Чайна Энержид амласан 5 сая тонн нүүрсийг хугацаанд нь гаргаж чадахгүй

Э.Мишээл

"Эрдэнэс Тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсонтой холбоотой холбогдох албаныхан өнөөдөр (2025.07.19) тус компанийн уурхайд ажиллаж, мэдээлэл өгч байна. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, "Бид Чайна Энержитэй хийсэн гэрээний дагуу өдөрт 8-9 цуваа ачиж чадахгүй юм билээ. Бодит байдал ийм байна. Гараад та бүхэн нүдээрээ үзнэ байх. Ингэж ачиж чадахгүй бол Чайна Энержид амласан 5 сая тонн нүүрсийг хугацаанд нь гаргаж чадахгүй. Яагаад гэвэл одоо тавхан сар үлдсэн. Миний бие Наадмын өмнө Бээжинд очиж олон улсын хуралд суусан. Тэнд Чайна Энержитэй уулзахад эмзэглэж байгаа гурван зүйл байна гэсэн. 

Нэгт, танайх манайд үзүүлсэн овоолгоо бусад компаниудад ачсан гэдэгт эмзэглэсэн. Манай ачилтыг өнгөрсөн зургаадугаар сард дөрвөн хоногоор саатуулсан. Ийм байдлаар танайхаас 5 сая тонн нүүрсийг авна гэдэг нь боломжгүй гэдгийг шууд хэлсэн. 

Хоёрт, энэ овоолгыг бусад компаниуд адилхан ачдаг гэдгийг Н.Цэрэнсамбуу, О.Цэрэндондог хоёулаа надад тайлбарласан. Нэгэнт дээж авсан учраас бусад компаниудтай адилхан ачдаг гэсэн. Харин энэ айлын тавьж байгаа санаа нь нэгэнт бидэнд үзүүлсэн, дээж авчихсан овоолгоо бидэнд ачиж өгөөч гэсэн. Ингэхгүй бол дээжийн шинжилгээний хариу гарна гэж хоног алддаг тухай ярьсан. 

Гуравт, надад 5 сая тонн гэсэн тоог нэмэгдүүлэх үүрэг даалгавар өгч Ерөнхий сайд Бээжин рүү явуулсан. Тэдний хувьд эхний ээлжийн 5 сая тонн нүүрсийг гаргаж өгөхийг хүссэн. Бид нэмж авахад асуудалгүй гэсэн хариу өгсөн" гэв. 

"Эрдэнэс Монгол" ХХК-иас БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн хэлэхдээ, "Чайна Энержи компанийн 5 сая тонн нүүрсийг өгөхөд бэлэн байгаа. Овоолгын лабораторийн шинжилгээ гарахад хоёр хоног орсон зүйл бий. Бусад лаборатори 6 цагийн дотор гарч байгаа

.Чайна Энержигийн ачилт дөнгөж зургаадугаар сарын сүүлээр эхэлсэн. Улирлын сүүлийн сард, ялангуяа үнэ буурч байгаа үед ачихгүй байх нөхцөл үүссэн. 

Үүнтэй холбоотой уурхайн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс хариу нь гарахгүй, ачихгүй овоолгуудаас ачиж байгаа. Үүнийг бид Чайна Энержид өгнө гэхээс илүү гэрээнд заасан нөхцөлөө хангаад өгч явна. Бид Чайна Энержитэй байгуулсан гэрээний дагуу чанарын шаардлага хангасан нүүрсийг өгнө. Нөгөө тал лабораторийн шинжилгээг хурдлуулах, ачилтаа шаардлагатай үед яаралтай татаж авах зайлшгүй шаардлага байна" гэв.