Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Москва хотод болж буй Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байна.
Тус хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай уулзсан байна. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр улсын хөгжлийн төлөвлөгөө, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулахын чухлыг онцолж, энэ хүрээнд Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч зэрэг боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үе шаттай урагшлуулахад бэлэн байгааг тодотгожээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, урт хугацаанд урагшлан хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа дурдаад Хятадын асар том зах зээл Монгол Улсад үргэлж нээлттэй гэсэн байна.
Уулзалтаар Монгол, Хятад, Орос гурван улсын төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг урагшлуулахын чухлыг талууд онцолсон гэж Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.





















