Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг УИХ-ын 71 гишүүн дэмжлээ

УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.10.17) хуралдаан 66 гишүүн бүртгүүлснээр 52.4 хувийн ирцтэйгээр эхлэв.  Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа танилцууллаа. УИХ-ын гишүүн П.Сайнзориг, нэр бүхий 54 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн (2025.10.07)   Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 13.6 хувь нь дэмжиж, Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээгүй болохыг санал, дүгнэлтэд дурдсан”-ыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. 

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсны дараа нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, О.Саранчулуун, Б.Уянга, Э.Болормаа, М.Мандхай, О.Батнайрамдал, Б.Тулга, Д.Ганмаа, Б.Тэмүүлэн, Г.Лувсанжамц, М.Энхцэцэг, Х.Баасанжаргал, Н.Алтаншагай, Ч.Лодойсамбуу, Б.Пүрэвдорж, Л.Мөнхбаясгалан, Р.Батболд, О.Цогтгэрэл нар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлсний дараа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалт болон Монгол Улсын Үндсэн хууль дахь холбогдох зохицуулалтын талаар нэг бүрчлэн уншиж, танилцуулсан юм. Ингээд холбогдох хуулийн дагуу ил санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжээгүй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон УИХ-ын 111 гишүүний 71 нь дэмжсэнгүй.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүдийн нийт олонх буюу 71 гишүүн дэмжсэн тул “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцлоо. Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тус тогтоолыг уншиж, эцсийн найруулгыг танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулахаар тогтоолд заажээ. Түүнчлэн шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Гомбожавын Занданшатарт даалгахаар тогтоолд тусгасан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс дагаж мөрдөхөөр заасан байна. Ийнхүү “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг танилцуулснаар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.