна. Сонирхолтой нь Европын холбоо дайны өмнөхөн буюу 2021 онд Украинтай критикал минералын хайгуул, ашиглалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, гэрээ хүртэл байгуулсан аж. Нөгөө талд Украины ашигт малтмалын гол нөөц бүхий газар нутгийн багагүй хэсгийг хэдийнэ ОХУ хяналтандаа оруулаад байна. 

Дэлхий нийт нэгэнт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг эрчим хүчний шилжилт хийгээд эхэлчихсэн энэ үед тэрхүү шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалын үнэ цэн улам бүр нэмэгдэж байна. Тиймээс ч дэлхийн хүчний болоод эдийн засгийн гол төвүүд үүнд анхаарлаа хандуулж, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын нөөц, олборлолт, ханган нийлүүлэлтийн сүлжээнд ихээхэн анхаарал хандуулж, өөрийн улсын эрх ашгийг хангах, өөрийн улсын компаниудыг дэмжихэд олон тэрбум долларыг зарцуулж байна. 

Энэ үед Монгол Улс критикал минералын чиглэлээр ямар бодлого баримталж байгаа нь, стратегийн ач холбогдолтой гэж үзэх үү, үгүй юу гээд одоо ч тодорхойгүй. Харин Стратегийн ач холбогдолтой орд гэгдсэн хэдэн ордод хувь эзэмшихийг хүсэж, цаашлаад стратегийн ач холбогдолтой ордынхоо тоог 16-аас 60 хүртэл нэмэгдүүлж, тэр бүрээс хувь эзэмших гэсэн “стратегийн ач холбогдолтой бодлого” хэрэгжүүлж байгаа. Засгийн газар нь өнгөрсөн 20 жилд бий болсон нүүрсний цөөн хэдэн том уурхайнуудад хувь эзэмшихээр улайрч байгаа нь манай Засгийн газрын стратегийн ач холбогдолтой бодлого гэлтэй. Түүнээс бусдаар стратегийн ач холбогдолтой, нэн чухал эрдэс баялгийг нөөц ордуудыг шинээр нээх, ашиглалтад оруулах, шинэ хөрөнгө оруулалт татаж, шинэ түншүүдийг эрэлхийлэх тал дээр ямар ч шинэ зүйл, шинэ үр дүнгүй сууж байна. Монголын геологи хайгуулын салбарынхан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит чуулганаа хийсэн. Геологичдын хүсэл, бодол санаа, ажлын үр дүн ямар байгааг “Майнинг Инсайт” энэ дугаартаа онцолж байна. 

Энэ цаг мөчид Украины дайнаас илүүтэй “Худалдааны дайн” эдийн засгийн хямралд хүргэж болзошгүй байгааг дөрөвдүгээр сарын эхний 7 хоногийн зах зээлийн савлагаанаас харж болохоор байна. Зөвхөн АНУ БНХАУ гэсэн тарифын маргаан бус Европын холбооноос эхлээд дэлхий нийтийг хамарсан өргөн хүрээний тарифын зөрчилдөөн ашигт малтмал, уул уурхайн салбарт ямар нөлөө үзүүлэх нь тодорхойгүй байна. Дэлхийн улсуудад 84 хувийн тариф тавихад Уул уурхайн салбарын гигант компаниудын хувьцааны ханшийн өөрчлөлтөөс богино болон дунд хугацаанд аль ашигт малтмал ашигтай байх, ямар компаниуд “од” болох дүр зураг харагдана. Томоохон нүүрсний компаниудын хувьцааны ханш он гарнаас хойш 2634 хувиар буураад байгаа бол эсрэгээрээ алтны гигантуудын хувьцааны ханш 30 хүртэл хувиар өсөөд байна. Харин илүү олон төрлийн ашигт малтмал олборлодог BHP Billiton, Rio Tinto, Glencore зэрэг гигантуудын ханш харьцангүй тогтвортой байна. Шалтгаан нь дээрх компаниуд тарифын зөрчилдөөнөөс амсах хохирлоо бага түвшинд байлгах магадлал өндөр байгаатай холбоотой. Дээрх компаниудын Гүйцэтгэх захирлууд худалдааны тарифын зөрчилдөөнд айхтар санаа зовохгүй байгаагаа илэрхийлж байна. Учир нь тэд олон улсад үйл ажиллагаа явуулдаг, нэг улсаас, эсвэл нэг бүтээгдэхүүнээс хараат бус гэдэгт гол давуу тал нь оршиж байна. Харин ч тарифын зөрчилдөөнөөс үүдэн шинээр эхлүүлэх гэж буй төслүүд нь хурдтай урагшлах, ирээдүйд эрэлт нь хэд дахин нэмэгдэх гол эрдсүүдийн үнэ өсөх болов уу гэсэн битүүхэн “горьдлого” тээж буй бололтой. Цаашдаа ч нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл хамааран Хойд болон Өмнөд Америкт хэрэгжүүлэх төслүүддээ илүү анхаарал хандуулж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх стратегийн бодлоготой гэдгээ Гүйцэтгэх захирлууд онцолж байна.