Алтны ханш 4379 ам.доллар хүрч дээд амжилтаа шинэчлэв

АНУ-ын Холбооны нөөцийн сан мөнгөний зөөлөн бодлого барьж, мөн АНУ, БНХАУ-ын харилцаа хурцадсантай холбоотой зах зээл дээр металлуудын ханш өсөж, тухайлбал алт, мөнгөний үнэ шинэ дээд амжилт тогтоогоод байна.

Баасан гаригт (2025.10.17) унц алтны ханш 4379 ам.доллар, мөнгө 53.37 ам.доллар/унц үнэд хүрч түүхэн өндөр үзүүлэлтээр тэмдэглэгдлээ. Зөвхөн энэ 7 хоногт алтны үнэ 6 хувиар өсжээ. Шар металлын ханш наймдугаар сараас хойш өсөлтөө хадгалж байна. 

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ энэ сарын сүүлээр дахин бууруулах төлөвтэйг Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл энэ долоо хоногт мэдэгдсэн. Түүнчлэн, Хятад-Америкийн худалдааны зөрчилдөөн дахин сэргэж байгаа нь алтны үнийн өсөлтийг дэмжиж байна. Геополитик болон худалдааны хурцадмал байдал, санхүүгийн болон өрийн түвшин нэмэгдэж буйгаас  шар металлын ханш энэ онд 60 гаруй хувиар өсөөд байгаа юм.