od@mininginsight.mn
- Дэлхий даяар зэсийн ордын шинэ нээлт ховордож байна -
Дэлхийн макро эдийн засгийн нөхцөл байдал эсийн үнэд томоохон савлагаа үүсгэж, аранжин өнгөт металлын ханш цаг үеийн дээд үзүүлэлтэд хүрээд байна. Эрэлт нийлүүлэлтээс давж, зах зээл дээр хомстол үүснэ. Барилга, цахилгааны сүлжээ нь өнгөрсөн хугацаанд зэсийн гол зах зээл байсаар ирсэн. Харин өнөөдөр цэвэр эрчим хүчний шилжилт, хиймэл оюун ухааны хөгжил нь зэсийн хэрэглээг улам нэмэгдүүлж байна. Ирээдүйн эрэлтийг өдөөж буй бас нэг хандлага бол дэлхийн өмнөд хэсгийн хурдацтай хотжилт юм. Өөрөөр хэлбэл хөдөөгийн хүн ам хот руу нүүж цахилгаан эрчим хүчний сүлжээнд ачаалал үүсгэж байна. Асар их энэ хэрэгцээг хангахын төлөөх “уралдаан” улс орнууд, уул уурхайн компаниуд дунд хэдийн өрнөсөн. Дэлхий даяар зэсийн ордын шинэ нээлт ховордож байна. Сүүлийн 10 жилд 500 мянган тонноос дээш зэсийн нөөцтэй 14 ордыг (46 сая тонн) нээжээ. Нөгөөтэйгүүр, одоогийн уурхайнуудын хүдрийн агуулга буурч, уурхайн бүтээн байгуулалтын хугацаа урт буюу 25 жил хүртэл байгаа, мөн олон улсын геополитикийн эрсдэл зэргээс шалтгаалан зэсийн өндөр эрэлтийг хангах асуудал тулгамдаж байна. Өнөөг хүртэл дэлхийн хэмжээнд ойролцоогоор 700 сая тонн зэс үйлдвэрлэсэн бол тогтоогдсон ордуудад олборлоогүй 2.1 тэрбум тонн нөөц байгаа гэсэн АНУ-ын Геологийн албаны мэдээлэл бий. Олон улсын зэсийн ассоциацын тоо баримтаар, дэлхийн зэсийн нийлүүлэлт 2035 он гэхэд 26 хувиар нэмэгдэн 38.5 сая тонн хүрэх ч эрэлтийг гүйцэхгүй.
Хоёр жилийн өмнө зэсийн эрэлт 25.9 сая тонн байсан бол 2040 он гэхэд 39 сая тонн хүрч өсөх төлөвийг ОУВС дэвшүүлжээ. Энэ хэрэгцээг хангахын тулд 2030 он гэхэд шинэ 80 уурхай, 250 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгцээтэй аж. CRU-ийн тооцоогоор 2034 он гэхэд нийтдээ жилд 10 сая тонн нийлүүлэх хүчин чадлын 200 гаруй уурхайн нөөц багасч, агуулга буурсны улмаас үйл ажиллагаагаа зогсоох магадлалтай. Иймд ойрын 10 жилд жилд 15 сая тонн хүртэлх чадлын шинэ уурхайнуудыг ашиглалтад оруулах шаардлагатай гэжээ.
10 УЛС ДЭЛХИЙН ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 80 ХУВИЙГ БҮРДҮҮЛДЭГ
Дэлхийн зэсийн нөөцийн 50 гаруй хувь ердөө 5 улсад төвлөрч байна. Зэсийн томоохон төслүүдээс хоёр нь Орост, Чилид нэг, Африкт дөрөв байна. Удоканы зэсийн уурхай оршдог ОХУ-ын Забайкалье муж нь “Рио Тинто”-ийн хэрэгжүүлж буй Оюу толгой төсөл бүхий Монгол Улстай хиллэдгийг судлаачид онцолдог. 2024 онд дэлхийн зэсийн олборлолт 23 сая тонн хүрсэн.

Чили 5.3 сая тонн зэс олборлолтоор дэлхийн 23 орчим хувийг бүрдүүлж тэргүүлэх байр сууриа хадгалсан. Өсөн нэмэгдэж буй өрсөлдөөний нөхцөлд Чили зэсийн нөөц бололцоогоо ашиглахаар зорьж байна. Зэсийн гол экспортлогч орон хэвээр бөгөөд дэлхийн зэсийн баяжмалын 48 хувь, цэвэршүүлсэн зэсийн 35 хувийг бүрдүүлж байна.
Дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 11 гаруй хувийг бүрдүүлж буй Конго нь сүүлийн 15 жилд зэсийн үйлдвэрлэлийн өсөлтөөр тэргүүлж байгаа улс. Илүү хурдацтай өссөн гол шалтгаануудын нэг нь ашиглагдаагүй асар их зэсийн нөөц. Мөн Хятадын ихээхэн хөрөнгө оруулалтыг татсан нь зэсийн үйлдвэрлэлд чухал нөлөө үзүүлсэн. Өнгөрсөн жил зэсийн үйлдвэрлэлийн хэмжээгээ 3 сая тонн давуулсан. Энэ өсөлтөд нөлөөлсөн Камоа Какула зэсийн цогцолбор уурхай 2024 оны наймдугаар сараас арилжааны үйлдвэрлэл явуулж байна. Ингэснээр тус улс үйлдвэрлэлийн хэмжээгээр Перуг гүйцэж түрүүллээ.
Перугийн хувьд зэсийн үйлдвэрлэл нь 2023 оны хэмжээнд хүрээгүй. Өнгөрсөн жил тус улсын хэд хэдэн томоохон зэсийн уурхайнууд тухайлбал гол үйлдвэр Cerro Verde-ийн олборлолт 3.7 хувиар, мөн Antapaccay уурхай 15.7 хувиар тус тус буурчээ. Зарим уурхайнуудын хүдрийн чанар муудаж байна. Гэхдээ Перугий зэсийн үйлдвэрлэлийн энэ жилийн үзүүлэлт 3.5 хувийн өсөлттэй яваа. Салбарт Хятадын MMG, Chinalco тэргүүтэй компаниуд гол тоглогчид болж байна.
Зэсийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд хэрэглэгч Хятадын зэсийн олборлолт сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа ч цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэлээр дэлхийн 44 гаруй хувийг эзэлж байна. Гэвч хайлуулах үйлдвэрүүд нь хүдрийн хомсдолд орж, боомтууд дахь нөөц энэ онд хамгийн доод түвшиндээ хүртэл буурчээ. 2025 онд тус улс цэвэр эрчим хүчний чиглэлээр 80-100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь эдийн засгийн сул байдлаас үл хамааран зэсийн эрэлтийг өдөөж буй. Хувийн хэвшлийн Zijin Mining компани 2021 оноос олборлож байгаа Түвдийн нутаг дахь Qulong уурхай зэсийн үйлдвэрлэлээр өнгөрсөн жил Хятадын хамгийн том уурхай болжээ. Хятадын зэсийн хэрэглээний өсөлт энэ арван жилийн сүүлийн хагаст удааширч 2030 онд тогтворжих төлөвтэй. Тус улсын Засгийн газраас гурван жилийн хугацаанд дотоодын зэсийн нөөцийг 5-10 хувиар нэмэгдүүлэх бодлого барьж байна. Зэсийн төрөл бүрийн бүтээгдэхүүний импортоор Хятад тэргүүлж, дэлхийн нийт импортын 51-70 хувийг тус улсад нийлүүлжээ.
2023 оноос Индонез улсын зэсийн үйлдвэрлэл тогтвортой өсөж байна. Тухайн үеэс Засгийн газрын түвшинд яригдсан зэсийн баяжмалын экспортын хоригийг дотооддоо боловсруулах үйлдвэр байгуулах хүртэл хойшлуулсан юм. Тэгвэл“Amman Minerals” компани жилд 900 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 222 мянган катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг өнгөрсөн жилийн сүүлчээр ашиглалтад оруулсан.
АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой гэж үзэн 2025 оны онцлох ашигт малтмалын жагсаалтад албан ёсоор зэсийг нэмж гэж байна. Тус улсын зэсийн дотоодын нийлүүлэлтийн 70 хувийг Аризона муж бүрдүүлж ирсэн. Ерөнхийдөө АНУ-ын зэсийн үйлдвэрлэлийн 99 хувийг 17 уурхай хариуцдаг. Аризонад Sumitomo, Freeport McMoRan хамтарсан Morenci уурхай хамгийн том нь. 2025 оны нэгдүгээр сард АНУ ын Ерөнхийлөгч Д.Трамп дотоодын чухал ашигт малтмалын үйлдвэрлэл, тэр дундаа зэсийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн тулд хүнд суртлыг бууруулах зарлиг гаргасан. Мөн тэрээр 51 нэр төрлийн хагас боловсруулсан зэсийн бүтээгдэхүүн, тухайлбал тусгаарлагч утас, зэс хоолойн холбох хэрэгсэлд 50 хувийн татвар ногдуулахыг (2027.07.30) зарлав. Гэхдээ зэсийн хүдэр, цэвэршүүлсэн зэс зэргийг оруулаагүй. АНУ-ын засаг захиргаа 2027 оноос эхлэн дотооддоо үйлдвэрлэсэн сайн чанарын зэсийн хаягдлын 25-аас доошгүй хувийг АНУ ын зах зээлд борлуулахаар төлөвлөжээ.
