Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.12.03) боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ, "Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг Эрдэнэт, Сайншанд, Оюутолгойд барьж байгуулъя гэж олон жил ярьсан. 1980-аад оноос хойш зэс хайлуулах үйлдвэртэй болохоор ярьж эхэлсэн. Үйлдвэр барих ажлыг ерөнхий сайдын захирамжаар ЗГХЭГ-ын даргад хариуцуулсан.
Өнгөрсөн хугацаанд зэс хайлуулах үйлдвэрийн дүрэмд өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирлыг шинээр томилж, ТЭЗҮ-ийг боловсруулж, АҮЭБЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулсан. Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад холбогдох яамдын саналуудыг авч нэгтгэсэн. Стратегийн хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулах тодорхой санал, шийдэл гаргаж өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Эрдэнэт үйлдвэр өөрөө хөрөнгө гаргахгүйгээр энэ үйлдвэрийг олон улсын туршлагатай, өөрийн гэсэн менежмент, технологитой, өмнө нь үйлдвэр барьж байсан туршлагатай компаниудын дунд сонгон шалгаруулалт явуулна. Ийм зарыг нэгдүгээр сарын 15-ны дотор санал авч, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдэхээр боллоо.
500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийх компаниудыг УИХ-д танилцуулж, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ хийдэг. Тиймээс энэ хүрээнд танилцуулна.
Дэлхийд зэс хайлуулах зургаан төрлийн технологи байдаг.
Өмнө нь нэг компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Тухайлбал Оюутолгой компанитай гэрээ хийснээс болж олон алдаа гарсан. Тиймээс Монгол Улсад ашигтай, хамгийн сайн нөхцөлийг санал болгосон, эрсдэлгүй, үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын төсөл, компаниудтай хамтран ажиллана.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль энд үйлчлэхгүй. Яагаад гэвэл Эрдэнэт үйлдвэрээс хөрөнгө оруулалт гарахгүй учраас тэр юм.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар төслийг хэрэгжүүлэхгүй. Учир нь хуулиар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах компани, төслийг хориглосон байдаг. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулиар хэрэгжүүлнэ.
Энэхүү үйлдвэр барих тендерийг ГХЯ-аар дамжуулан олон улсад нээлттэй зарлана" гэв.


















