Казахстаны Катко уурхайтай танилцжээ

“Геологийн Судалгаа Шинжилгээний Төв” ТӨҮГ-ын мэргэжилтнүүд Казахстаны ураны Катко уурхайтай танилцсан (2025.11.16-20) байна. Тус үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх цацраг идэвхт ашигт малтмалыг олборлож, эдийн засгийн эргэлтэд оруулах төсөлтэй холбоотой юм. Түүнчлэн ураны хүдэр баяжмалын үйлдвэрлэлийн процессын хяналт, экспортын бүтээгдэхүүний гаалийн хяналт болон хөндлөнгийн хяналтын схемийг боловсруулах, борлуулалтын өртөг тооцоход хэрэгтэй аж. 

Геологийн судалгаа-шинжилгээний төв нь Монгол Улсаас гарч буй төрөл бүрийн баяжмалд лабораторийн хөндлөнгийн хяналт гүйцэтгэдэг. Иймээс ураны хүдэр, баяжмалд мөн лабораторийн шинжилгээг гүйцэтгэх үүрэг хүлээдэг байна. 

Тус байгууллага хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартад нийцсэн зориулалтын лабораторийг шинэчлэн, техникийн чадавхыг сайжруулах, ураны хүдрийн баяжмал дахь уран, бусад дагалдах элемент, изопотуудын агуулгыг тодорхойлох шинжилгээний арга аргачлалыг судлан, нэвтрүүлэх, дээжлэлт, тээвэрлэлт, хадгалалтын үеийн аюулгүй ажиллагааг хангах, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд цацраг идэвхт ашигт малтмал олборлож буй уурхайн лабораторитой газар дээр нь очиж танилцсан гэдгийг Геологийн судалгаа-шинжилгээний төвөөс мэдээллээ.