-Mining Insight сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн өргөтгөсөн хэлэлцүүлэг боллоо-
Mining Insight сэтгүүл Бодлогын зөвлөлтэйгөө хамтран “Уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөж” сэдэвт Бодлогын хэлэлцүүлгийг 2026 оны тавдугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын Засгийн газраас боловсруулж буй стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, Үндэсний баялгийн сантай холбоотой тусгай зохицуулалт бүхий нэг удаагийн хуулийн төслийн эдийн засаг, хөрөнгө оруулалт, салбарын өрсөлдөх чадварт үзүүлэх нөлөөллийг олон талын оролцоотойгоор мэргэжлийн түвшинд хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн онцлог нь уул уурхайн салбарын эдийн засгийн үр өгөөжийг зөвхөн татварын орлогоор хэмжих өнөөгийн ойлголтыг өргөжүүлж, бодит өгөөжийн бүтэц, хөрөнгө оруулалтын орчин, төрийн оролцооны зохистой хэлбэрийн талаар салбарын төлөөллүүдийн байр суурийг нэгтгэн хэлэлцсэнд оршиж байна.
Хэлэлцүүлгээр
- Стратегийн болон уул уурхайн ордын эдийн засгийн үр өгөөжийн тухай ойлголт
- Хөрөнгө оруулагчдын хүлээлт ба Монголын уул уурхайн төслүүдийн өрсөлдөх чадвар
- Төрийн эзэмшлийн хувь хэмжээ, АМНАТ болон тусгай АМНАТ-ын өнөөгийн үр нөлөө, цаашдын зохистой хувилбар зэрэг асуудлыг хөндөн ярилцсан юм.
Мөн УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан стратегийн 16 орд болон стратегийн ордод хамааруулах эсэхийг судлах 39 ордын төрийн эзэмшлийн асуудлыг ашигт малтмалын төрлөөр ангилан тусгай АМНАТ-аар орлуулах боломж, үүнтэй холбоотой эрсдэл, нөлөөллийн талаар санал солилцов.
Хэлэлцүүлэгт хөрөнгө оруулалт, санхүүгийн зах зээлийн мэргэжилтнүүд, эдийн засагчид, судлаачид, мэргэжлийн холбоод болон стратегийн орд газрын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл зэрэг 20 орчим оролцогч оролцож, бодлогын өөрчлөлтийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинд үзүүлэх нөлөөллийн талаар байр сууриа илэрхийллээ.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү хэлэлцүүлгээр салбарын бодлоготой холбоотой асуудлыг олон талын оролцоотой, нээлттэй хэлэлцэж, мэргэжлийн оролцогчдын санал, дүгнэлтийг шийдвэр гаргах түвшин болон олон нийтэд тэнцвэртэй, бодитой хүргэхэд чиглэснийг онцолсон юм.




















