Дэлхийн улс орнууд критикал минералын бодлогоо тодорхойлж байхад манай улс “саарал” буюу тодорхойгүй байна


"Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил" өндөр түвшний уулзалт Эрдэнэт хотод (2025.09.10) болсон билээ. Уг уулзалтыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ санаачлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дэмжин, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Канадын Уул Уурхайн Ассоциаци хамтран зохион байгуулсан юм. Энэхүү өндөр түвшний уулзалт дээр Монгол Улсын зэсийн салбарыг тодорхойлж буй гол үйлдвэрлэгчийн нэг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон эдийн засгийн эргэлтэд оруулахаар бэлтгэгдэж байгаа Цагаансуварга төслийг хэрэгжүүлэгч Монголын Алт" (МАК) ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир нар илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлийг онцлон “Майнинг Инсайт” сэтгүүл уншигчдадаа хүргэж байна. “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонгийн илтгэлтэй танилцана уу.

ДЭЛХИЙН УЛС ОРНУУД КРИТИКАЛ МИНЕРАЛЫН БОДЛОГОО ТОДОРХОЙЛЖ БАЙХАД МАНАЙ УЛС “СААРАЛ” БУЮУ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Өнөөдөр Тогтвортой хөгжил гэдэг зүйлээр үндсэндээ ярьж, амьсгалж байна. Хорь гаруй жилийн өмнө Тогтвортой хөгжил гэдэг зүйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, уулын инженер П.Очирбат гуайгаас анх удаа сонсож байсан. Өнөөдөр манай улсын хэмжээнд анх удаа TSM стандартыг түрүүлж хэрэгжүүлсэн нь “Энержи Ресурс” компани байдаг. Үүнийг одоо уул уурхайн олон компаниудын, нийтийн хүртээл болгохыг МУУҮА-тай ярьж, хамтран хэрэгжүүлж байна. Зэсийн салбарын тоглогч нар нийлж, салбарын сайд санаачилж, цаашид Монгол Улс дэлхийн зэсийн салбарт гол тоглогч болох боломжийг яаж хэрэгжүүлэх, ашиглах вэ гэдэг талаар, хүндрэл, бэрхшээлийнхээ талаар нээлттэй ярилцлаа. Тогтвортой хөгжил гэдэг рүү орлоо гэсэн мессежээ нийтэд өглөө. Ийшээ бид алхан орж байгаагаа ярилаа. Ганцаараа биш, бусад компаниудтайгаа хамт алхаж оръё гэдэг мессежийг өгч байна. Үүнийг хүлээн зөвшөөрч та бүхэн энд ирсэн байна.

Дэлхий зэсийн салбарт төвлөрч, онцгой анхаарч байна. Зэсийн өндөр агуулгатай Камоа Какула зэрэг уурхай нээгдэж байгаа боловч дэлхий нийтээр, хүдрийн агуулга буурч байна. Энэ нь 47 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэт” үйлдвэр дээр ч тулгарч байна. Оюутолгой бол “атаархмаар”, 10 гаруйхан жилийн настай, залуу уурхай. “Эрдэнэт” үйлдвэр газрын хэвлийд ойрхон ашигт малтмалын нөөцөөсөө олборлож байсан бол одоо уурхай улам гүнзгий болж байна. 

Дэлхий нийтээрээ, уул уурхайн компаниудад хүлэмжийн хийг бууруулах шаардлага тавьж байгаа ч нөгөө талаасаа тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд критикал минерал маш их шаардлагатай болж байна. Уул уурхайн салбарыг хөгжөөч ээ, тэлээч ээ, дэлхий нийтийн өмнө тавьсан зорилтыг биелүүлэхэд тусална гэж дэлхий нийт биднийг харж байна. Уул уурхай дэлхийн дипломат харилцааны сэдэв болжээ. Монгол Улсад хийгддэг олон улсын айлчлалуудаар чухал ашигт малтмалыг ярьж байна. Францын Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон манай улсад ирээд юу ярив. Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсад очоод юу ярив. Манай Ерөнхий сайд Америкт очоод юу ярив. Ашигт малтмал шүү дээ. Энэ салбарын огцом хөгжлийн сайхан үед бид амьдарч байна. 

