Рио Тинто: 2026 онд Оюутолгойн үйлдвэрлэл 15 орчим хувиар өсөх төлөвтэй

Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани Рио Тинто-ийн бүтцийг хялбаршуулах зорилтын хүрээнд зарим хөрөнгийг борлуулах болон бүтээмжийг нэмэгдүүлэх замаар 5-10 тэрбум ам.долларын хөрөнгө босгох төлөвлөгөөг тус группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт танилцуулжээ. Тэрээр өнөөгийн албан тушаалд томилогдсоноос хойш таван сарын дараа анхны томоохон стратегийн товч танилцуулга ийн хийж байна.  Рио Тинтог дэлхийн хамгийн үнэ цэнтэй уул уурхайн компани болгохыг хүсэж буйгаа Саймон Тротт онцолж, уг төлөвлөгөө нь группийг илүү хүчирхэг, үр ашигтай, энгийн болгоно гэж мэдэгджээ.

Энэхүү стратеги нь Рио Тинто-ийн багцыг төмрийн хүдэр, зэс, хөнгөн цагаан, литийн бүтээгдэхүүнээр хязгаарлах, мөн группийн бүх бизнесийн хэмжээнд хөрөнгийн удирдлагыг илүү хатуу сахилга баттай болгох зорилготой аж. Гүйцэтгэх захирал Саймон Троттын мэдэгдлийн дараа пүрэв гаригт (2025.12.04) Рио Тинто группийн хувьцааны ханш 4 хувь өсөж 140.58 ам.доллар хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараг 17 хувийн өсөлтөд тооцогдож байна. Гэсэн хэдийн зах зээлийн үнэлгээгээр BHP компанийг удаалж буй. Энэ зөрүүг арилгах боломжийг шинэ стратегид титан, борат зэрэг хөрөнгийг борлуулах, тухайн төслүүдэд түншлэх байдлаар харж байна. 

Рио Тинто бүтцээ үндсэн гурван хэсэгт хувааж, зөвхөн хамгийн ашигтай үйл ажиллагаандаа анхаарлаа төвлөрүүлнэ гэж мэдэгдсэн наймдугаар сараас хойш ээс хойш хөрөнгө оруулагчид тодорхой мэдээлэл хүлээж байсан. Одоо Рио дэлхийн уул уурхайн бусад өрсөлдөгчдийнхөө нэгэн адил ашиг бага хөрөнгийн удирдлагыг чангатгаж, ажлын байраа цомхотгох, түүхий эдийн зах зээлийн мөчлөг өөрчлөгдөж буй энэ үед ашигт ажиллагааг сайжруулах бодлого барьж байна. Ингэхдээ, гуравдагч этгээдийн санхүүжилттэй төслүүдээс хөрөнгөө чөлөөлөхийг эрмэлзэх аж. 

Том төслүүдийн зардал болон группийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах хөрөнгө оруулалт буурснаас үүдэн 2028 оноос санхүүжилт жилд 10 тэрбум ам.доллароос доош буурах төлөвтэй байна. Өмнөх 5-6 тэрбум ам.долларын зорилттой харьцуулахад нүүрстөрөгчгүйжүүлэх зардлыг 2030 он гэхэд 1-2 тэрбум ам.доллар болгож бууруулжээ. Литийн шинэ төслүүдийн хувьд зөвхөн зах зээл эрэлттэй, өртгийг нөхөх боломжтой нөхцөлд хөрөнгө оруулах болно гэж Саймон Тротт мэдэгджээ. 

Мөн Рио Тинто түншлэлийн хувилбаруудыг судалж байгаа бөгөөд 2024-2030 онд нэгжийн зардлыг 4 хувиар бууруулах төлөвлөгөөтэй байна. Тус групп хувьцаагаа эргүүлэн худалдан авах хязгаарлалтыг арилгахын тулд хамгийн том хувьцаа эзэмшигч Хятадын “Чайналко” компанитай хэлэлцэж байгааг Саймон Тротт мэдэгдэлдээ дурджээ. Тэрээр одоогоор BioIron болон Сербийн литийн Jadar зэрэг төслийн зардлыг зогсоож, удирдах албыг цомхотгоод байна.  Эдгээр арга хэмжээ нь жилд ойролцоогоор 650 сая ам.долларын бүтээмжийн өсөлтийг бий болгоно гэж тооцоолжээ. 

BMO Capital Markets-ийн шинжээч Александр Пирс “Рио-ийн шинэчлэл зах зээлийн төлөвтэй нийцэж байгаа ч 2025 онд зэсийн өндөр үнэ 2026 оны үйлдвэрлэл буурснаар нөхөгдөж байна. Гвиней дэх төмрийн хүдрийн аварга Симандоу төслийн 2026 оны урьдчилсан төлөвлөгөөг авч үзвэл хүлээгдэж байснаас удаан үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх нь. Ирэх жил Симандоу төсөл 5-10 сая тонн төмрийн хүдэр олборлох төлөвлөгөөтэй байна.  Өмнөх зорилт нь 19 сая тонн байсан" гэжээ. 

Симандоу-ийн шинэ уурхай энэ долоо хоногт анхны хүдрээ тээвэрлэсэн. Арванхоёрдугаар сарын 3-ны байдлаар түүхий эдийн зах зээл дээр 62 хувийн агуулгатай төмрийн хүдрийн үнэ 108 ам.доллар/тн байв. Тэгвэл зургаадугаар сарын дунд үед 93 ам.доллар үнэтэй борлуулагдаж байсантай харьцуулахад өссөн үзүүлэлт юм. 

Рио нь ашгийнхаа ихэнх хэсгийг төмрийн хүдрээс олдог хэвээр байгаа ч 2030 он гэхэд жилд 1 сая тонн үйлдвэрлэх зорилттойгоор зэс рүү шилжиж байна. 

Монголын Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа эрчимжсэнтэй холбоотойгоор Рио Тинто групп 2025 оны зэсийн үйлдвэрлэлийн урьдчилсан тооцоогоо нэмэгдүүлсэн. Дэлхий дахин ногоон технологи руу шилжихийн хэрээр зэсийн үнэ дээд түвшинд байна. Энэ жил Оюутолгойн үйлдвэрлэл  50 гаруй хувиар, 2026 онд 15 орчим хувиар өсөх төлөвтэй гэж Рио мэдэгджээ. 

2025 онд тус группийн зэсийн үйлдвэрлэл 3 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Тухайлбал, энэ онд 860-875 мянган тонн байх төлөвтэй бол өнгөрсөн жил 780-850 мянган тонн байсан. Харин 2026 онд 800-870 мянган тонн болж өснө гэж таамаглажээ. 

Зургаадугаар сарын 20-ноос хойш Рио Тинто группийн хувьцаа 36 хувиар өссөн байна. Энэ  нь зэсийн үнийн өсөлт, төмрийн хүдрийн зах зээлийн тогтвортой байдал, мөн группийн шинэчлэлт зэргээс шалтгаалсан гэж шинжээчид тайлбарлажээ.