Шатахууны нөөцийн савыг нэмэгдүүлэхэд ₮3 их наяд шаардлагатай

Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх тухай асуудлаар өчигдөр (2025.11.27) УИХ-д санал хураалт явуулж 53.8 хувиар дэмжигдсэн байна. Тус хуулийн төслийг санаачлагч Засгийн газраас АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням төлөөлж илтгэл тавьж, гишүүдийн асуусан асуултад хариулт өгснийг түүвэрлэн хүргэе. 

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын тосны бүтээгдэхүүний 3-6 сарын хэрэглээний нөөц бүрдүүлэхэд шаардлагатай улсын нөөцийн шатахууны агуулахын барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж заасан байдаг. Улс орны нийгэм, эдийн засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байна. 

Улс орны нийгэм, эдийн  засаг, уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлттэй холбоотойгоор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байна. 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонныг импортлон хэрэглэж байсан бол 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2.3 сая тонныг импортлоод байна. 

АИ92 авто бензиний хэрэглээ 2024 онд сард дунджаар 60 мянган тонн байсан бол 2025 онд 80 мянган тоннд хүрч өссөн ч ОХУ-ын Роснефть компаниас гэрээний хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 705 ам.долларын тогтмол үнээр нийлүүлж байна. Энгийн АИ92 авто бензиний сард нийлүүлэх хэмжээ тодорхой шалтгааны улмаас 60 мянган тонноор хязгаарлагдаж, нэмэгдүүлэх боломжгүй болсон. 

Уул уурхайн үйлдвэрлэлийн өсөлтийг дагаад дизель түлшний хэрэглээ сард 140 мянган тоннд хүрээд байна. Иймд дутагдаж буй 20 мянга орчим тонн АИ92 авто бензин, 25 мянга орчим тонн дизель түлшийг бусад эх үүсвэрээс буюу БНХАУ-аас худалдан авахаас аргагүй болсон. 

Шатахууны 3-6 сарын нөөцийг бүрдүүлэх хэмжээнд савныхаа хүчин чадлыг хүргэнэ гэвэл 3 их наяд орчим төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Батлах хамгаалах салбарыг эс тооцвол төрийн эзэмшлийн нөөцийн сав байхгүй байна. 

Савны хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг бол хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зээл өгч, тэдний хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн үг. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг 2027 оны эхний хагас жилд багтаан дуусгана.