Э.МИШЭЭЛ misheel@mininginsight.mn
Оюутолгойн хоёр лицензийн асуудал эрчтэй яригдаж байсан ч Засгийн газрыг огцруулахтай зэрэгцээд суларчихлаа. Гэхдээ асуудал хэвээр байна. Магад Засгийн газар огцрох, шинээр эмхлэгдэх нь сунжирвал “Онтрэ” ХХК-ийн 20 хувьд ногдох Монголын талын 34 хувийн эзэмшлийг тогтоох гэрээг УИХ-аар хэлэлцэх явц удаашрах төлөвтэй. Гэтэл зургаадугаар сарын эхээр Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу “Онтрэ”-гийн лицензийн талбай руу орохоор байна. Хэрэв гэрээ саатах тохиолдолд Оюутолгойд ойлгомжгүй байдал үүсэж магадгүй нь.
“ОНТРЭ ГОУЛД”, “РИО ТИНТО” ХОЁР КОМПАНИ ХООРОНД БАЙГУУЛСАН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ
2004 онд “Онтрэ Ресурс”, “Туркойз Хилл Ресурс” компани Ашиг хуваах гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу “Онтрэ”-гийн лицензийн талбайд 35 сая ам.долларын геологи, хайгуулын зардлыг “Туркойз Хилл Ресурс” гаргасан тохиолдолд, олборлолтын гүн 560 м хүртэл бол 70/30, үүнээс доош бол 80/20 хувийн эдийн засгийн өгөөж хуваарилахаар тохирчээ. 35 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэнээр энэхүү тохиролцоо хүчин төгөлдөр хадгалагдсаар иржээ. Энэ хооронд “Туркойз Хилл Ресурс”-ыг “Рио Тинто” 100 хувь эзэмшсэн. Гэвч Ашиг хуваах гэрээг “Рио Тинто” хэлэлцэхгүй байснаас “Онтрэ Ресурс” 2022 оны тавдугаар сард Олон улсын арбитрт хандаж, 2024 оны арванхоёрдугаар сард “Онтрэ Гоулд”-ын талд шийдвэрлэгдсэн юм. Улмаар 2025 оны хоёрдугаар сард хамтарсан үйлдвэр байгуулахаар хоёр компани тохиролцож, асуудал шувтарсан аж.
“Онтрэ Ресурс” компанийн хувьцаа эзэмшил
Үндсэндээ өнгөрсөн оны сүүлээс хойш гурван сарын хугацаанд компаниуд ойлголцолд хүрчээ. Тэгвэл “Онтрэ Ресурс”-д оногдох 20 хувийн ашиг дээрх Монголын талын 34 хувийн гэрээний хэлэлцээр эхэлснийг эх сурвалжууд баталж байна. “Онтрэ Гоулд” манай талтай тохиролцоонд аль болох хурдан хүрэх сонирхолтой байгаа. Учир нь гүний уурхай төлөвлөгөөний дагуу явбал тэд цаг хугацаандаа ашгаа хүртэж эхлэх юм.
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТҮҮХ
“Онтрэ” ХХК-д Шивээ толгой, Жавхлант нэртэй MV-015226, MV-015225 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаардаг. Тэгвэл анх 3148Х нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг (Шивээ толгой MV-015226) “Монгол Газар” ХХК-д 2001.04.03-ны өдөр олгожээ. Үүнээс хойш “Монгол Газар” ХХК, “Эм Жи Пи” ХХК-д тус бүр хоёр, “Баяраам” ХХК, “Траст-Лизинг” ХХК-д тус бүр нэг удаа дамжиж, өнөөгийн өмчлөгчид “Эм Жи Пи” ХХК-иас 2003.10.28-нд шилжүүлсэн нь бүртгэгдсэн байна. Нөгөө 3150Х хайгуулын тусгай зөвшөөрөл (Жавхлант MV-015225) мөн л “Монгол Газар” ХХК-д 2001.04.03-ны өдөр анх олгогдож, “Баяраам” ХХК, “Эм Жи Пи” ХХК-иар дамжин “Онтрэ”-д 2003.09.30 нд очжээ. Хайгуулын хоёр лицензэд хуучнаар Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны 877 дугаар шийдвэрээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.
