Улаанбаатар хот, Монгол Улс – “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл олон улсад сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр тус компанийн Гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Мөнхсүхийг томилох шийдвэрийг санал нэгтэйгээр гаргалаа. С.Мөнхсүх нь 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс үүрэгт ажлаа эхлүүлнэ.
Тэрбээр уул уурхай, иргэний нисэх, хөрөнгө оруулалт болон санхүүгийн салбарт 25 гаруй жил ажиллан, удирдах албан тушаал хашиж, олон улсад танигдсан туршлагатай мэргэжилтэн юм. С.Мөнхсүх нь 2012 оноос “Оюу Толгой” компани дахь ажлын замналаа эхлүүлж, стратегийн ач холбогдол бүхий олон төсөлд гар бие оролцож байв. 2015 онд Рио Тинто групп рүү шилжин, оролцогч талуудын харилцаа, түншлэл, хамтын ажиллагааг удирдан хариуцаж байсан туршлагатай.
С.Мөнхсүх нь “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдохоос өмнө Рио Тинтогийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байв. Энэ хугацаандаа Зэсийн группийн төслүүдийг тус бүс нутагт тэлэхэд чиглэсэн түншлэлийг хөгжүүлэх, томоохон төслүүдийг амжилтад хөтлөх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах компанийн санаачилгуудыг идэвхжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Тухайлбал, тэрээр Австрали дахь Вину зэс алтны уурхайн төслийг урагшлуулан эрчимжүүлсэн.
“Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдож буй С.Мөнхсүх: “Надад итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу Оюу Толгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд гар бие оролцон зүтгэж, өнөөгийн амжилтад хөтөлсөн хамт олноороо бахархаж байна. Оюу Толгойн амжилт бүтээлийг шат ахиулах, Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, Оюу Толгойтой холбогдсон тал бүрд үнэ цэнийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно” гэв.






















