Цөмийн энергийн комиссын ажлын албанаас өнөөдөр (2025.08.20) мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдлийг хүргэж байна.
Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр "Эвийн хүч, эх нутгийн төлөө" ТББ-ын тэргүүн Б.Хөхөө, ОХУ-ын иргэн, цөмийн физикч гэх Андрей Вячеславович Ожаровский нар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ураны орд газрын бүс нутагт цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийж, санаатайгаар худал мэдээлэл тарааж, олон нийтийг төөрөгдөл, айдаст автуулж байгаад харамсаж байна.
Цацрагийн хэмжилт хийхдээ ашиглаж буй ионжуулагч цацраг хэмжих хэрэгслүүдийг Хэмжил зүйн тухай хуулийн 10.1-т заасны дагуу ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулсан байх шаардлагатай, мөн хуульд зааснаар баталгаажуулаагүй хэмжих хэрэгсэл ашиглахыг хориглодог. ОХУ-ын иргэн Андрей.В.О нь цацрагийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангуулсан эсэх нь тодорхойгүй хэмжих хэрэгслийг ашиглан цацрагийн хэмжилт хийж олон нийтэд баталгаагүй мэдээлэл түгээж буй нь хариуцлагагүй үйлдэл юм.
Ураны орд газар (Дулаан-Уул, Зөөвч-Овоо, Мардайн орд) нь геологийн тогтоц, хүдэржилтийн онцлогоос хамаарч газрын гадарга орчимд ураны агуулга өндөр байдаг байгалийн зүй тогтолтой бөгөөд байгалийн гаралтай цацраг идэвхт материалаас үүдэлтэй тунгийн чадлын дэвсгэр түвшин харьцангуй өндөр байгаа нь өмнө хийгдсэн геологийн суурь судалгааны тайлан, хяналт шалгалтын үед хийгдсэн хэмжилтээр тус тус тодорхойлсон байдаг.
Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул, олборлолтын үед Монгол Улсын холбогдох хууль, дүрэм журмын дагуу цацрагийн болон байгаль орчны хяналт шалгалт тогтмол хийгдэж байна.
ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН АЖЛЫН АЛБА
2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр