Саудын Арабын Вант Улсад жил бүр зохиогддог “Ирээдүйн эрдэс форум”-ын Стратеги, программ, контент хариуцсан захирал Алдо Пеннинитэй Майнинг Инсайтын Э.Мишээл ярилцлаа.
-Ирээдүйн эрдэс форум 2022 онд ердөө тавхан гэрээ үзэглэж байсан. Энэ тоо 2025 онд мэдэгдэхүйц өсөж 150 хөрөнгө оруулалт, түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж, нийт мөнгөн дүн 20 тэрбум орчим ам.долларт хүрсэн-
2026 оны Ирээдүйн эрдэс форум юунд төвлөрөх вэ?
2026 оны Ирээдүйн эрдэс форум "Даян дэлхийн хамтын ажиллагааны эхлэл: Эрдсийн хөгжлийн шинэ эрин үе" гэсэн сэдэвт төвлөрнө. Энэ нь хоёр зүйлийг илэрхийлж байгаа. Нэгдүгээрт, “даян дэлхийн хамтын ажиллагаа” гэсэн ойлголт нь улс орнууд эрдсийн хөгжилд харилцаа, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж буй хэрэг юм. Учир нь эрчим хүчний шилжилт зэрэг салбаруудын эрэлт, нийлүүлэлтийн хэрэгцээг хангах цорын ганц зам нь харилцаа, хамтын ажиллагаа байх болно. Хоёрдугаарт, хөгжил гэдэг ойлголтын цөм нь ажлын байрыг хэлж байгаа. Энд эрдэс баялгийн салбар болон түүний бүхий л сегментүүд, тухайлбал боловсруулалтаас үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээний бусад хэсгүүд ямар үүрэгтэй болохыг илэрхийлж байгаа хэрэг. Аль болох олон ажлын байрыг бий болгох, тэр дундаа ханган нийлүүлэгч шинэ улсуудад ийм боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Үүгээр бол Төв Ази, Латин Америк, Африк тив, Персийн булан болон бусад бүс нутагт эрдсийн салбарыг түшиглэн хөгжлийн шинэ үе шатыг бий болгох түүхэн боломж гэж хэлж болно. Бид түүхэн мөчид амьдарч байна. Харин Ирээдүйн эрдэс форум нь эдгээр чухал хэлэлцүүлгүүдийг хийж ирсэн, цаашид ч хийх төв талбар нь байх болно.
Энэ удаагийн форумын онцлох зочид, чухал уулзалт, анхаарал хандуулах үйл явдал юу байх вэ?
2026 оны үйл ажиллагааны гол арга хэмжээний талаар нэгдүгээрт, бид Сайд нарын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулна. Энэхүү уулзалтад 90-100 орчим Засгийн газрын төлөөлөл оролцоно гэж тооцож байна. Тус дугуй ширээний уулзалт нь Ирээдүйн эрдэс форумын гол хөдөлгөгч нь байх болно. Үүний дараа үндсэн хурлууд явагдана. Энэ удаагийн Ирээдүйн эрдэс форумын оролцогчдын тоо 20 мянгад хүрнэ гэж тооцож байна. 2025 онд 18 мянга, 2022 онд ердөө 3500 оролцогч байсныг бодвол форум хэр хурдтай өргөжиж буй нь харагдана.
Бид мөн уул уурхайн санхүүжилтийн асуудлыг энэ удаад онцлох болно. Өнөөгийн байдлаар уул уурхайд чиглэх хөрөнгө оруулалт буруу чиглэл рүү явж байна. Асуудал нь хөрөнгийн дутагдал биш, харин эрсдэл нь буурсан, бизнесийн хувьд боломжтой төслүүдэд хөрөнгө оруулалт хуваарилахгүй байгаа явдал юм. Энэ нь улс орнуудын хөрөнгө оруулалтын чадвар, нөгөө талаас хөрөнгө оруулалт хийх боломжтой төслүүдийн чанар зэрэг чухал асуудлуудыг хөндөнө гэсэн үг. Түүнчлэн боловсруулах үйлдвэрийг бий болгох, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх, ирээдүйн уул уурхайг шинэ эрчим хүчний үүсвэрүүдээр хангах тухай хэлэлцүүлэг өрнөнө.
