"Оюутолгой"-н Гүйцэтгэх захирал Дейрдрэ Лингенфэлдер өөрийн хүсэлтээр ажлаа өгнө

С.Болд-Эрдэнэ

"Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер өөрийн хүсэлтээр Гүйцэтгэх захирлын ажлаа өгч байгаа аж. Тэрбээр энэ тухай өнөөдөр компанийн ТУЗ-ийн хуралдаа мэдэгдсэн бөгөөд 12 дугаар сарын 9-нд ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүний Гүйцэтгэх захирлын хугацаа ирэх оны 3 дугаар сард дуусгавар болох байсан юм.  Дараагийн Гүйцэтгэх захирал томилогдтол "Оюутолгой" компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон байна. 

Дэйрдрэ Лингенфэлдер 2022 оны гуравдугаар сард "Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон. Түүнээс өмнө "Рио Тинто" компанийн Зэсийн группийн Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчин болон орон нутгийн харилцаа хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. 

Түүнийг "Оюутолгой" компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш гүний уурхайн олборлолт эхэлснээс гадна шаардлагатай дэд бүтцийн бүтээн байгуулалтууд дуусаж, Оюутолгойн үйлдвэрлэл амжилттай өсөн нэмэгдсээр байгаа юм. 

"Оюутолгой" компанийн дараагийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт хэдийнэ эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг албан тушаалд 3 нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.