Монгол Улс зэсийн эрэлт, нийлүүлэлтийг хангах сорилттой бас тулгарч байна. Сүүлийн үед гео улс төр, цэрэг-дайн, дижитал шилжилт гээд бүгд зэсийг ярьж байна. Нэг талаас зах зээл тогтвортой өсөлттэй байна. Харин тогтвортой зах зээл ярихын тулд тогтвортой үйлдвэрлэл ярих хэрэгтэй. Тогтвортой хөгжил гэдэг нь ганц уул уурхайн салбарын тогтвортой хөгжил биш, улсын эдийн засгийн тогтвортой хөгжил болж байна. Өнөөдөр улсын экспортын 90 гаруй хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарыг УИХ-ын 126 гишүүн ярьж байна. Уул уурхайгаа тойрч бид ямар их улстөрждөг билээ. Ийм цаг үед хүлэмжийн хий, ногоон эдийн засаг, эрчим хүчний шилжилт гээд олон зүйлийн хамт тогтвортой хөгжлийг анхаарах, ярилцах цаг нэгэнт болжээ.  

Сүүлийн үеийн дэлхийн чиг хандлага мэдээж критикал минерал. “Монголросцветмет” компанид ажиллаж байхад жоншийг критикал минерал гэж мэддэг байлаа. Одоо дэлхийн томоохон эдийн засгууд, хэрэглэгч улсууд, Хятад, Европын Холбоо, АНУ бүгд критикал минералын чиглэлээр өөрсдийн бодлогыг тодорхойлж байна. Аль ч улсын жагсаалтад зэс багтаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мөн импортын зэсэд тариф тогтоосон. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд критикал минералын бодлогоо тодорхойлж байхад манай улс одоогоор “саарал” дээр байна. 2019 он хүртэл ОХУ, АНУ, Европын Холбоо зэрэг цөөхөн улс бодлогоо тодорхойлсон бол тэр цагаас хойш олон орнууд ийм бодлоготой болж байна. Харин манай улс “саарал” буюу тодорхойгүй л байна. Бидний адил Африкийн хэдэн улс, мөн Казахстан зэрэг орнууд л тодорхойгүй байна.  

Монгол Улс Ашигт малтмалын тухай хуульдаа критикал минералын бодлогоо суулгах ёстой. Ингэж тодорхойгүй байдлаа хууль эх зүйн талаас нь өөрчлөх, засах хэрэгтэй.

Дэлхий дахинд эрэлтийн зэрэгцээ нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт их бага байна. Хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж 20 хэдэн жил явж байж орд уурхайлдаг. Гэтэл үүнийг нөхөж барахааргүй орон зай нэгэнт үүсчихсэн. 

Манай улс 2011 онд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зогсоосон. Энэ гор хэдэн жилийн дараа гарч ирнэ. Өсөн нэмэгдэж буй эрэлт, инновац, технологийн шинэчлэл хүчтэй орж ирж байна. Мөн БОНЗ уул уурхайн салбарт чухлаар яригдаж байна. Тэгэхээр уул уурхайн салбарт хүлэмжийн хийг бууруулах, нөгөө талаас критикал минерал, зэсийн нийлүүлэлтийг бий болгохын тулд уурхайнууд тогтвортой ажиллах хэрэгтэй байгаа юм. Ийм нөхцөл байдалд уул уурхайн компаниудын тэргүүлэх стратеги нь өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангаж дийлэхүйц тогтвортой үйлдвэрлэл юм. Бидэнд шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх шаардлага тулгарч байна. Зардал өсөж, агуулга буурч байна. Агуулга буурч байхад нийлүүлэлтийг яаж нөхөх вэ? Нөгөө талаас чадвар ажиллах хүчний хомстол бас тулгарч байна. Үүнээс гадна уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тогтвортой хөгжил, БОНЗ, олон улсын стандартыг давхар анхаарлын төвдөө авч явахыг дэлхий нийт ярьж бас шаардаж байна. Энэ талаар PDAC, IMARC дээр ч бас яригддаг болсон. Иймээс л “Эрдэнэт” үйлдвэр Монголдоо урд нь гарч алхая гэж байгаа юм. Тогтвортой хөгжил гэдэг “цамцыг өмсөж” үзье. Магадгүй, гэдсээрээ язайх нь уу, ханцуй нь богинодох нь уу. Тэгвэл бид энэ цамцандаа тохиръё, “турья”, өөрчлөгдье. Ийм шинэ хувцас өмсөж үзэж байна. “Эрдэнэт” үйлдвэр Канадын TSM стандартыг нэвтрүүлж байж энэ нь бидний маш том нэрийн хуудас болно. Дэлхий нийт бол үүнийг ойлгоно. “Зууны манлай бүтээн байгуулалт” гээд ойлгохгүй шүү. Бид санхүүжилт, хөрөнгө оруулалт татъя, үйлдвэр барья, Оюутын ордыг ашиглая гэвэл энэ стандарт бидэнд хэрэгтэй. “Эрдэнэт” үйлдвэрийн бүх үйл ажиллагаа TSM стандарттай нийцэхгүй бол болохгүй нь ээ. 

