Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Учрал, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарын бүрэлдэхүүнтэй, Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод өчигдөр (2025.09.29) ажилласан байна.
Тус ажлын хэсэг хил холболтын төмөр замын ажлын явцтай танилцаж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын дэд тэргүүлэгч Ян Жин тэргүүтэй удирдлагуудтай уулзжээ. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал солилцсон аж.
Мөн шинэ Засгийн газар байгуулагдсан хугацаанд нүүрсний худалдааг биржээр арилжих, хил гаалийн үйл ажиллагааг уян хатан зохион байгуулах, тээвэрлэлтийн хурдыг нэмэгдүүлэх зэрэг бодит үр дүн гарсныг онцолжээ.
Ганцмод боомтын өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог 2500 болгож нэмэгдүүлнэ
Талууд, нүүрсний экспортыг 2025, 2026 оны зорилтот түвшинд хүргэхийн тулд хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог өдөрт 2500 болгон нэмэгдүүлэх, боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах, автомат удирдлагатай чингэлэг тээврийн AGV терминалын ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх, хилийн боомтуудаар зарим ачаа бүтээгдэхүүн импортлох зөвшөөрлийг авах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд хилийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх, зай талбайг томруулах, хил гаальд ажиллаж буй албан хаагчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ. Одоогийн байдлаар тус боомтоор өдөрт 1500-1700 орчим машин нэвтэрч байгааг АҮЭБЯ-наас мэдээллээ.