Уул уурхайн салбарын нэр хүнд өнөөдөр ч хамгийн чухал сорилтын нэг хэвээр байгаа тул бид энэ асуудлыг хөндөнө. Ирээдүйн уул уурхайг хөгжүүлэхэд нийгмийн зөвшөөрөл авах нь зайлшгүй юм. Уул уурхайн салбар энэ тал дээр зарим бэрхшээлтэй тулгардаг бөгөөд эдгээр асуудлыг форумын үеэр нээлттэй хэлэлцэж, цаашид шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах боломжтой юм.
-Бид зэсийн гарал үүслийг тогтоох олон улсын стандартыг боловсруулахаар Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага (ISO)-тай хамтран ажиллаж байна-
2026 онд бид дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгч удирдагчдыг нэг дор цуглуулна. Одоогоор 160 гаруй илтгэгч баталгаажсан. Тэдний 60 орчим нь дэлхийн хамгийн том уул уурхайн компаниудын гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга нар байгаа. Тэднээс гадна ханган нийлүүлэгчид, ТББ-ууд, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид болон салбарын бүхий л түвшний оролцогчдын гүйцэтгэх удирдлагууд энэ удаагийн форумд хүрэлцэн ирнэ.
2026 онд шинээр орж ирэх нэг арга хэмжээ бол “Санхүүжилтийн гарц” юм. Үүнийг Монтреалийн банк (BMO)-тай хамтран хэрэгжүүлнэ. Тус банк нь дэлхийн хайгуул, уул уурхайн санхүүжилтээр тэргүүлэгч байгууллага бөгөөд манай форум тэдэнтэй анх удаа хамтран ажиллах гэж байна. Энэхүү хэсэгт BMO хөрөнгө оруулагч нарт танилцуулга хийхээс гадна тэд өөрсдийн алдартай бага хурлыг Ирээдүйн эрдэс баялаг форумд зориулан жижиг хувилбараар хийх болно. Энэ нь форумын оролцогчдод өөрсдийн стратегийг танилцуулахаар бэлтгэж байгаа гэсэн үг юм. Энд гол анхаарах зүйл нь оролцогчид хөрөнгө оруулалт татах асуудал учраас форумын хамгийн чухал арга хэмжээний нэг гэж хэлж болох юм.
Өөр нэг шинэ арга хэмжээ бол “Салбарын төлөв байдал” гэж манай форумаас анх удаа гаргах “Ирээдүйн эрдсийн барометр”-т төвлөрнө. Энэхүү тайлан нь эрдсийн үнэ цэнийн хөгжлийг харуулах дэлхийн лавлах толь гэж хэлж болно. Тус тайланд салбарын судалгаа, төсөл, датаг багтаасан учраас олон улсын эрдэс баялгийн ханган нийлүүлэлтэд учирч буй эрсдэл тодорхой харагдана. Иймээс Засгийн газар, салбарын шийдвэр гаргагч нарт үнэ цэнтэй эх сурвалж болно гэж найдаж байна. Бид энэхүү тайлангийн үр дүнг форумын үеэр илүү нарийн ярилцахаар төлөвлөж байна.
Үүний хажуугаар 14 манлайлагчдыг оролцуулсан дугуй ширээний уулзалтыг хийнэ. Тус уулзалт нь Чатам Хаусын дүрмийн дагуу хаалттай болох хэлэлцүүлэг юм. Энэхүү хэлэлцүүлгийн зорилго нь Засгийн газар болон салбарын манлайлагчид, мэргэжилтнүүдийг цуглуулж, салбарт учирч буй бэрхшээлийг шийдвэрлэх, зөвлөмж боловсруулах явдал билээ.
Бид мөн MinGen буюу Ашигт малтмалын үеийнхэн гэсэн нэр дор хэд хэдэн сургалт, хичээлийг зохион байгуулж, уул уурхайн салбарын залуу манлайлагч, залуусыг оролцуулсан ярилцлага, илтгэлийг зохион байгуулах гэж байна.