Тогтвортой хөгжил гэдэг бол хүрээлэн буй орчин, нийгэм, засаглалдаа бид ямар байдлаар хандаж, ямар шийдвэр гаргах вэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд үйлдвэрлэл тогтвортой, хөрөнгө оруулалт оновчтой байх ёстой. Ингэж эрдэс баялгийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт урт хугацаанд тогтвортой байх нь нэн тэргүүний зорилго. 

“Эрдэнэт“ үйлдвэрт технологийн дэвшлийг үе шаттайгаар нэвтрүүлнэ. Инновац, дэвшилтэд шийдлийг нэвтрүүлж байж үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашгийг, байгаль орчинд ээлтэй, цэвэр эрчим хүчний үйл ажиллагааг нэмэгдүүлэх, цаашлаад карбон ялгарал, аюулгүй хаягдал, усны хэрэглээг бууруулах болж байна. 

Зөвхөн эдийн засгийн үр ашиг бус, байгаль орчинд ээлтэй, хүнд сөрөг нөлөөгүй, орон нутагт өгөөжтэй байх ёстойг гүнзгий ухамсарлаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд геологийн нөөцөөс гадна мэргэшсэн хүний маш сайн нөөцтэй. Үүнийгээ өмч гэдгээр бодлого барина. Хүний нөөц гэдэг тогтвортой хөгжилд маш том байр суурьтай. Оньсон техникийн оператор байсан бол цаашид зөвхөн машин техниктэй харьцах бус программ хангамжтай, дижитал орон зайтай харилцах хэрэгтэй болж байна. Өнөөдөр жишээ нь, манай Засвар механикийн завод 1978 оноос хойш ашигласан суурь машинуудаа компьютероор удирддаг болж байна.

Манай үйлдвэрийн бас нэг зорилго нь Орхон аймагтай урт хугацааны хамтын ажиллагаагаа улам олон жил үргэлжлүүлэх болж байна. Ганц Орхон аймаг биш, Хойд бүс, улсын хэмжээнд бидний сайн жишээ үргэлжлэх ёстой. Тухайлбал Эрдэнэт хот, Орхон аймагтай харилцаж, эдийн засаг, бодлого, зорилтод нь мэдэгдэхүйц үр өгөөжтэй байж ирсэн энэ хамтын үнэ цэнийг үргэлжлүүлж, тогтвортой хөгжлийн олон улсын стандартыг хангах, үүнийг тогтмол бодлогын түвшинд хариуцлагатайгаар авч явна.

2016 онтой харьцуулахад “Эрдэнэт” үйлдвэрийн хүдрийн агуулга 28.6 хувиар буурсан. Хүчин чадлаа нэмэгдүүлснээр 2024 онд фабрикийн хүчих чадлыг Оюутолгойтой адил 40 сая тоннд хүргэсэн. Гэвч Оюутолгойн хүдрийн агуулга нэмэгдэж байхад Эрдэнэтийнх буурч байгаа. Анх “Эрдэнэт” үйлдвэр орд ашиглахад 0.89 хувийн агуулгатай байсан бол одоо 0.364 хувийн агуулгатай болсон. Тиймээс бид металл авалтаа огтмол 87-88% түвшинд барихын тулд тогтмол шинэ технологи нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байгаа юм. Гэтэл АМНАТ-ийн өнөөгийн түвшинд бол үйлдвэрт “наалдах юм нь” бага байна. 