Өнгөрсөн жил ОХУ-ын зэсийн олборлолт мэдэгдэхүйц өсөв. Өсөлтөд гол хувь нэмрийг оруулсан уурхай бол Сибирь дэх Удокан юм. Оросын зэс болон металлын бүтээгдэхүүн барууны олон орны хоригт орсон. Өөрөөр хэлбэл ОХУ-ын импортыг бүрэн хориглосон, эсвэл өндөр хэмжээний татвар ногдуулсан. АНУ, Их Британи Лондон, Чикагогийн хөрөнгийн бирж дээр Оросын зэсийн худалдаанд хориг тавьсан. Хамгийн том хоёр компани болох UGMK, RMK нь АНУ-ын хоригт орсон. Гэсэн ч зэсийн худалдаа үргэлжилсээр байгаа бөгөөд 1 сая гаруй тонн зэс, зэсийн бүтээгдэхүүн экспортолж байна. Оросын зэсийн хамгийн том худалдан авагч буюу экспортын 56 хувийг Хятад эзэлдэг.
Австралийн зэсийн хамгийн том үйлдвэр Olympic Dam уурхайн олборлолт сүүлийн 10 жилийн дээд хэмжээндээ хүрсэн. Харин тус улсын томоохон олборлогчийн нэг Mount Isa цогцолбор уурхайн үйл ажиллагаа 2025 оны хоёрдугаар хагаст өндөрлөнө. Австралийн зэсийн олборлолтын хэмжээ бага ч 100 сая тонн нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог Перутай эн тэнцэж, Хятадыг ардаа орхижээ.
2024 онд Казахстаны зэс олборлолт өмнөх жилийнхээс өөрчлөгдөөгүй ч Мексик, Замби улсыг давж, тэргүүлэгч 10 орны нэг боллоо. Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад Казахстаны зэсийн олборлолт 200 мянган тонноор өсжээ. Тус улс өнгөрсөн онд баталсан Үндэсний хөгжлийн төлөвлөгөөгөөр 2029 он гэхэд ашигт малтмалын олборлолтыг 40 хувиар нэмэгдүүлэхийн тулд хайгуул, төслийн хамтарсан санхүүжилт, хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлнэ. Энэ жилийг дуустал Казахстан бүх төрлийн тээврийн хэрэгслээр боловсруулаагүй зэс экспортлохыг хориглохоор болсон. Дотоодын зах зээлийг стратегийн түүхий эдээр баталгаажуулах, нэмүү өртөг багатай бүтээгдэхүүний экспортыг бууруулах, өнгөт металлын боловсруулалтыг дотоодод идэвхжүүлэх бодлого барьж байна.
Топ-10 орны сүүл мушгих Мексик улс ердөө 1000 тонноор зэсийн олборлолтоо ахиулжээ. GlobalData-ийн мэдээллээр дэлхийн хэмжээнд зэсийн 709 гаруй уурхай ажиллаж байгаагийн 45 нь Мексикт бий аж.
ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНД ЗЭСИЙН 709 ГАРУЙ УУРХАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
2021-2024 онд зэсийн салбарт компаниуд нэгдэх, нийлэх нийт 30.63 тэрбум ам.долларын 57 хэлцэл хийгджээ. Бүхэлдээ 137 сая тонн зэсийн нөөц өөр өмчлөлд шилжсэн байна.
OZ Minerals компанийг 5.94 тэрбум ам.доллароор BHP, Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшигч Turquoise Hill Resources ийн 49 хувийг 3.25 тэрбум ам.доллароор “Рио Тинто” групп тус тус худалдан авсан нь үнийн дүнгээр хамгийн том хэлцэлд тооцогдож байгаа юм. Өнгөрсөн жил зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэх 10 уурхай 5.8 сая гаруй тонн зэс олборложээ. Энэ эгнээнд Конго дахь Хятадын CMOC группын удирдаж буй Tenke Fungurume орж ирсэн. Хамгийн өндөр өсөлт үзүүлж байгаа уурхай. 2024 онд олборлолт 400 мянган тоннд хүрч 42.7 хувиар өссөн. Харин Чилийн El Teniente, Панамын Cobre Panama үйлдвэрүүд ТОП-10-аас хасагдав. Хэдийгээр ОХУ олон улсын хоригт байгаа ч зэсийн баялаг нөөцтэй томоохон уурхайн олборлолтыг шинээр эхлүүлээд байгаа нь Удоканы орд юм. Уурхайн ашиглалтын хугацаа 70 жил. Австралийн JORC стандартаар 26.7 сая тонн зэсийн нөөцтэй. Escondida. Зэсийн үйлдвэрлэл 1.2 сая тонн хүргэж өмнөх оноос 16 хувиар өсжээ.
Дэлхийн зэсийн хамгийн том уурхай 35 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ашиглалтын хугацаандаа 33 сая гаруй тонн зэс үйлдвэрлэсэн бол 0.53 хувийн дундаж агуулгатай 26 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцтэй байна. Хүдрийн агуулга 1.5 хувиас 0.8 хувь болж буурч байгаа учир зэсийн үйлдвэрлэлд нь сөргөөр нөлөөлөх бэрхшээл бий. 2078 он хүртэл уурхайлна. Уурхайн жилийн хөрөнгө оруулалтын зардал 1 тэрбум ам.доллар давдаг аж. Өнөөгийн байдлаар Escondida уурхай нийт 10 мянган ажилчинтай. Grasberg. Индонезийн алслагдсан Папуа мужид байрших Grasberg уурхайгаас 2024 онд 816,466 тонн зэс олборложээ. Улмаар жилийн дотор тэргүүлэх арван уурхайгаас зургаадугаар байраас ахиж хоёрт жагссан. Уулын хүнд нөхцөлтэй 2800-4200 метрийн өндөрт уурхайлдаг. Зэсээс гадна алтны томоохон нөөцтэй ордуудын нэгд тооцогддог. Газар хөдлөлтийн эрсдэлтэй хэдий ч ил уурхайгаас өндөр агуулгатай хүдэрт нэвтрэх далд уурхай руу шилжилт хийж байгаа. Гүний уурхайн олборлолтод бүрэн шилжсэнээр алт, зэсийн гарц хоёр дахин нэмэгдэх тооцоотой. Гүний уурхайд 10.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан бол ил уурхайн хувьд 2.5 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагджээ. 1973 оноос хойш ашиглалтад орсон бөгөөд өнөөдөр 30,000 хүн ажиллаж байна. Collahuasi. Чилийн хойд хэсэгт орших Атакама цөлд далайн түвшнээс дээш 4400 метрийн өндөрт орших Collahuasi нь дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай юм. Anglo American (44%), Glencore (44%), Японы консорциумууд (12%) хамтарсан төсөл. 2024 онд олборлолт 2.5 хувиар буурсан. Уул уурхайд сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэхэд анхдагч бөгөөд одоо цахилгаан эрчим хүчнийхээ 60 гаруй хувийг нар, салхины эх үүсвэрээс хангадаг. Уурхай 2106 он хүртэл ажиллана. Kamoa-Kakula. Үлэмж нөөцтэй Kamoa-Kakula цогцолбор уурхайгаас 437,061 тонн зэс олборлосон нь 2023 оныхоос 11 хувиар өсжээ. Канадын Айвенхоу Майнз (39.6%), Хятадын Zijin Mining (39.6%), Конго улсын Засгийн газар (20%) хамтарсан энэхүү цогцолбор уурхай нь дэлхийд хамгийн том хөгжүүлэлт хийгдэж буй, өндөр агуулгатай (дунджаар 4.2%) зэсийн орд. Эдүгээ зэсийн нийлүүлэлтийн шинэ эх үүсвэр. Газрын гадаргад ойрхон том орд. Хүдэр олборлолтын хүчин чадал жилд 18 сая тонн. Оргил үедээ 800 гаруй мянган тонн зэс агуулсан баяжмал үйлдвэрлэж, дэлхийн хоёр дахь том уурхай болох төсөөлөлтэй. Төслийн хөгжүүлэлтийг 3 үе шаттай хийж байна. Нэг том онцлог нь уурхайн үйл ажиллагаанд ногоон шийдлийг хослуулна. Нийтдээ 43 жил ашиглахаар төлөвлөсөн энэхүү цогцолбор 8 уурхайгаас бүрдэнэ. Buenavista. 1899 оноос хойш Хойд Америкт олборлолт явуулж байгаа хамгийн эртний уурхайн ашиглалтын хугацаа нь 2050 онд хүрэх төлөвтэй. Өнгөрсөн жил 433 мянган тонн улаан металл олборлосон бөгөөд 4 хувиар өссөн. Эл уурхай нь 2010 онд гурван жил үргэлжилсэн ажил хаялт, дараа нь 3.4 тэрбум ам.долларын өртөгтэй өргөтгөлийн хөтөлбөр хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг бараг хоёр дахин нэмэгдүүлсэн гээд түүхэн сорилтуудыг даван туулсан. Далайн түвшнээс дээш 1.9 км өндөрт 93,706 га талбайг хамарсан уурхай зэс, цайр, мөнгө агуулсан 36 сая тонн хүдрийн тооцоолсон нөөцтэй.
Майнинг Инсайт сэтгүүл, №08 (045), 2025



















