Үндэсний геологийн алба 2025 онд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын багцаас 20 тэрбум төгрөгийн 24 төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс шинээр хэрэгжүүлсэн 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын найман төсөл, сэдэвчилсэн судалгааны найман төсөлд 18.3 тэрбум төгрөг, үргэлжлэн хэрэгжиж байгаа 8 төсөлд 1.6 тэрбум төгрөгийг зарцуулсан гэж тус албаны Эрдэс баялгийн судалгааны хэлтсийн дарга Г.Алтанхуяг хэллээ.
Өнөөдөр (2026.01.29) Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд Уул уурхайн салбарын 7 хоног арга хэмжээний дөрөв дэх өдөр Үндэсний геологийн албаны танилцуулгаар үргэлжилж байна.
Үндэсний геологийн алба 2026 онд геологийн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, эдийн засгийн бусад салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх, олон улстай мөр зэрэгцэн өндөр технологи, хиймэл оюуны салбарын хэрэглээг хөгжүүлэх зорилго тавьсан байна. Үүний хүрээнд:
- Талбайн болон сэдэвчилсэн судалгааны ажлыг шинээр эхлүүлэх,
- Хойд, урд хил орчмын судалгааг хөрш орнуудын геологийн алба, байгууллагуудтай хамтран гүйцэтгэх,
- Суурьшлын болон газар тариалангийн бүс нутгийн сэдэвчилсэн судалгаануудыг эхлүүлэх,
- ADB, EIB, WB-IFC зэрэг санхүүгийн байгууллагуудын буцалтгүй тусламжаар ЧАМ болон ӨТТЭ-ийн хэтийн төлөвийн судалгааг
- эхлүүлэх,
- КГА, КИГАМ-тай хамтарч “Эрдэнэтийн орд” орчмын хэтийн төлөвтэй талбайг тогтоох ажлыг хиймэл оюун, өндөр технологи ашиглан эхлүүлэх,
- Геологийн салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулахаар болжээ.
Чанарын судалгаа бол нийтэд нээлттэй гео шинжлэх ухааны тайлан, зураг өгөгдөл нь гол зүйл болдог. Ихэвчлэн өөр өөр геологичид өгөгдлийг хэд хэдэн удаа судлан, геологийн тогтцыг нь ойлгох хүртэл бусад олон судалгааны үр дүнтэй харьцуулах шаардлагатай болдог. Тухайлбал Казахстан 1960-аад оноос региональ судалгааг эхлүүлсэн. 1980-аад онд нэгэн нутаг дэвсгэрт геофизикийн судалгаа хийж, ирээдүйтэй гэж үзээгүй тул тариалангийн талбай болгосон байна. Харин 2020 онд Ванкуверт төвтэй жижиг компани Зөвлөлтийн үеийн боломжит өгөгдөл, зургийг нэгтгэн боловсруулснаар 330 мянган тонн зэс, 1.75 сая унц алт, 4.79 сая унц мөнгө байгааг илрүүлж байжээ.
Геологийн судалгааны зургийг дахин хийдэг шалтгаан нь өмнө хийсэн аналоги судалгаа орчин үеийн тоон технологийн шаардлагыг хангахгүй болсон. Геологийн судалгаа бол зөвхөн ашигт малтмалаар хязгаарлагдахгүй гэдгийг Г.Алтанхуяг тодотгосон юм.
Үндэсний геологийн алба БНСУ, БНПУ, ХБНГУ, БНФУ, Канад Улс, ИБУИНХУ, ОХУ-ын геологийн албатай хамтран ажиллаж байна.
Үндэсний геологийн албаны Геологийн баримтын төв архив нь төрийн төрөлжсөн архив гэж явдаг бөгөөд 1957 онд Сайд нарын зөвлөлийн 674 дугаар тогтоолоор анх байгуулагдсан. Тус төв архивт нийт 11.1 мянган тайлан, 233 мянган хадгаламжийн нэгж хадгалагддаг. 2025 онд улсын төсвийн тайлан 20, хайгуулын тайлан 97, ТЭЗҮ 201, бусад 3 тайлан хүлээн авсан байна. 1997 оноос хойш хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн тайлангийн 47 хувийг эрэл хайгуул, 52 хувийг ТЭЗҮ, 1 хувийг бусад тайлан эзэлж байгааг ҮГА-ны Геологийн баримтын төвийн дарга Г.Болдмаа хэллээ. Тэрбээр тайлангийн хэмжээ нэмэгдэж, стандартын бус байранд байгааг учирласан юм.
2020 оноос өмнө геологийн мэдээллийн системүүд салангид байсныг хоорондын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн систем болгох ажлыг эхлүүлснийг ҮГА-ны Эрдэс баялгийн мэдээлэл, технологийн төвийн мэдээллийн системийн инженер Ч.Тэмжүүжин онцоллоо. Өнөөгийн байдлаар Геомэдээллийн систем, МонГЕОКАТ, МонГЕОМИН, МонГЕОКОЛ, Геомэдээллийн портал сайтууд ажиллаж байгаа бөгөөд МонГеоЭкс гэсэн аппликейшнийг ажиллагаанд оруулахаар хөгжүүлж байна.

























