Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Эрхэм уншигч Та бүхэнд “Mining Insight” сэтгүүлийн шинэ дугаарыг өргөн барьж байна. Энэ удаа бид Хөдөлмөрийн аюулгүй байдал гэх онцгой нэгэн сэдэвт тусгай секцээ зориулж байна. Энэ бол нийгмээрээ анхаарах учиртай үндэсний хэмжээний сэдэв. Чухам үүний учир Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний гуравдугаар чуулган нь хүн төвтэй, ёс зүйтэй хөдөлмөрийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үндэс ний хэмжээний шинэчлэлийн эрч хүчийг илтгэх онцгой үйл явдал юм. Энэ чуулган зөвхөн асуудлын хэлэлцүүлэг биш, харин хүн бүрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн бодит өөрчлөлт, хамтын хариуцлагын эхлэл болох учиртай. Тиймээс бид тусгай дугаартаа энэхүү шинэчлэлийн замд Танд мэдлэг, ойлголт, шийдэл өгч чадах мэргэжлийн талбар дахь үнэт ярианууд, чухал санаа оноог хүргэхийг зорилоо. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд (ХАБЭМ) ийн асуудлыг тогтолцоо болон хууль эрх зүйн шинэчлэл, осол гэмтэл, даатгал, олон улсын чиг хандлага, компанийн хариуцлагын шинэ шалгуур, хүний эрх, тогтвортой хөгжлийн огтлолцол гээд олон өнцгөөс хөндөн хүргэж байна. Өнөөдөр Монгол Улсад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл нэмэгдсээр, цаашид улам бүр өсөх хандлагатай байна. Албан ёсоор бүртгэг дэж буй зуу, зуун тохиолдлын ард ажил, амьдралынхаа чанар, үнэ цэнийг алдсан бодит хүмүүс, тэдний гэр бүл, цаашлаад улс орны бүтээмж, эдийн засагт үүссэн хохирол оршдог. Бид эрүүл орчныг бүтээх, урьдчилан сэр гийлэхээс илүүтэйгээр хохирлыг санхүү жүүлэхэд илүү их зардал гаргаж байгаа нь тогтолцооны доголдлыг илтгэнэ.
Энэ бодит үнэнээс нүүр буруулах бус, бодлогын шинэчлэлээр хариу өгөх цаг иржээ. Тиймээс ч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль шинэчлэгдэх гэж байна. ХАБЭА-н хууль эрх зүйн орчныг шинэчилж, даатгалын санхүүжилтийг зөв урсгалаар зарцуулж, цахим хяналтын тогтолцоо бий болгож, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан урьдчилан сэргийлэх бодлого руу шилжих нь цаг үеийн зайлшгүй шаардлага болоод байна. Хуулийн шинэчилсэн найруулга нь урьдчилан сэргийлэх, хяналт шинжилгээний цахим систем бүрдүүлэх, ажил олгогч, ажилтны хамтын оролцоог хангах, даатгалын санхүүжилтийг зөв чиглүүлэх зэрэг цогц хандлагад суурилж байна. 2025-2028 оны шинэчлэлийн төлөвлөгөөний хүрээнд төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа илүү тодорхой болж, бодит үр дүнг хэмжих үзүүлэлтүүд тодорхойлогдож байна. Хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах нь зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал биш юм. Энэ бол хүний эрх, нийгмийн шударга ёс, бизнесийн тогтвортой өсөлтийн үндэс. “Эрүүл 80 наслах, өвчтэй 80 наслах хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа бий” хэмээн ярилцлагадаа онцолсон ХАБЭМ-ийн төвийн Д.Нарансүх даргын үг өнөөдөр ажил олгогч, ажилтан, бодлого тодорхойлогч бүх хүний анхааралд байхаас аргагүй үнэн юм.
Уншигч та энэ дугаараас ХАБЭА бол зардал биш, харин эрсдэлийг бууруулах, бизнесээ хамгаалах ухаалаг хөрөнгө оруулалт болохыг уншина. ХАБЭА бол дүрэм журам биш, хүн төвтэй соёлын суурь болохыг ойлгоно. ХАБЭА бол зөвхөн уурхай, үйлдвэрт хамааралтай асуудал биш, ажил хийж буй хүн бүрийн эрх, нийгмийн хамгаалалт болохыг танин мэдэх болно. Өнөөдөр дэлхий даяар бизнесийг зөвхөн ашиг орлогоор бус, хэдэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсанаар нь үнэлдэг цаг үе рүү алхаж байна. Хүний эрхийг дээдэлдэг, ажилтнаа хамгаалдаг, тогтвортой өсөлт бүхий ёс зүйтэй байгууллагыг амжилттай бизнес хэмээн тодорхойлох боллоо. Бид ч гэсэн энэ хандлагыг Монголдоо нутагшуулах хэрэгтэй байна. Хөдөлмөрийн энэ шинэ соёлыг зөвхөн төр засгийн байгууллага биш, төр-хувийн хэвшил-нийгмийн хамтын оролцоогоор бүтээнэ. Ажил олгогч, ажилтан, бодлого тодорхойлогч, мэргэжлийн байгууллага гээд хүн бүр өөрийн байр сууринаас оролцох, хариуцлага хүлээх шаардлагатай. Ажилтан бүр аюулгүй орчинд ажиллаж, ажил олгогч бүр эрүүл бизнесийн орчныг бүрдүүлэх нь тогтвортой хөгжлийн үндэс суурь болно. Хөдөлмөрийн аюулгүй байдлын гуравдугаар чуулган бол түүний эхлэл юм. Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхтэй. Энэ эрхийг хүндэтгэдэг, хамгаалдаг, дэмждэг соёл, тогтолцоог хамтдаа бүтээцгээе.