Симандоун төмрийн хүдрийг Хятад руу нийлүүлж эхэллээ

Гвинейн үлэмж нөөцтэй Симандоу ордоос 200,000 тонн төмрийн хүдэр ачсан хөлөг онгоц 46 хоногийн аяллын дараа нэгдүгээр сарын 17-нд Хятадын зүүн хэсгийн Жэжян мужийн Мажишан боомтод ирсэн гэдгийг Baowu групп мэдээлсэн. Төмрийн хүдрийн хоёр дахь ээлжийн тээвэр замдаа гарчээ. Энэхүү нийлүүлэлт Хятадын төдийгүй дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч тус группийн урт хугацааны төмрийн хүдрийн хангамжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.  

Симандоу нь дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том ил уурхайн нэг бөгөөд батлагдсан нөөц 4.4 тэрбум тонн. Дөрвөн уурхайн блокоос бүрддэг. Хөрөнгө оруулагчдад Рио Тинто, Хятадын Чалко, Сингапур-Хятадын түншлэл Winning Consortium Simandou (WCS) багтаж байна. WCS-ийн хувьцааны шилжүүлэг дууссаны дараа Baowu нь төслийн гол хувьцаа эзэмшигч болсон.  

Эл ордоос төмрийн 65 орчим хувийн агууламжтай өндөр зэрэглэлийн хүдэр үйлдвэрлэж буй төсөл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхэлсэн. Уг төсөл жилд 120 сая тонн үйлдвэрлэх бүрэн хүчин чадлаараа ажиллахад дэлхийн төмрийн хүдрийн нийлүүлэлтийн 5 хувийг эзлэх ба энэ нь 2024 онд Хятадын төмрийн хүдрийн импортын бараг 10 хувьтай тэнцэхүйц гэсэн тооцоолол бий. Тухайн жил Хятадын төмрийн хүдрийн импорт 1.237 тэрбум тоннд хүрч, 80 гаруй хувийг Австрали, Бразил улс нийлүүлсэн байдаг.  

Бээжин төмрийн хүдрийн худалдан авалтыг төвлөрүүлэх зорилгоор 2022 онд Хятадын эрдэс баялгийн группийг байгуулсан.