Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр (2026.03.04) боллоо. Тус хуралдаанаар Гашуунсухайт боомт, улсын хилийн зурваст хууль зөрчиж олгосон 66 га газрыг төрийн мэдэлд буцаан авсан байна.
Гашуунсухайт боомтод олгосон 66 га газрыг “Смарт Эко Транс” ХХК 2022-2025 он хүртэлх хугацаанд гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүйгээр ашигласан. Засгийн газрын шийдвэрийг зөрчиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгч Засгийн газар солигдож байх хугацаанд буюу 2025 оны 06 дугаар сарын 13-нд шийдвэр гаргаж, газар ашиглах эрх олгосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүчингүй болгосон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын хилийн тухай хуулийг зөрчсөн тул “Газар ашиглах эрх олгох тухай” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн А/618 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.





















