Хоёр жил тутам зохион байгуулагддаг НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын (UNIDO) XXI Ерөнхий бага хурал анх удаа Саудын Арабын Рияд хотод 2025 оны арваннэгдүгээр сарын 23- 27-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус хурлыг угтаж Саудын Арабын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Дэд сайд, Халил бин Саламагийн мэдэгдлийг хүргэе.
Дэлхийн аж үйлдвэрийн шилжилтийн чухал цаг үед Саудын Арабын Рияд хотноо НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын (UNIDO) XXI Ерөнхий бага хурал болох гэж байна. Энэ бол аж үйлдвэрийн шинэ эриний эхлэл бөгөөд улс орнууд тус тусдаа үндэсний үйлдвэрлэлээр бус харин хамтын ажиллагаа, инновац, нэгдмэл амбицтай зорилго, бидний хамтын бүтээмжээр тодорхойлогдоно. Энэхүү мөчид улс орнууд хуучин, тусгаар загвараа эргэн харж, үндсээр нь авч үзэхэд хүргэж байна. Дэлхийн нийлүүлэлтийн тогтворгүй байдал, цаг уурын сорилт, эдийн засгийн тэгш бус хөгжил зэрэг бидний цаг үеийн нарийн төвөгтэй сорилтуудыг аль ч улс дангаараа шийдвэрлэх боломжгүй. Рияд хотноо болох уулзалтын нээлттэй харилцан яриа нь бидний давуу тал болон нөөц бололцоог нэгтгэнэ. Бидний хамтын ирээдүй нь хуучирсан өрсөлдөөн, хил хязгаарыг давах чадвараас хамаарна.
“Алсын хараа 2030” зорилтын хүрээнд Саудын Арабын шинэчлэл нь дэлхийн өнөөгийн өөрчлөлтөд сонирхолтой бөгөөд цаг үеэ олсон жишээ болж байна. Бид эдийн засгаа төрөлжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, мөн нийгмийнхээ бүхий л чадавхийг нээх чиглэлд явж буй. Энэ нь тусгаар байдалд жинхэнэ аж үйлдвэрийн дэвшил явагддаггүй гэдгийг бидэнд сургасан. Хүртээмжтэй байдал, инновацитай хосолсон энэхүү хамтын зорилго нь улс орнуудын хөгжлийг урагшлуулж, дэлхийн эдийн засгийн тогвортой байдлыг бэхжүүлэх юм. Яг энэ ойлголтыг бид GC21-ийн хурлын яриа хэлэлцээртээ тусгах болно.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ТҮНШЛЭЛИЙН ШИНЭ ЗАГВАР
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрчим хүчний шилжилт, нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос эхлээд эдийн засгийн тэгш бус байдал нэмэгдэж буй зэрэг орчин цагийн дэлхий нийтийн сорилтуудын цар хүрээ, нарийн төвөгтэй байдал нь ухаалаг түншлэл, инновацын санхүүжилтийн шинэ загварыг шаардаж байна. Тухайлбал, холимог санхүүжилт (blended finance) нь хэт эрсдэлтэй, амбицтай томоохон төслүүдэд хөрөнгө татах гол арга хэрэгсэл болж байна. Хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэлд түлхэц үзүүлэхийн тулд цэвэр устөрөгч, хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг авч үзье. Эдгээр нь жижиг боломж биш. Харин хөгжил дэвшлийн үндсэн чиглэл болж байна, ялангуяа хөгжиж буй орнуудад.
Зүүн болон Төв Азийн бүс нутгийн Казахстан, Узбекистан, Киргиз зэрэг улс хил дамнасан дэд бүтцээ бэхжүүлэх, дижитал холболтыг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтад ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан. Гэсэн хэдий ч өсөлтийн боломж асар том хэвээр байна. Олон улсын хөрөнгө санхүүжилтийг дотоодын туршлагатай уялдуулан хослуулснаар тогтвортой бөгөөд өргөжүүлэх боломжтой аж үйлдвэрийн экосистемийг бий болгож чадна. Мөн бид бүс нутгийн худалдааны коридоруудыг бэхжүүлэхийн тулд Евроази даяарх жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Энэхүү хамтын ажиллагаанд Саудын Араб идэвх санаачилгатай оролцдог.
“Ирээдүйн эрдэс баялаг” форум, мөн Төв Ази, Зүүн Ази болон Евроазийн өргөн уудам бүс нутгийн стратегийн түншлэл зэрэг платформуудаар дамжуулан бид байгалийн нөөцийн коридоруудыг хөгжүүлэх, эрдэс баялгийн үнэ цэний сүлжээг бэхжүүлэх, мэдлэг солилцоог дэмжихээр ажиллаж байна. Өрсөлдөх бус харин бие биеэ нөхөж, хамтын ажиллагааг өргөжүүлэн тогтвортой хөгжин цэцэглэх гүүрийг бий болгохыг зорьж буй билээ.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ — АЖ ҮЙЛДВЭРИЙН ШИНЭ ХУРДАСГУУР
Хүн амынхаа авьяасын талыг нь орхигдуулсан эдийн засаг хөгждөггүй. Тодруулбал, жендэрийн мэдрэмжтэй аж үйлдвэрийн бодлого нь стратегийн эдийн засгийн зайлшгүй шаардлага юм. Ажиллах хүчний хүйсийн ялгааг арилгах нь бүтээмжийг шууд нэмэгдүүлж, инновацыг хурдасгаж, үндэсний өрсөлдөх чадварыг бэхжүүлдэг. Дэлхий даяар энэ чиглэлийн чухал алхмуудыг бид харж байна.