Ингээд харахад 2026 оны форум өргөн хүрээний хөтөлбөртэй байх болно. Ирээдүйн эрдэс форум нь өөрсдөө сайн дурын үндсэн дээр оролцдог, хамтран ажилладаг, бизнес хийдэг, салбарын ирээдүйг хамтдаа тодорхойлдог, өргөн хүрээний бодит үр дүнд чиглэсэн томоохон зөвлөгөөн гэж би тодорхойлох байсан. Бүхэл бүтэн салбарын экосистемийг ирэх нэгдүгээр сард нэгтгэх болно.
2026 оны форумд оролцогчдын тоо эрс өсөхөөр байна. Ийм үр дүнд хүрэхэд танай Стратеги, программ, контентын багийн гүйцэтгэх үүрэг оролцоо чухал. Өнгөрсөн хугацаанд та болон танай баг юуг гол чиглэл болгон ажилласан бэ?
Сүүлийн таван жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлээ харахад хэд хэдэн зүйлийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Тэр дундаа бидний боловсруулж буй гурван санаачилгатай холбоотой юм. Эдгээр санаачилга нь манай форумын Сайд нарын дугуй ширээний уулзалтаас гарсан. Эхнийх нь олон улсын чухал ашигт малтмалын хүрээ, нэгдсэн бодлогын стратегийг боловсруулахад чиглэж байна. Энэ хүрээнд улс орнуудыг нэгтгэж, ашигт малтмалын нийлүүлэлтийн сорилтыг хамтран шийдвэрлэж, бүх талын оролцоог хангах явдал юм. Үүний нэг хэсэг болгон бид геологи, хайгуулыг нэмэгдүүлж, дэд бүтцийн санхүүжилтийг өргөжүүлж, уул уурхайн инновац болон томоохон технологийн шийдлүүдийн санхүүжилтийг нэмэх зэрэг гол дэмжих хүчин зүйлд төвлөрч байна. Ялангуяа хөгжиж буй болон хурдацтай хөгжиж буй эдийн засагтай орнуудад энэ нь онцгой ач холбогдолтой юм. Бид мөн эдгээр шинэ үйлдвэрт шаардлагатай ажиллах хүчийг бүрдүүлэхийн тулд чадвартай хүний нөөцийг хөгжүүлэхийг зорьж байна. Үүнтэй зэрэгцэн ханган нийлүүлэгч улс орнуудын зохицуулалтын тогтолцоог үр ашигтай, үр нөлөөтэй болгох, тогтвортой, хариуцлагатай нийлүүлэлтийг өргөн хүрээнд авч хэлэлцэх болно.
-Газар зүйн хувьд манай үйл ажиллагаа 80 орчим улсыг багтаадаг “Супер Бүс” буюу Африк тив, Баруун Ази, Төв Азид төвлөрдөг-
Бид дэд бүтцийн санхүүжилтийн асуудлаар Дэлхийн Банктай нягт хамтран ажиллаж байна. Ирээдүйн эрдэс форум нь тус банктай эрдэс баялгийн стратегийн чиглэлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлж байна. Удахгүй хэрэгжиж эхлэх стратегийн гол анхаарал нь дэд бүтцийн хөрөнгө оруулалт байх юм. Эхний ээлжинд бид долоон коридорт төвлөрч байна. Үүний тав нь Африк тивд, хоёр нь Өмнөд Америкт байгаа. Эдгээр коридор үе шаттайгаар өргөжих бөгөөд Төв Азийн коридоруудыг нэмэхээр төлөвлөж байна. Коридорын үндсэн зорилго нь дэд бүтцийн санхүүжилтийг нэмэгдүүлэх явдал юм. Нэгдүгээр сард сонирхсон улс орнууд Дэлхийн банктай дэд бүтцийн санхүүжилтийн албан ёсны гэрээ байгуулах хэлэлцээрийг эхлүүлэх боломжтой билээ.