Улс орноо ижий шигээ нуруундаа үүрч явдаг гэж уул уурхайн салбарыг хэлдэг. Манай үйлдвэрийн хүдрийн агуулга буурч байгаа үед бид нөөцөө шинэчлэн баталж, шинэ орд нээлээ. Геологи хайгуулд тогтмол хөрөнгө зарцуулж байна. Зэсийн баяжмалаа тогтвортой гаргахын тулд хүдэр олборлолтыг зөвхөн сүүлийн гурван жилд 27.7 хувиар нэмэгдүүлсэн. Хүдрийн боловсруулалтыг 19 хувиар нэмэгдүүлж 40 сая тоннд хүргэсэн. Тогтвортой хөгжил, тогтвортой татвар төлөгч байхын тулд ийм хөрөнгө оруулалтууд хийж байгаа юм. “Эрдэнэт” үйлдвэр 2023 онд анх удаа 4 их наяд төгрөгийг давсан борлуулалт хийсний 2 их наяд гаран төгрөгийг улс, орон нутагт татвар хураамж хэлбэрээр өгсөн. Үүнийгээ цаашид тогтвортой хадгалахыг хичээнэ. Өнгөрсөн жил 273 тэрбум төгрөгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүллээ. Энэ бол улс орон нутагтаа, иргэддээ оруулж буй бидний хувь нэмэр. 

Бид үйлдвэрлэлдээ хөрөнгө оруулалт хийснээр зэсийн баяжмалын үйлдвэрлэлийн хэмжээг тогтвортой хадгалах зорилготой юм. 2025 онд 562 мянган тонн баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Хэрэв бид зөв хөрөнгө оруулалтыг хийгээгүй байсан бол энэ жил 419 мянган тонн баяжмал үйлдвэрлэх байлаа. Татвар, хураамж ч бас буурна. 

“Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын ДНБ оруулж байгаа хувь нэмэр 2024 онд 5 хувь байсан бол энэ жил 5.8 хувь болж өсөхөөр байна. Мэдээж хүдрийн агуулга буурахын хэрээр зардал өсөж байгаа. Харин хөрөнгө оруулалтууд, нэмэлт ашиг бий болгох, зардал бууруулахад чиглэж байна. Жишээ дурдахад 2024 оны зардлын бүтцийн 55 хувийг төр, засгийн бодлогоор дэмжих боломж байгаа юм. Зөвхөн сүүлийн 3 жилд 200 гаруй тэрбум төгрөгийн цахилгааны зардал нэмэгдэж, одоо бараг 500 шахам тэрбум ₮-ийг цахилгаанд өгч байна. Энэ нь үйлдвэрийн нийт зардлын 15 хувийг эзэлж байна. 2022 онд цахилгааны зардал 9 хувь байсан бол одоо 15 хувь болж өссөн нь үйлдвэрлэлд өндөр өртөг болж байгаа. АМНАТ гэхэд 839 тэрбум төгрөг төлсөн. Хэрэв АМНАТ 20-оос, 15, 10 хувь болж буурвал үүнийгээ дагаад цэвэр ашиг өсөх боломжтой юм. Улсын төсөвт төвлөрүүлж буй зэсийн АМНАТ-ийн 70 хувийг “Эрдэнэт” үйлдвэр төвлөрүүлж байна. АМНАТ буурвал ААНОАТ эсрэгээр өснө, бас ногдол ашгаар ТУЗ шийдвэрээ гаргаад нөхөөд авч болно. Хамгийн гол нь зэсийн салбарыг дэмжээч ээ. Зэсийн салбарын улсад оруулдаг хувь нэмрийг хэвээр хадгалж болно. Татварын суурийг тэлэх замаар. АМНАТ гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. АМНАТ бол тонн тутам дээр суудаг зардал юм. Уурхайн ашигтай ажиллах он жилүүдийг бууруулдаг, бас геологийн нөөцөөс эдийн засгийн үр ашигтай ажиллах үйлдвэрийн нөөцийг бууруулдаг. Жишээ нь, АМНАТ буурвал МАК-ийн төсөл 14 жил ашиглах байсан бол магадгүй 18-20 жил ажиллах боломжтой. Улс геологийн нөөцийг нэмэгдүүлье гэсэн бодлого барьж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар шинэ шинэ орд нээе гэж байна. Бид нээсэн ордоо бүрэн ашиглая гэхээр АМНАТ-өөс болж сорчилж ашиглаж байна. 3.4 тэрбум тонн нөөцийг 55 жил ашиглах ТЭЗҮ-ийг Австралийн компаниар хийлгүүлсэн. Хэрэв зэсийн АМНАТ буурвал магадгүй 55 биш, 60 жил, 70 жил ашиглах боломж гарч ирнэ. Энэ нь Эрдэнэт хотод, Орхон аймагт, улсад хэрэгтэй. Ажиллаж буй хүмүүстээ хэрэгтэй. АМНАТ ийм “хорон” байдаг. Тэгэхээр уурхайн насжилтыг нэмэгдүүлэх боломжтой. Геологийн нөөцийг сорчилж ашиглахгүй байх боломжийг бий болгоно. Өндөр АМНАТ нийгэм эдийн засгийн маш их сөрөг үр дагаврыг дагуулдаг.  

