Үр өгөөж гэдэг нэр томьёо, ойлголтыг мэргэжлийн үүднээс судалгаа, тооцоотой тайлбарлах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед “Майнинг Инсайт” сэтгүүл нь сэтгүүлийн Бодлогын зөвлөлтэйгээ хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж гэж юуг хэлэх вэ” бодлогын хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөж, нөлөөний талаар олон жил судалгаа хийсэн мэргэжлийн эдийн засагчид болон зарим уул уурхайн компанийн удирдлагыг урин оролцуулсан юм.
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Алгаа "Стратегийн ашигт малтмалын орд гэдгийг Ашигт малтмалын тухай хуулиас авах, эсвэл тайлбарыг нь өөрчлөхгүй бол Монголын хувьд бүхий л ашигт малтмал стратегийн ач холбогдолтой болчихлоо. Стратегийн орд гэдэг ойлголтоос бид салахгүй бол хэзээ ч бодлогыг цэгцтэй, зөв болгож чадахгүй юм байна. Хөрөнгө оруулагчдын өмнө уйлж, дуулаад ч 15-20 жил хөрөнгө оруулагчид орж ирэхгүй нөхцөл байдалд орж байна. Гөлөг төөрүүлнэ гэдэг шиг нэр томьёоны хойноос хөөцөөлдөөд манай салбарыг самраад дуусгаж байна”



















