“Ачит Ихт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Томилогдсон хугацаа: 2023 он
Д.Номин нь Лондоны металлын биржид гишүүнээр элссэн Монголын анхны хувийн компани гэсэн онцлох тодотголтой “АчитИхт” ХХКийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд 2023 онд томилогджээ. Тэрээр үүнээс өмнө компанийнхаа Санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан юм. “Ачит Ихт” бол боловсруулах үйлдвэрийн салбарт хөгжлийн шан татаж яваа үндэсний компанийн нэг. “Эрдэнэт үйлдвэр”ийн агуулга багатай, балансын бус хүдрийн овоолгыг гидрометаллургийн аргаар уусган, 99.999 хувийн цэвэршилттэй, “А” зэрэглэлийн катодын зэс үйлдвэрлэж, экспортолдог. Үүсгэн байгуулагдсанаас хойших өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд үүсмэл ордын нөөц болон овоолго ашигласны төлбөр, бусад татвар хураамжид улс, орон нутгийн төсөвт нийт 430 орчим тэрбум төгрөг төлөөд байна. Түүнчлэн дотоодын 1500 ханган нийлүүлэгчээс 46.3 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ.
“Ачит Ихт” нь эмэгтэйчүүдийн манлайллыг эрхэмлэсэн соёл, үнэт зүйлтэй компани юм. Тус компанийн анхны Гүйцэтгэх захирлаар Д.Эрдэнэцэцэг ажиллаж байсан бол түүний дараа Д.Номинд удирдлагаа шилжүүлэн, эмэгтэй лидерийн залгамж холбоог бататгасан онцлогтой. Компанийн удирдлагын багийн 40 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг нь уул уурхайн салбарт ховор жишгийн нэг бөгөөд 2021 онд “Ачит Ихт” ХХКийг уул уурхайн салбарын “Жендэрийн мэдрэмжтэй хамт олон”оор шалгаруулахад чухал хүчин зүйл болжээ. Өдгөө 250 гаруй ажилтантай хамт олноо удирдаж буй Д.Номин захирал Монголд анх удаа баталгаат ашигтай давуу эрхийн хувьцаа гарган, компанийнхаа болон “Эрдэнэт үйлдвэр”ийн ажилчдад 1.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан амжилтаа улам бататгахаар идэвхийлэн ажиллаж байна.





















