Геологи хайгуулд хиймэл оюун ашиглах өгөгдөл бэлтгэх нь хамгийн том сорилт

Б.БАЯНЖАВЗАН

Монгол Улсын Засгийн газраас геологи, уул уурхайн салбарт инноваци, цахим шилжилтийг хурдтай нэвтрүүлэх зорилгоор “Mining & AI” санаачилга дэвшүүлж буйг Ерөнхий сайд Г.Занданшатар “Уул уурхайн долоо хоног”-ийн нээлтийн үеэр зарласан билээ. 

Тэгвэл “Уул уурхайн 7 хоног”-ийн хүрээнд зохион байгуулагдсан “Дэвшилтэт технологийг эрдэс баялгийн салбарт ашиглах нь” салбар хуралдаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг “Геологи хайгуулын салбарт хиймэл оюун ашиглах чиглэл” илтгэл танилцуулсан. Түүний илтгэлийн агуулгыг тоймлон хүргэж байна. 

Тэрээр илтгэлийнхээ өмнө “Тэртээ 30 гаруй жилийн өмнө Монгол Улсад уул уурхай дахь хиймэл оюун сэдвээр докторын зэрэг хамгаалж байжээ. Тиймээс хиймэл оюун бол цоо шинэ зүйл биш. Харин хэрэглээ, технологио дагаад шинэ юм шиг харагдаад, эрчимтэй хөгжиж байна” гэдгийг  онцолсон. 

Хиймэл оюун өгөгдөлд суурилах ёстой. Тэгвэл уул уурхай, геологийн салбарт өгөгдөл хамгийн их бий болдог байна. Тиймээс хиймэл оюуныг тус салбарт ашиглах тохиромжтой нөхцөл бүрдэж буй хэрэг. Тухайлбал, геологийн судалгаанд талбайн, шугаман, цэгэн мэдээллүүдийг цуглуулж ашигладаг. Хиймэл оюунд цэгэн мэдээллийг түгээмэл хэрэглэдэг нь хооронд нь харьцуулж, улмаар хиймэл оюун дүгнэлт боловсруулахад ихээхэн ач холбогдолтой гэж үздэг байна. 

Хиймэл оюун геологийн судалгааны явцад бий болдог асар их мэдээллийг хооронд нь харьцуулж, дүгнэлт гарган нэгтгээд геологийн зураг боловсруулсан жишээ дэлхий дахинд чамгүй олон байна. Гэхдээ бүхий л зүйл техникийн түвшинд хийгдэж байгаа тул эцсийн шатанд нь хүн буюу геологич мэргэжилтнүүд нягтлан, эцсийн дүгнэлт хийх шаардлагатай юм. 

Геологи, хайгуулд хиймэл оюуныг нэвтрүүлэхийн өмнө дэлхий судлалд яаж ашиглаж, хэрэглээ нь хэрхэн хэвшиж буй зэргийг авч үзэх нь зүйтэй. Сансрын зураг, геофизик, геохимийн судалгаануудын үр дүн болсон өгөгдлүүд хиймэл оюуны хэрэглээнд хэдийнэ нэвтэрчээ. Жишээ нь, Японд машин сургалт ашиглаад хөрсний гулгалтыг урьдчилан таамаглаж байгаа бөгөөд манай улсад ч мөн энэ чиглэлд хэрэглэж байна. Байгаль орчны салбарт цөлжилтийн чиг хандлагыг хиймэл оюунаар тооцоолон гаргаж байна. 

Том талбайг хамарсан агаарын геофизикийн судалгааны өгөгдлийг хиймэл оюунд амжилттай ашиглаж буй туршлагууд дэлхийд олон байна. Австрали улс нутаг дэвсгэрээ бүхэлд нь агаарын геофизикийн судалгаанд хамруулж байна. Энэхүү ажлын үр дүнд хэтийн төлөвтэй талбайнуудаа тодорхойлж эхэлжээ. Харин Хятадын геологийн алба гэхэд 1.2 сая км2 талбайд агаарын геофизикийн судалгаа хийж, үр дүнг нь боловсруулахад хиймэл оюуныг ашиглаж байна. Канад улсын хувьд нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдсэн агаарын геофизикийн судалгааны ажилд үндэслээд тектоникийн загварчлал боловсруулах даалгавар өгөөд ажиллуулж байгаа аж. 

Хиймэл оюуныг геологийн судалгаанд ашигласнаар олон эерэг үр дүн гарах боломжтой. Цаг хугацаа хэмнэж, үр ашгийг нэмэгдүүлэх. Тухайлахад, улсын төсвийн хөрөнгөөр хийж буй геологийн зураглалын ажлыг гүйцэтгэх хугацаа дөрвөн жил. Үүнийг тодорхой хэмжээгээр богиносгох, үр дүнг сайжруулах боломжтой. 

