Гвиней улс Симандоу ордын орлогоос баялгийн сангаа байгуулна

С.БОЛД-ЭРДЭНЭ

Өнгөрсөн мягмар гаригт Гвиней улсын өмнөд хэсэгт орших Simandou төмрийн хүдрийн ордын олборлолт, экспорт албан ёсоор эхэлснээр баруун Африкийн уул уурхайн салбарт эргэлт гарч байна. 650 км орчим төмөр зам, далайн боомт гэсэн томоохон дэд бүтэц ашиглалтад орж, энэ сардаа багтаж 2 сая тонн төмрийн хүдэр экспортлохоор төлөвлөсөн байна. Энэхүү төсөл нь нийт 20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай бөгөөд бүрэн хүчин чадлаараа жилд 120 сая тонн төмрийн хүдэр экспортлох хүчин чадалтай байх юм. Ордын нийт батлагдсан нөөц 4.2 тэрбум тонн. 

Тус орд дээр анхны хайгуулын тусгай зөвшөөрлийг 1997 онд Rio Tinto компани авч, судалгаа хөгжүүлэлт хийж ирсэн байдаг. Гэсэн ч улс төрийн тогтворгүй байдал, дэд бүтцийн хангалтгүй нөхцөл гээд олон жилийн турш гацсан төсөл дээр БНХАУ-ын томоохон компаниуд оролцсоноор Гвинейн Засгийн газар болон хөрөнгө оруулагч Rio Tinto, Хятадын компаниуд хоорондын хамтын ажиллагаа ажилттай өрнөж байгаа юм. 

Ордын хүдрийн дундаж агуулга 65 хувьтай, асар том хүчин чадалтай байгаа зэрэг нь дэлхийн төмрийн хүдрийн нийлүүлэлт, үнэ ханшид шууд нөлөөлж, зах зээлд урт хугацааны өөрчлөлт гарах магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн төмрийн хүдрийн гол хэрэглэгч Хятад улс 2024 онд нийт 1.24 тэрбум тонн төмрийн хүдэр импортолсон байдаг. Симандоу бүрэн чадалдаа хүрэх үед Хятадын импортын 10 хувийг хангахуйц болж, Гвиней улс төмрийн хүдрийн экспортоор Австрали, Бразилийн дараа орох боломжтой болох юм. 

Дэлхий дээр хамгийн өндөр агуулгатай, ашиглагдаагүй байсан төмрийн хүдрийн орд гэгддэг энэ ордод Rio Tinto, Сингапурын Winning Consortium Simandou болон Хятадын томоохон компаниудын хамтарсан консорциум үйл ажиллагаа явуулна. Мөн Гвинейн Гвинейн Засгийн газар төслийн тодорхой хувийг эзэмшдэг. Симандоу ордыг 4 блокт хуваан хөгжүүлж байгаа. 1 болон 2-р блокийг Winning Consortium Simandou эзэмшиж, хариуцаж байгаа бөгөөд консорциумын 51 хувийг Сингапурын тээврийн Winning International Group-ийн тэргүүлсэн синдикат, 49 хувийг Хятадын гангийн аварга компани China Baowu-ийн охин компани болох Baowu Resources эзэмшдэг. Харин 3, 4-р блокийг SimFer компани олборлоно. Тус компанийн 53 хувийг Rio Tinto, үлдсэнийг нь Chalco, Baowu Resources, China Railway Construction, China Harbour Engineering зэрэг Хятадын томоохон компаниудын оролцоотой Chalco Iron Ore Holdings эзэмшдэг байна. Төсөл ашиглалтад орсноор бүх дэд бүтцийг хариуцах толгой компани байх бөгөөд уг компанийн 15 хувийг Гвинейн Засгийн газар эзэмших юм. 2022 онд Рио Тинто болон Winning Consortium Simandou хамтран ажиллах гэрээ байгуулж, төслийн дэд бүтцийг богино хугацаанд бүтээн байгуулаад байна. 

Симандоу ордын экспорт эхэлснээр Гвинейн эдийн засгийн бодлогод чухал нөлөө үзүүлнэ. Тус улсын Засгийн газар 2026 оны хоёрдугаар улиралд төрийн хөрөнгө оруулалтын санг байгуулахаар төлөвлөж,  эхний нэг тэрбум ам.долларын хөрөнгийг ордоос олох орлогоор бүрдүүлэхээр зорьж байна. Тус сангийн хөрөнгийг дэд бүтэц, боловсрол, газар тариалан зэрэг салбарт чиглүүлэхээр шийдвэрлэсэн нь уул уурхайн орлогын богино хугацааны хамаарлыг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой алхам гэж үнэлэгдэж байна.

Сонирхуулахад, өнгөрсөн есдүгээр сард болсон Rio Tinto-гийн бүтцийн өөрчлөлтөөр Симандоу ордын үйл ажиллагаа нь Төмрийн хүдрийн группт харьяалагдахаар болсон. Түүнээс өмнө уг төслийг хөгжүүлэх, Гвинейн Засгийн газар болон бусад талуудтай хамтран ажиллах үүргийг Rio Tinto-гийн Эрдсийн групп, Зэсийн группын захирал Б.Болд хариуцаж байсан юм.