"ОНТРЭ"-ГИЙН ХОЁР ЛИЦЕНЗИЙН НӨӨЦ
Оюутолгойн Хойд Хюго ордын үргэлжлэлийн Давхар 1 нь боломжит үйлдвэрлэлийн 40 сая тонн хүдрийн нөөцтэй. Зэсийн 1.54 хувийн дундаж агуулгатай, 0.53 гр/тн алт, 3.36 гр/тн мөнгө байна. Уурхайн ашиглалтын хугацаагаар 17 жилийн дараа Давхар 1 дуусаад Давхар 2 руу орно. Давхар 2-ын ашиглалтын хугацаа 22 жил. Эдийн засгийн урьдчилсан үнэлгээ бодитой зэрэглэлээр 78 сая тонн геологийн нөөц, боломжтой зэрэглэлээр 88 сая тонн геологийн нөөц, дундаж агуулга 1.35 хувийн зэс, 0.49 хувийн гр/тн алт, 3.6 гр/тн мөнгө байна. Мөн Херуга ордын боломжтой зэрэглэлээр 1.4 тэрбум тонн геологийн нөөцөд зэсийн дүйцүүлсэн агуулга 0.68 хувь гэж 2021 онд тооцоолжээ. "Онтрэ"-гийн MV-015226, MV-015225 дугаартай хоёр ашиглалтын тусгай зөвшөөрөл нь Оюутолгойн бүлэг ордын нөөцийн зэсийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибденийн металлын 94 хувийг хамаарах аж.
Оюутолгойн бүлэг ордын өөр нэг далд уурхай болох Херугаг 2031 оноос уурхайлж эхэлнэ гэдгийг “Онтрэ Гоулд” компаниас мэдээлж байна. Үүнээс наана Хойд Хюго далд уурхайгаас голлон, Оюут ил уурхай 2028 оноос 500 мянган тонн, өндөр агуулга бүхий металлууд олборлох төлөвтэй. Харин оргил олборлолтын үе дуусах 2036 оноос хойш таван жилийн хугацаанд 350 мянган тонн зэсийг Оюутолгойгоос олборлоно. Энэ нь өнгөрсөн жилийн өндөр гарцаас 40 орчим хувиар илүү байх юм.
ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ТАЛБАЙН АЖИЛ БА ГЭРЭЭНИЙ ХЭЛЦЭЛ “ДАВХАЦСАН” НЬ САНАМСАРГҮЙ ТОХИОЛ УУ
Оюутолгойн гол хувьцаа эзэмшигч Монгол Улсын төрийн эрх барих байгууллагад төдийлөн итгэлтэй бус хандаж иржээ. Тухайлбал, “Оюутолгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс”-ийн 2014 оны жилийн эцсийн тайлангийн эрсдэлтэй холбоотой хэсэгт “Монгол Улсын УИХ, Засгийн газар Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ)-нд өөрчлөлт оруулж, дахин хэлэлцүүлэхгүй гэх баталгаа байхгүй” гэж үзсэн байна. Компанийн хувьд өөрийн эрсдэлийг тооцох нь чухал. Ийм утгаар эрсдэлийг тооцож “Онтрэ” компанитай олон жилийн турш хувь эзэмшлийг тохирохгүй ирсэн гэж таамаглаж болохоор байдаг. Учир нь 2015 он буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө батлагдах үеэр ч “Онтрэ Ресурс” компанийн эзэмшлийн хувийг “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК руу шилжүүлэх талаар тухайн үеийн Засгийн газарт яригдаж байв. Засгийн газрын өмнөөс Оюутолгойд “Эрдэнэс Оюу Толгой” компани төлөөлдөг. Өөрөөр бол “Рио Тинто”, “Онтрэ” лиценз шилжүүлэх тухай хоёр компани өөрсдөө шийдсэний адилаар “Онтрэ” тэй “Эрдэнэс Оюу Толгой” 20 хувь дээрх 34 хувийн гэрээг өмнө нь хийх боломж байв уу. Яагаад лицензийн талбай рүү орохоос хэдхэн сарын өмнө, богино хугацаанд гэрээг хийхээр болов. Өнгөрсөн хугацаанд гэрээний хэд хэдэн хувилбарыг тооцоолж байсан уу. Нөгөө талаас Оюутолгойн ХөОГ-нээс өөр туршлагагүй гэж үзэн “Онтрэ Ресурс”, “Рио Тинто” хоёр компанийн асуудал хэрхэхийг хүлээхээс аргагүй байдал манайд үүссэн үү. Энэ мэтээр олон асуулт тавьж болох ч Ашиг хуваах гэрээ өнөөдөр үргэлжилж байна. Нөгөө талд манай улсын эдийн засгийг сайнгүй нөхцөл угтах төлөвтэй. Учир нь экспортын гол түүхий эд болох нүүрсний үнэ өсөх дүр зураг ажиглагдахгүй байгааг судлаачид сануулж байна. Иймээс гүний уурхайг 2027 оноос бүрэн хүчин чадлаар ажиллуулах, энэ хүртэл аажмаар зэсийн агуулга, хэмжээг нэмэхийн тулд гүний уурхайн нэвтрэлт “Онтрэ” гийн Хойд Хюго үргэлжлэл рүү төлөвлөсний дагуу орох шаардлагатай болсон. Зөвшөөрөл шилжүүлэх, ашиг хуваах үйл ажиллагаа, нэвтрэлтийн төлөвлөгөөтэй ингэж давхацсаныг санамсаргүй тохиол гэж нэрлэж боломгүй. “Онтрэ”-гийн хоёр лицензэд ашиг хуваах гэрээг манай тал “Рио Тинто”-гийн адилаар байгуулна. Харин энэхүү гэрээг УИХ-аар хэлэлцэхгүй, ямар нэг байдлаар удааширсан тохиолдолд Оюутолгойд тодорхойгүй байдал үүсэх нь үү гэсэн болгоомжлол төрөхөөр байна.
