Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барина

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дэргэдэх орон тооны бус Зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр (2025.08.18) болсон байна. Тус хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн аж.

Зөвлөлийн хуралдаанд салбарын сайд Г.Дамдинням дараах зүйлийг онцолжээ. Тэрбээр “Манай зөвлөлийн өмнө хоёр чухал зорилт байна. Нэгдүгээрт, олон жил яригдсан Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх намрын чуулганд өргөн барих бэлтгэл хангаж байна. Шинэчилсэн найруулга бус, нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр оруулах нь зүйтэй гэсэн бодлогыг барьж байгаа.

Хоёрдугаарт, Ашигт малтмалын хуулийн өөрчлөлттэй уялдан Үндэсний баялгийн сан, Биржийн тухай хууль зэрэг бусад хууль, бодлогын асуудлууд цогцоор яригдана. Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг авч, АҮЭБЯ-наас байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран, УИХ-ын намрын чуулганд хуулийн төслийг өргөн барихад шуурхай хамтран ажиллах шаардлагатай байна” гэв. 

Мөн хуралдааны үеэр цаашид Аж үйлдвэржилтийн тухай хууль болон Уул уурхайн салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах асуудал нь Зөвлөлийн гол үүрэг гэсэн байна.  

Тус Зөвлөл нь төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийн тэгш оролцоог хангасан орон тооны бус бодлогын зөвлөл гэж АҮЭБЯ-наас мэдээллээ.