Уул уурхайн салбарын 7 хоног: Уул уурхайн төслүүд эхлэхэд 7-11 жил зарцуулдаг

Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвийн хоёр дахь удаагийн үйл ажиллагаа “Уул уурхайн салбарын 7 хоног”-оор таван өдрийн турш явагдаж өнөөдөр (2026.01.30) өндөрлөлөө. Сүүлийн өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсан, шилжүүлсний татвар сэдвээр нээлттэй хэлэлцүүлгийг ЭЗХЯ, Сангийн яам, Татварын ерөнхий газар, МУУҮА, хувийн аж ахуйн нэгж, салбарын холбоодын төлөөлөл оролцож хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн талаар танилцуулга хийж, асуулт, хариултаар үргэлжиллээ. 


Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлагдсан. Энэ хүрээнд жилд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татна гэсэн зорилт тавиад байна. Тэгвэл ЭЗХЯ-ны зүгээс хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах, хөрөнгө оруулалтын орчныг урьдчилан таамаглахын тулд эхний ээлжинд эрх зүйн орчныг сайжруулахын тулд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өнгөрсөн сард өргөн барьсан. Хуулийн гол асуудал нь хөрөнгө оруулалт орж ирэхээс гадна хөрөнгө оруулалтын төслүүд нь, тухайлбал уул уурхай төслүүд эхлэхийн тулд 7-11 жилийг зарцуулдаг. Энэ хугацаанд эрхийн зөвшөөрөл, давхардсан хяналт, шалгалт, бүрдүүлэх материал зэрэг төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор гацах асуудал үүсдэг. Энэ нь төсөл тогтвортой хэрэгжүүлэхэд эрсдэл дагуулдаг. Иймээс төрийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой байлгах үүднээс хоёр хуулийг өргөн барьсан гэлээ. 


2019 оны Татварын тухай хуулийн шинэчлэл хийгдсэнээр эрх борлуулсны татвар 30-10 хувь болсон. Гадаад улсад хувьцаа, хувь оролцоо шилжүүлэх замаар тусгай зөвшөөрлийг татваргүй шилжүүлж байсныг татвар ногдуулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Сангийн сайдын тусгай зөвшөөрөл, үнэлгээ тооцох аргачлал зарчмыг олон улсын туршлагад нийцүүлж боловсруулсан. Тусгай зөвшөөрлийн эрхийг авахад гарсан зардлыг хасаж татвар ногдуулах орлогын өөрчлөлтийг тусгасан. Үнэлгээ тооцох аргачлалыг худалдагч, худалдан авагч талын гэрээнээс гадна өртөгт суурилсан арга, зах зээлд суурилсан арга, орлогод суурилсан арга гэсэн гурван аргачлалаар тооцохоор оруулсан. Энэ нь Австрали, АНУ, Канад гэсэн уул уурхайн баялагтай, томоохон улсуудын хэрэглэдэг арга гэдгийг Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Д.Баасандаш хэлсэн. 


Нөгөө талаас 100 гаруй жилийн түүхтэй, томоохон уул уурхайн улс орнуудын жишгийг дөнгөж уул уурхайн салбар хөгжиж буй Монголтой жишиг болох уу, хэр нийцэх вэ, өндөр шаардлага нь зохимжтой эсэх талаар оролцогчдын зүгээс санал илэрхийлж байлаа.


Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийн талаар оролцогчдын зүгээс олон нийт гэдэгт хэнийг хэлэх вэ. Хэдэн хүн лицензийн талбайд очиж “лайв” хийдэг хүмүүсийг хэлэх үү гэлээ. Үүнд хуулийн төслийн танилцуулгыг хийсэн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг Ерөнхий сайдын барьж буй өнцөг бол төрийн байгууллагын санхүүгийн сахилга бат дээр хяналт хийхийг голчилно. Түүнчлэн хуулийн төсөлд “төрийн” гэдэг нэршил хэр зохимжтой байгаа талаар саналууд ирснийг хэллээ. 


Тус хуулийн шинэчлэл нь хяналт шалгалтын давхардлыг арилгах нэг чиглэлтэй байна. Учир нь 2023-2024 онд хяналт шалгалтын давхардал зарим компанид бараг нэг өдөрт нэг шалгалт ирж байна. Тухайлбал “Премиум Нексус” ХХК 244 удаагийн хяналт шалгалт очсон. Энэ нь зөвхөн хувийн компаниудаар хязгаарлагдахгүй “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ,  “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ТӨХК зэрэгт ирж байгаа аж. 


МУУҮА–ийн хуульч П.Баяр шинэчилсэн хуулийн төсөлд орсон давуу тал нь төрийн үйлчилгээ зөвлөн туслах гэдэг нь талархууштай байна. Гэсэн ч хуулийн төслийг нийтийн эрх ашиг гэсэн үзэл баримтлалтай байвал зохимжтой биш үү гэв. 


Хуулийн төсөлд санал авч эхэлсэн бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраар дамжуулан саналаа өгөх боломжтой юм. 


Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв тулгамдаж буй асуудлыг салбар болгоны яам, агентлагт уламжилж, нэг компанийг нэг компани гэж үзэлгүй хандвал бодитоор хийгдэх олон ажил байна. Энэ ажлыг хийх загвар Уул уурхайн салбарын 7 хоногоор гарчих шиг боллоо. Энэ 7 хоногт 15 уул ажлын төлөвлөгөө, 20 гаруй компанийн асуудлыг АМГТГ шийдвэрлэсэн байна. Энэ нь Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвийн ажиллах загвар болж байна хэмээн МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа онцолсноор үйл ажиллагааг хаалаа.