ДАХИАД ГЭРЭЭ БУЮУ ТАТВАРЫН МАРГААН ҮРГЭЛЖИЛНЭ
Оюутолгойд энэ жил олон үйл явдал давхцаж байна. 2024 онд гүний уурхайн бүтээн байгуулалтаас үйлдвэрлэлийн шат руу шилжиж, 30 жилийн ХөОГ-ний хоёрдугаар хагас руу орж буй. Татварын маргаан эцэслэгдэх хүлээлттэй бөгөөд 7 жил тутамд ХөОГ-ний зээлийн хүүг хянаж, бууруулах хугацаа мөн тохиож байна. Тэгвэл нөгөө талд татварын маргаан үргэлжилж болзошгүй байна. Оюутолгойн 2020-2025 оны дансанд хяналт хийгдэж, өмнө нь тавигдсан татварын актын адил дахин их наяд төгрөг яригдаж буйг АҮЭБ ийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө (2025.04.25) хэлсэн. Тэрээр “2013-2020 онд 1.3 их наяд төгрөгийн татварын маргаанд Монгол Улс данс дээр нь хаалт хийж, хэрэглэсэн. Одоо 2020-2025 оны шалгалт орчихсон явж байна. Энд их наяд төгрөгийн торгууль тавигдахаар яригдаж байгаа. Оюутолгойд хоёр Ажлын хэсэг байгуулагдан, олон хэлэлцээр хийж байна. 7 хоногийн өмнө хурал хийсэн ч шийдэлд хүрээгүй. Хууль тогтоомжийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Татварын ерөнхий хуульд өөрчлөлтөд орж байж шийдэгдэж магадгүй. Шийдэгдэхгүй байх боломж нь давхар татвартай холбоотой зүйл заалт байна” гэв. Тэгвэл Монголын тал ХөОГ ний санхүүжилтийн хүүг бууруулах боломжийг энэ онд эрэлхийлж болохоор байна. Үүнийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал тодорхой илэрхийлсэн. Тэрээр “Оюутолгойд “Онтрэ” компани манайхтай ижил зээлээр санхүүжиж, үйл ажиллагаа явуулдаг. Тийм атал манай хүүгээс 4.5 хувиар бага хүүтэй байна. Мөн бид 34 хувьд ногдох зэсийн баяжмалыг борлуулах эрхгүй байхад тэд борлуулах эрхтэй гэрээг “Рио Тинто”-той өнгөрсөн хоёрдугаар сард байгуулсан” гэсэн агуулга бүхий яриаг (2025.05.08) хэвлэлд өгчээ. Төгсгөлд нь, 10 гаруй жилийн өмнөөс яригдсан “Онтрэ”-тэй байгуулах гэрээ ямар шатандаа явж буй мэдээлэл Монголд хаалттай байна. “Онтрэ” гийн 20 хувийн Монголын талын 34 хувийн гэрээнд “Рио Тинто”, ”Онтрэ Ресурс” ын гэрээнээс Монгол Улсад ашигтай заалтуудыг оруулж, цаашилбал Оюутолгойн ХөОГ ний зарим заалтад шингээж өгөх боломжийг Засгийн газрын төлөөлөл эрэлхийлж буй гэж найдахаас хэтрэхгүй нь.
Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар, 2025 №05 (042)