Өөр нэг тэргүүлэх чиглэл бол бидний “Супер Бүс” гэж нэрлэдэг Африк, Баруун Ази, Төв Азийн бүс нутагт бодлого боловсруулах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна. Өөр нэг ажил гэвэл бид зэсийн гарал үүслийг тогтоох олон улсын стандартыг боловсруулахаар Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага (ISO)-тай хамтран ажиллаж байна. Энэ нь туршилтын төсөл бөгөөд цаашид бусад ашигт малтмалын гарал үүслийг тогтооход жишиг болох юм. Энэхүү стандартыг боловсруулах үйл явцад зэсийн хувьд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, цаашлаад Замби голлох нөлөөг үзүүлнэ. Төв Азиас Казахстан төдийгүй дэлхийн хамгийн том уурхайн нэг болох Монголын Оюутолгой ч энэхүү хүчин чармайлтын төвд байх болно. Энэ бол бодитой, аль хэдийн эхэлсэн бодлогын чанартай үйл ажиллагаа бөгөөд бид ердөө хэдхэн жилийн дотор ийм ахиц дэвшил гаргаж чадсан нь онцгой амжилт билээ.
Ирээдүйн эрдэс форум 2022 онд ердөө тавхан гэрээ үзэглэж байсан. Энэ тоо 2025 онд мэдэгдэхүйц өсөж 150 хөрөнгө оруулалт, түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж, нийт мөнгөн дүн 20 тэрбум орчим ам.долларт хүрсэн. Энэ тоо цаашид ч өсөн нэмэгдэнэ гэж хүлээж байна. Өнөөг хүртэл 42 улсын 130 гаруй мэргэжилтнүүд энэхүү гэрээнд оролцсон байна. Үүний үр дүнд бид дэлхийн тэргүүлэх эрдэс баялгийн платформ болж чадсан. 
-Ирээдүйн эрдэс форум нь Саудын Арабын жижгэрүүлсэн ертөнц гэж хэлж болно-
Ирээдүйн эрдэс форумын урт хугацааны алсын хараа ямар байх вэ?
Бид Ирээдүйн эрдэс форумыг дэлхийн үйл хэргийг нэгтгэсэн төв платформ болох зорилготой ажиллаж байна. Улс орнуудын геополитикийн хүнд хэцүү нөхцөлд ч ашигт малтмалын хөгжлөөр хамтран ажиллаж, илүү олон уурхайг бий болгож, нэмүү өртөг шингээж, орон нутгийн иргэдэд ашиг тустай гэдгийг батлах практик алхмуудыг хийх боломжтой гэдгийг харуулсан форум байх юм.
Газар зүйн хувьд манай үйл ажиллагаа 80 орчим улсыг багтаадаг “Супер Бүс” буюу Африк тив, Баруун Ази, Төв Азид төвлөрдөг. Бид өмнө нь дурдсан санаачилгуудаар дамжуулан энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг зорьж байна. Бид энэ бүсэд Шилдэг Төв гэдгийг байгуулж байна. Энэ төв нь бодлого, тогтвортой байдалд анхаарал хандуулан ажиллах юм. Тухайлбал Мароккод тогтвортой байдлын төв байх бол Эр-Риядад инновацын төв, Өмнөд Африкт чадавхыг бэхжүүлэх төвийг бий болгоно. Төв Азид өөр төрлийн төв байгуулахаар бид хамтран ажиллаж байгаа. Эдгээр төв нь ханган нийлүүлэгч улс орнууд өөрсдийн чадавхыг сайжруулах зорилготой байх бөгөөд бидний алсын харааны үндэс нь юм.
Саудын Арабын Вант Улс бол газрын тосны үйлдвэрлэл, боловсруулалтаар дэлхийд танигдсан улс. Тэгвэл богино хугацаанд “критикал минералын улс” гэдэг шинэ дүр төрхийг бүрдүүлэхээр зорьж байна. Таны төсөөллөөр Саудын Арабын шинэ дүр төрх 2030 онд хэр хэмжээнд хүрчихсэн байх вэ?
Саудын Арабын түүх үнэхээр гайхалтай. Өнөөдөр тус улс дэлхийн хамгийн том эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийг туулж байна. Ирээдүйн эрдэс форум нь энэ өөрчлөлтийн бичил хэсэг юм. Ирээдүйн эрдэс форумд ирснээр та Вант Улсад юу болж байгааг шууд мэдрэх боломжтой билээ.