Евроазийн олон орон уламжлал ёсоор эрчүүд давамгайлсан эрчим хүч, технологи, боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тэргүүлэх бодлогын ахиц гарч байна. Энэ нь урам зориг өгсөн сайхан эхлэл ч эмэгтэйчүүд зөвхөн оролцогч биш манлайлагч, ирээдүйн салбаруудыг удирдаж, тодорхойлогч байх нөхцөлийг бүрдүүлэх боломж бий.
Саудын Араб эмэгтэйчүүдийн эдийн засагт оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн өргөн хүрээний шинэчлэл хийсэн бөгөөд ажлын байрнаас эхлээд бизнес эрхлэх боломжийг өргөжүүлсэн. Бодитой үр дүн ч гарч байна. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгдэж, шинэ үзэл санаа, инновацыг бүх салбарт идэвхтэй нэвтрүүлж байна. Энэ үйл явцад НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллага нь чухал түнш байж, бидний хүчин чармайлтыг олон улсын шилдэг туршлагуудтай уялдуулан, нийцүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр туршлагаас харахад: эмэгтэйчүүд амжилттай байвал, аж үйлдвэрийн салбарт өсөлт, хөгжил хурдсаж байна. Энэ бол бидний өөрсдийн замналаар олж авсан үнэ цэн бөгөөд үүнийг дэлхийн хамтын ажиллагаагаар түгээж, цар хүрээг өргөжүүлэхэд бэлэн байна.
ЗАЛУУЧУУД — ИРЭЭДҮЙ ГОЛ ХӨДӨЛГӨГЧ
Төв болон Зүүн Азид бүт нутагт залуучуудын тоо хурдацтай өсөн нэмэгдэж байгаа нь бүс нутгийн инновацад суурилсан өсөлтийн ихээхэн боломжийг бий болгож байна. Гэвч залуучуудын ажилгүйдэл нь энэхүү боломжийг хязгаарлаж, хурдтай бөгөөд бүтээлч шийдлийг шаардаж байна. Дэлхий даяар тогтвортой, хөгжсөн нийгмийг бий болгохын тулд залуучууд зөвхөн ажил хайгч бус инновац бүтээгч, шинийг санаачлагч, бизнес эрхлэгч, бодлого тодорхойлох манлайлагч болгон чадавхжуулах, дэмжих ёстой.
Саудын Арабын “Алсын хараа 2030” нь залуучуудыг үндэсний өөрчлөлтийн гол хөшүүрэг гэж тодорхойлсон. Иймээс дараагийн үеийн ур чадвар, бизнесийн чадавх, дижитал боловсролыг системтэйгээр хөгжүүлж байна. Хиймэл оюун ухаан, автоматжуулалтын хурдацтай өсөлт нь залуучуудын инновацад урьд өмнө байгаагүй боломжуудыг нээж, сэргээгдэх эрчим хүч, дижитал үйлчилгээ, бүтээлч үйлдвэрлэл зэрэг салбарт шинэ замналыг бий болгож буй билээ.
Залуучуудын хөгжилд чиглэсэн стратегийн хөрөнгө оруулалт хийх нь тухайн улсын хамгийн үнэтэй хөрөнгийг бүрдүүлэх төдийгүй тогтвортой, ирээдүйг харсан эдийн засгийг бий болгодог. Тэдний бүтээлч сэтгэлгээ, бизнесийн урам зоригоор бид маргаашийн аж үйлдвэрийн манлайлал, тогтвортой хөгжлийн суурийг өнөөдөр тавьж байна.
ХАМТЫН УРИАЛГА
НҮБ-ын Аж Үйлдвэрийн Хөгжлийн Байгууллагын XXI Ерөнхий бага хурал Рияд хотноо чуулах мөчийг бид ёслолын төдий үйл явдал бус, харин шийдэмгий хамтын ажиллагаа эхлүүлэх бодит платформ болгох ёстой. Энэ нь тунхаглалаас илүүтэй олон нийт болон хүрээлэн буй орчинд бодит ашигтай, хэмжигдэхүйц үр дүн авчрах хамтарсан төслүүдийг эхлүүлэх боломж юм.
Саудын Арабын өнөөгийн өөрчлөлт, стратегийн бодлого, тогтвортой хийгээд тууштай хөрөнгө оруулалт, хүртээмжийг эрхэмлэсэн хандлага нь аж үйлдвэрийн хурдацтай, тогтвортой өсөлтийг бий болгож болохыг харуулж байна. Манай туршлага үнэ цэнтэй ч дэлхийн сорилтууд нь хамтын ухаан шаарддаг гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Тиймээс бид өөрсдийн туршлагаа олон улсын хэлэлцүүлэгт бодит жишээ болгон танилцуулж, түншлэл, харилцан суралцах, ахиц дэвшилд нэгдэн хамтдаа хөгжих уриалга дэвшүүлж байна.
Аж үйлдвэрийн шинэ эрин үе нь улс орнуудыг холбож, хүчийг нэгтгэж, сорилтуудад хамтын хариу өгч чадсан улсууд тодорхойлно. Түүх биднийг хэлсэн зорилгоор бус, харин байгуулсан гүүрээр маань дүгнэх болно.


















