Канад 2040 он гэхэд дэлхийн чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийн 14%-ийг хангах боломжтой

Э.ОД

Канад улс сүүлийн 25 жилийн хугацаанд уул уурхайн хөрөнгө оруулалтынхаа 11 хувийг чухал ашигт малтмалд зарцуулсан нь дэлхийн бусад орнуудаас хоцорч байгааг RBC-ийн шинэ тайланд дурджээ. 2000 оноос хойш Канадын уул уурхайн хувьцаа болон нэгдэл, худалдан авалтаас 512 тэрбум ам.доллар босгосноос 70 хувь нь алт, үнэт металлд зарцуулсан байна. Уг тайланг удирдсан Банкны эрчим хүчний бодлогын захирал Шаз Мерват “Энэ хугацаанд Австрали улс чухал ашигт малтмалд хоёр дахин их хөрөнгө оруулсан” гэжээ. 

Олон улсын эрчим хүчний агентлагийн (ОУЭА) таамаглалаар, дэлхийн чухал ашигт малтмалын салбар 2040 он гэхэд хоёроос гурван дахин өсөх бөгөөд 500-600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай болно. Энэ нь цахилгаан тээврийн хэрэгсэл, цэвэр эрчим хүчний дэд бүтэц, батлан хамгаалах, үйлдвэрлэл, электроникийн үйлдвэрлэлийн эрэлтээр зэс, кобальт, лити, никель, бал чулуу болон газрын ховор элементийн хэрэгцээ нэмэгдэж буйтай холбоотой гэж тайлбарлаж байна.  

Эдгээр ашигт малтмалын ихээхэн хэмжээний нөөцтэй орд Канад улсад байдаг ч тус улс дэлхийн чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийн 2 орчим хувийг хангадаг. Хэрэв төслүүд бүрэн хүчин чадлаар хэрэгжвэл дараагийн 15 жилд 14 хувь хүртэл өсөх боломжтой гэж RBC-ийн тайланд онцолжээ. 

Канад улсын төлөвлөсөн, санал болгож буй, хэрэгжихээр бэлтгэгдэж байгаа чухал ашигт малтмалын нийт 67 төсөл байна. Тус улсын томоохон төслүүдийн бүртгэлийн мэдээллээр, дээрх төслүүд нь 53 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах боломжтой аж. Гэсэн хэдий ч Канадад одоогоор идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Зэс хайлуулах ганц үйлдвэр байгаа нь Квебек мужийн Руин-Норанда дахь Glencore компанийнх юм байна.  Тус улсын зэсийн үйлдвэрлэгчид түүхий баяжмалыг, голчлон Хятад руу экспортолж байна. 

RBC-ийн тайланд тэмдэглэснээр, 2005-2012 онд Канадын 87 тэрбум ам.долларын үндсэн металл болон гангийн хувь, хөрөнгө гадаадын эзэмшилд шилжээ. Энэ нь дотоодын уул уурхайн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн тоог цөөрөхөд нөлөөлсөн гэж тайланд дүгнэсэн байна.  

Канадад ховор элементийн дахин боловсруулах үйлдвэрүүд бараг байхгүй, батарейны эд ангийн үйлдвэрлэлийн салбар хөгжлийн эхэн үедээ байгаа бол батлан хамгаалахын худалдан авалт АНУ-ынхаас бага аж.  Канад нь Чухал ашигт малтмалын 2 тэрбум ам.долларын Баялгийн сантай. Тэгвэл Canada Growth Fund нь  Квебек муж дахь бал чулууны Nouveau Monde төсөл, Манитоба мужид никелийн Thompson уурхай зэрэг төслүүдэд хамтран хөрөнгө оруулалт хийж эхэлсэн нь хувийн хөрөнгө оруулагчдыг холбооны Засгийн газраас дэмжиж байгааг илтгэж байна. 

Цаашдаа Квебекийн литийн бүс, Онтариогийн никелийн дүүрэг зэрэг бүс нутгуудад уул уурхай болон хамтарсан боловсруулах үйлдвэрүүдийг  хөгжүүлэхийг RBC-ийн тайланд санал болгожээ. Хэрэв эдгээр төслүүдийг бодитой хэрэгжүүлбэл Канад улс 2040 он гэхэд 6 төрлийн чухал ашигт малтмалын дэлхийн үйлдвэрлэлийн 14 хувийг бүрдүүлэх боломжтойг уг тайланд тэмдэглэсэн байна.