Үйлдвэр хаягдал өтгөрүүлэх технологийг нэвтрүүлье, эрчим хүчний, цэвэр усны хэмнэлтийг нэмэгдүүлье, 1978 оноос ашигласан хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчилье гэж зорьж байна. Эдгээрийн үр дүнд тогтвортой үйл ажиллагаа явуулж, эрчим хүчний хэрэглээ, материалын зарцуулалт буурна. Импортын эрчим хүч, уул уурхайн салбарын гаднаас авдаг материалын хэрэглээ буурна. Улсдаа үлдэх зүйл нь нэмэгдэнэ. Хүнд даацын машины даацыг нэмэгдүүлье, дизель түлшний хэрэглээг бууруулья, цахилгаан машиныг түлхүү ашиглая гэж байна. Өнгөрсөн жил 10 ширхэг Комацу машин авснаар ашиглалтын зардал 5.8 хувиар (дизель түлшний хэрэглээ) буурч бүтээмж 9.2 хувиар нэмэгдсэн. Комацу цахилгаан машин нэвтрүүлэх санамж бичиг зурлаа. Дизель түлшийг импортоор, валютаар авдаг зүйл. Эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр хангах судалгааны ажил хийгдэж байна. Хүлэмжийн хий ялгарлыг бууруулна. Хангайн бүсийн мод үржүүлгийн төвөөр дамжуулж 100 сая мод тарихаар  ажиллаж байна. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулна, сөрөг нөлөөг бууруулна. Хиймэл оюун ухаан, автоматжуулалтыг нэвтрүүлнэ. Энэ бүх хийж байгаа хөрөнгө оруулалт, барьж буй бодлого, шийдэл бол тогтвортой хөгжлийн стандарттай нийцүүлж гаргах бидний замын зураг, бидэнд тавьж буй шаардлага болж байна.  

Өмнө хэлсэнчлэн, “Эрдэнэт” үйлдвэрт хоёр нөөц байдаг. Энэ нь геологийн нөөц, хүний нөөц. Манай үйлдвэрийн хүний нөөц 47 дахь жилдээ ажиллаж байна. Манайх бол зэсийн уурхайгаас гадна хүний нөөцийн уурхай юм. Энд бэлтгэгдсэн инженерүүд хувийн компаниудад ажиллаж байна. Харамсалтай нь инженерүүдийг барьж чадахгүй байна. Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалттай компани руу явж байгаа. Гэхдээ “хүн газрын сайхныг хайдаг, загас усны гүнзгийг хайдаг” гэж ярьдаг. Төрийн өмчит компаниуд дундаас “Эрдэнэт” үйлдвэр ISO30400 стандартыг нэвтрүүлсэн. Ажилчдаа сонгон шалгаруулалтаар авдаг. Авсан ажилтнуудад шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр, залуу ажилтныг дэмжих хөтөлбөр, залгамж халаа хөтөлбөр, манлайлал ур чадварын хөтөлбөр гэж манайд байдаг. Ерөнхий захирлын хувьд улирал тутам шиэ ажилтнуудтайгаа уулзаж урмын үг дайдаг. Тогтвортой хөгжлийн бодлогод хүний нөөцөд хөрөнгө оруулах хэрэгтэй байгаа. Ер нь “Эрдэнэт” үйлдвэр хүний нөөцийн сургалтад 4-5 тэрбум төгрөг төлөвлөдөг. Тэрийг тэр болгон ашиглаж чаддаггүй. Манай ерөнхий инженерийн жил бүр онцлох мэргэжлийн жагсаалтыг батлаад, гадаадын өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторт сурах хөтөлбөр байдаг, тэр бүр хүмүүс явж чадахгүй, төсөв нь үлдээд байдаг. Дотооддоо олон төрлийн сургалтыг төлөвлөж явуулдаг. Нэг ажилтанд ногдох зардал жилдээ дунджаар 598 мянган төгрөг байна. Үүнийг цаашид нэмэгдүүлнэ. Манай хүний нөөц сайн шүү гэдгийг хэлье. 