Саудын Араб нь эдийн засгийг төрөлжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уул уурхай ирээдүйн гол тулгуур багана байх болно. Вант Улсын Үндэсний аж үйлдвэрийн стратегиас харвал арван хоёр шинэ салбарыг тодорхойлсон байгаа. Үүнд сансар судлал, автомашин, эм, хүнсний үйлдвэрлэл, машин механизм, тоног төхөөрөмж зэрэг бүгд ашигт малтмалаас хамаарсан салбарыг тусгасан. Үүнээс гадна одоо хэрэгжиж байгаа төслүүдэд төмрийн хүдэр, хөнгөн цагаан зэрэг их хэмжээний ашигт малтмал, металл шаардлагатай байна. Эрэлтийн хүрээг харвал олон ашигт малтмал импортолсон хэвээр байна. Саудын Араб нь дэлхийн металлын дөрвөн том импортлогчийн нэг юм. Зарим эрэлтийг дотоодоос хангах боловч нэлээд хэсгийг гадаад улсаас хангана. Ирээдүйн эрдэс форум нь дэлхийг хамрах болсон нэг шалтгаан бол бүс нутгийн үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэхэд туслах явдал юм.
Газрын тос болон ашигт малтмалыг хооронд харьцуулсан нь үнэхээр гайхалтай. Саудын Араб нь нүүрс устөрөгчийн нөөц баялгийг ашиглан олборлолтоос боловсруулалт, доод урсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэл нарийн төвөгтэй үнэ цэнийг амжилттай бий болгосон улс. Ашигт малтмалын салбар нь олборлолтын хувьд өөр боловч үнэ цэнийг нэмэгдүүлэхэд ижил тал их бий. Нэг салбараас нөгөө салбар руу шилжүүлж болохуйц чухал сургамжууд олон бий.
Газрын тосны салбар нь их хэмжээний хөрөнгөтэй бөгөөд түүний зарим хэсгийг уул уурхайн хөгжлийг дэмжихэд ашиглах боломжтой юм. Мөн газрын тосны салбараас нөү-хау, геологийн мэдээлэл, систем зэрэг үйл ажиллагааг уул уурхайн салбар суралцах боломжтой бөгөөд энэхүү мэдлэгийн солилцоо ид дундаа явж байна.
Дэлхийн хэмжээнд шинээр гарч ирж буй цахилгаанжуулалттай холбоотой эдийн засаг нь их хэмжээний ашигт малтмал шаарддаг. Энэ нь эрчим хүчний шилжилтээр хязгаарлагдахгүй, дижитал хувьсгал-өгөгдлийн төв, дэвшилтэд технологи, үндэсний аюулгүй байдал зэрэгт эрэлтийг бий болгож байгаа. Ингэснээр өмнө нь анхаарал хандуулж байгаагүй ашигт малтмал анхаарлын төвд орж ирсэн. Цахилгаанжуулалт шаардлагатай үндсэн металлуудаас гадна газрын ховор элемент зэрэг тусгай ашигт малтмалууд мөн багтаж байна.
Хамгийн чухал зүйл бол бүс нутгийн харилцаа холбоо өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Ирээдүйн эрдэс форум өөрийн гэсэн үүрэг, байр суурийг эзлэх болсон. Энэхүү форум дэлхийн эрдэс баялгийн ханган нийлүүлэлтийн гол орон зай болж байна. Бид Өмнөд Америк, Төв Ази, Африк болон бусад ханган нийлүүлэлтийн бүс нутгуудад ашигт малтмалын хөгжлийн шинэ эрин үе буюу шинэ үе шатыг туулж буй цаг үед амьдарч байна. Саудын Араб өөрөө газарзүйн байршил, худалдааны сүлжээ, хамтын ажиллагаа, их хэмжээний хөрөнгийн үүсвэр, өндөр чанарын дэд бүтэц, залуу хүн ам технологид суралцсан зэрэг олон хүчин зүйлийн ачаар бүс нутгийн томоохон төв болох боломжтой билээ.
Үндсэндээ энэ бол бидний түүх. Ирээдүйн эрдэс форум нь Саудын Арабын жижгэрүүлсэн ертөнц гэж хэлж болно. Гэхдээ дэлхийн хэмжээний алсын хараатай платформ бөгөөд форумын ирээдүй маш гэрэл гэгээтэй байна.

















