2026 онд экспортын цэвэр зэсийн агууламж нэмэгдэх төлөвтэй байна

Гадаад валютын орох урсгал 2025 оны эхний 11 сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тэрбум орчим ам.доллароор буурсан байна. Үүнд нүүрсний үнэ, санхүүгийн дансны орох урсгал өмнөх оноос буурсан нь голлон нөлөөлсөн гэж Монголбанк (2025.12.30)-наас мэдээллээ. 

Түүнчлэн машин, механик, тоног төхөөрөмж, шатахуун, тослох материалын импорт буурснаар валютын гарах урсгал 330 сая орчим ам.доллароор буурсан. Ингэснээр цэвэр орох урсгал 670 сая орчим ам.доллароор багасаж, төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эхнээс 3.9 хувиар суларчээ.

Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний гурван улиралд 5.9 хувиар өссөн. Үүнээс уул уурхайн салбарын өсөлт 1.1 нэгж хувьд хүрсэн. Энд голлон зэсийн баяжмалын цэвэр зэс, алтны агууламж, төмрийн хүдрийн олборлолт нэмэгдсэн зэрэг шалтгаалсан байна. Харин нүүрсний үнийн бууралтаас тээврийн компаниудын ашигт ажиллагаа буурчээ. 

2026 онд томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжлэх, нүүрсний экспорт 2024 оны түвшинд хүрэх, зэсийн баяжмалын цэвэр зэсийн агууламж үргэлжлэн нэмэгдэх зэргээс манай улсын эдийн засаг 5.6 хувиар өсөх төлөвтэй байна. 

2025 оны эхний 10 сард нүүрсний экспортын орлого буурсан, уул уурхай, түүнийг дагасан салбаруудын идэвхжил сул байгаатай холбоотойгоор ААНОАТ, АМНАТ-ийн орлого буурсан. Нөгөө талдаа төсвийн зардал өмнөх оны мөн үеэс 2.5 их наяд төгрөгөөр нэмэгдэж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарах гол шалтгаан болсон байна. 

Төлбөрийн тэнцэл эхний гурван улиралд 53 сая ам.долларын ашигтай гарахад зэсийн баяжмалын орлого, санхүүгийн дансны ашиг нэмэгдэх, суудлын автомашин, хөрөнгө оруулалтын импорт буурсан нь нөлөөлсөн. 2026 онд худалдааны зээл, бондын төлбөрүүд төлөхөөс голлон шалтгаалж Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах эрсдэлтэй байна.