Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч, хэрэглэгч, импортлогч Хятадын үйлдвэрлэл энэ онд 0.7 хувиар өсөж 4.86 тэрбум тонн хүрэх бол импорт 5.1 хувиар буурч 465 сая тоннд хүрэх төлөвтэй байна. Тус улсын коксжих нүүрсний тухайд олборлолтоо 5–8 хувиар танах тооцоололтой байгааг шинжээчид онцолжээ. Энэ нь уурхайн аюулгүй ажиллагааны шаардлагатай холбоотой хязгаарлалтууд үргэлжилж буйтай холбоотой аж.
Өндөр чанарын коксжих нүүрсний эрэлт тогтвортой, өндөр хэвээр байх тул Монгол, Орос, Австрали зэрэг улс 2025 онтой харьцуулахад энэ жил нийлүүлэлтийн хэмжээгээ хадгалах, ялангуяа Монгол, Оросын хувьд үнийн хувьд өрсөлдөх чадвартай коксжих нүүрсний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх боломжтой гэж Steelorbis-ийн шинжээчид үзэж байна.
Олон улсад хурцадмал байдал нэмэгдэж байгаа ч дэлхийн коксжих нүүрсний зах зээл гуравдугаар сарын эхээр ерөнхийдөө тогтвортой байна. Энэ сарын эхний долоо хоногт Австралийн өндөр чанартай коксжих нүүрсний FOB үнэ 218.4 ам.доллар/тн байсан нь өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 14.6 хувиар буурчээ. Энэ хугацаанд Хятадад коксжих нүүрсний спот үнэ 211.6 ам.доллар/тн буюу хоёрдугаар сарын эхний долоо хоногийн ханштай харьцуулахад 6.5 хувь буурсан аж.
Одоогийн байдлаар коксжих нүүрсний далайн тээврийн нийлүүлэлт нь ирэх дөрөвдүгээр сарын тээвэрлэлтийн бэлэн байдал өндөр, Хятадын гангийн үйлдвэрүүдийн эрэлт сул зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж байна. Үүний зэрэгцээ Ойрхи Дорнодод мөргөлдөөн хурцадсанаас Австралиас Ази руу далайн тээврийн зардал нэмэгджээ. Гэхдээ коксжих нүүрсний далайн тээврийн гол урсгалууд Ормузын хоолойгоор шууд дамждаггүй ч тухайн бүс нутагт болж буй цэргийн ажиллагааны улмаас хуурай ачааны хураамж, дайны эрсдэлийн даатгалтай холбоотой далайн ачаа тээврийн үнэ өссөн гэж ArgusMedia онцолжээ.



