“Эрдэнэт” үйлдвэр бол Орхон аймгийн хөгжилд томоохон үүрэгтэйг хэлсэн. Орхон аймаг ч Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааг дэмждэг. Орхон аймаг хамгийн жижиг газар нутагтай боловч 1200 га газрыг үйлдвэр технологийн паркад, хаягдлын шинэ санд 4 мянган га газрыг гаргаж өгсөн. “Эрдэнэт” үйлдвэр татвар төлөхөөс гадна нийгэм, орон нутгийн хөгжлийг дэмжих зүйлийг маш их хийдэг. Орон нутгийн хөгжлийг дэмжих Эрдэнэт хотын цэвэр усыг үйлдвэр бүрэн авч явдаг. Үүнд 124 тэрбум төгрөг, “Уурхайчин 1,2,3” орон сууцыг зах зээлээс хямд хангах 99 тэрбум төгрөг, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ковидын үед 1.1 их наяд төгрөгийг нийт монголчууддаа зориулсан. Бүх аймаг, суманд сургуулийн ариун цэврийн байгууламж барихад 160 тэрбум төгрөг, өнгөрсөн жил эрхтэн шилжүүлэх мэс заслын тоног төхөөрөмжийн 4.5 тэрбум ₮-ийг Хоёрдугаар төв эмнэлэгт бүрэн санхүүжүүллээ. Энэ бүгдийг татвар төлөхийн хажуугаар давхар хийдэг. Манай үйлдвэр Орхон аймгийн төсөвт 75 хувийн нөлөөтэй байдаг. Харьцуулбал Өмнөговь аймагт Оюутолгой, Тавантолгой 54.7 хувь байдаг. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэрийн аймгийн төсөвт төвлөрүүлдэг орлого бол бидний хамтын үнэ цэнэ гэдгийг бас хэлэхийг хүсэж байна. 2024 онд Тогтвортой хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдээ бид баталсан. Одоо TSM стандарт руугаа бид алхаж байна. 

“Эрдэнэт” үйлдвэрийн орж, гарч байгаа мөнгөн урсгалыг бид ил болгоё гэж зорьж байгаа. Энэ зорилгоор биржээр зэсээ арилжиж байна. Бараа материалын худалдан авалт, тендерт хиймэл оюуныг ашиглаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийн орж, гарч байгаа мөнгөн урсгалыг ил болгоход улс төрийн шахаа, монопол байхгүй болно. Үйлдвэр нээсэн, илрүүлсэн нөөцөө үр ашигтай өндөр өгөөжтэй ашиглахын тулд инженерүүд мэдлэгээ мэргэжлээ уралдуулсан мэтгэлцээний талбар байх ёстой гэж үзэж байна. Эдийн засгийн хувьд ашигтай ажиллах ёстой. Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, ёс зүйн хариуцлагатай байж, нийгэмдээ манлайлал үзүүлье гэж байгаа юм. Нийгмийн хариуцлага, бидний тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны гол зорилго байх болно. 

“Эрдэнэт” үйлдвэр TSM стандартыг Монгол Улсад анх удаа төрийн өмчийн компаниудаас түрүүлж нутагшуулахаар салбарын яам, МУУҮА, салбарын бусад компаниудтайгаа хамтран ажиллах болсноо үарлаж байна. Бид эхний алхмыг хийгээд явна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн БОНЗ-ын бодлогыг манлайлан ажиллана, төрийн өмчийн компаниудад бид жишиг болно, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, тайлагнахад бид бас манлайлна. 

Салбарын хөгжилтэй алхаа нийлүүлж, тогтвортой хөгжлийн үнэт зарчим, нэг стандарт, хамтын зорилгыг эрхэмлэн, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн уялдаа холбоог хадгалсан нэгдмэл үнэт зүйлсийн төлөө гар нийлж, шинэ цагийн хөгжлийг хамтдаа бүтээхийг уриалж байна.