Хайгуулын дүгнэлт гаргахын тулд талбайн мэдээллийг харьцуулах ажлыг хиймэл оюун хамгийн хялбараар шийдэх боломжтой. Канад улсад ингэснээр үр дүнг 30 хувиар нэмсэн бол Өвөрмонголд газрын ховор элементийн зураглалын ажилд хиймэл оюуныг ашиглаж байна. 

Тэгвэл манай улсын хувьд нөхцөл байдал ямархуу байна вэ?  

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.12-д “Стратегийн ач холбогдол бүхий Эрдэнэтийн зэс, молибдений ордын талбайн хил заагийн хүрээнд багтаж байгаа Оюут болон бусад хэсгүүдэд эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг тогтоож, ашиглалтад бэлтгэх ажлыг эхлүүлж, эрэл, хайгуулын ажилд дэвшилтэт техник, технологи, хиймэл оюун ухаан нэвтрүүлнэ” гэж тусгажээ. 

Геологийн баримтын төв архивт Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн 20 гаруй мянган судалгааны тайлан бий. Гэхдээ нийт нутаг дэвсгэрийн 75-аас дээш хувь нь хайгуулд хамрагдаагүй гэж үзэж болох аж. Манай улсын хувьд сүүлийн 10 гаруй жил “Алтай-1”, “Алтай-2”, “Ховд-2020” гэсэн агаарын геофизикийн гурван том судалгаа хийжээ. Эдгээр судалгааны үр дүн цахим хэлбэрээр гарах юм. Мөн 2024 оноос өмнийн бүсэд агаарын геофизикийн судалгааны ажлыг эхлүүлжээ. Үр дүнд нь хиймэл оюунд хэрэглэх боломжтой цахим өгөгдөлтэй болох аж. 

Үүнээс гадна өмнө хийсэн геологийн судалгааг цахим хэлбэрт оруулж дата өгөгдөл бэлтгэх нь хамгийн гол сорилт болж байна. Геологийн баримтын төв архив болон Гео мэдээллийн төвд хадгалагдаж буй тайлангийн 22.4 хувь нь 1936-1999 онд хамаарч байна. Эдгээр нь бүхэлдээ цаасан суурьтай буюу цахим болгох шаардлагатай тайлангууд. 2000-2024 онд хийгдсэн судалгааны тайлангийн 19 хувь нь цахим хэлбэрээр байна. Үлдсэн 81 хувийг мөн л хиймэл оюун ашиглахад тохиромжтой өгөгдөл болгож хувиргах шаардлага байгаа. 

1:1,000,000 масштабтай геохимийн судалгаагаар Монгол Улсын газар нутаг бүтэн бүрхэгдсэн төдийгүй 100 хувь цахим датаг 2024 онд хүлээн авчээ. Үүнд хиймэл оюуныг ашиглах боломж бүрэн дүүрэн бий. Харин газар нутгийн 39 хувийг 1:200,000 масштабтай зураглалаар бүрхсэн бөгөөд үүнийг цахимжуулахаар шинэчилж эхлээд байгаа аж.  

Технологи талаас геологи, хайгуулын салбарт хиймэл оюун хөгжүүлэх суурь болох зургаан системийг өнөөгийн байдлаар ашиглаж байна. Цаашид хиймэл оюун ажиллах боломжит техник, тоног төхөөрөмжийн баазыг ч мөн бий болгох шаардлага тулгарах юм. Эцэст нь боловсон хүчний тухай асуудал яригдахтай зэрэгцэн сургалтын хөтөлбөрийг ч орхиж болохгүй. Геологич болон программистуудын хэн нь илүү хурдан “хөрвөх”-өөс салбар дахь хиймэл оюуны хөгжлийн хурд хамаарах магадлалтай.

Үндэсний геологийн албаны дарга Н.Мөнхбилэг илтгэлдээ “Критикал минералын чиглэлээр орж ирж байгаа гадны улс орны дэмжлэг, хөрөнгө оруулалтыг хиймэл оюунтай хослуулах боломжтой” гэв. Мөн “National Geo AI HUB” байгуулах ёстой гэж үзэж байна. Энд зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна хувийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын үр дүн орох ёстой аж. Бүхий л салбарт хиймэл оюуныг зайлшгүй хэрэглэх цаг ирсэн тул эрх зүйн орчныг эртхэн бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэйг хөндсөн. Мөн геологи хайгуулын салбарт хиймэл оюуныг хөгжүүлэх суурь, тулгуур багана нь геологич байна гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.